УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр (2017.05.16) 15 цаг 35 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, хуралдааны эхэнд байгаль орчны төлөв байдлын 2015-2016 оны тайланг сонслоо.
Байгаль, орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол энэхүү тайланд туссан зарим тоо, баримтыг онцлон иш татсан юм. Үүнд, уур амьсгалын өөрчлөлт, бэлчээрийн зохисгүй ашиглалт, уул уурхайн үйл ажиллагаа зэргээс үүдэлтэй газрын доройтол, цөлжилт эрчимтэй явагдаж нийт нутаг дэвсгэрийн 76,8% цөлжилтөд өртсөн. 2016 оны гадаргын усны нэгдсэн тооллогын дүнгээр 774 булаг, шанд, 263 гол горхи, 346 нуур хатаж ширгэсэн дүн гарсан байна гэлээ.
Түүнчлэн Улаанбаатар хотын агаар дахь хүхэрлэг хий жилийн дундаж хүлцэх агууламжаас 2015 онд 2,4 дахин, 2016 онд 3 дахин их гарсан. Орон нутгийн хэмжээнд авч үзвэл Баянхонгор, Даланзадгадад хүлцэх агууламжаас 1,6-1,8 дахин их байна. Мөн хот, суурин газрын хог хаягдлын хэмжээ өсч 2015 онд улсын хэмжээнд зөвшөөрөгдсөн 371 төвлөрсөн цэгт 2,3 сая тонн хог хаягдал тээвэрлэн хаясан. Нийт хог хаягдлын 90,9%-ийг ахуйн, 9,1%-ийг үйлдвэрлэлийн хог хаягдал эзэлсэн. Түүнчлэн дахин боловсруулах боломжтой хог хаягдлын дөнгөж 0,31%-ийг дахин боловсруулсан гэлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, тодруулга авсан юм. Тухайлахад, УИХ-ын гишүүн Я.Содбаатар усны менежментийн талаар ямар бодлого, чиглэл барьж буй талаар тодруулав. Гишүүний асуултад Байгаль, орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол хариулт өглөө. Тэрээр, Монгол Улсын усны нөөцийн ердөө 1.9 хувийг л газрын доорх ус эзэлдэг. Гэтэл Говийн бүсэд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд 100 хувь, зүүн, баруун бүсэд 95 хувь, төвийн бүсэд 60 хувь нь газрын доорх ус ашиглаж байна.
Бид гадаргын усыг ашиглаж чаддаггүй, харин газрын доорх усыг л хэрэглэдэг. Гадаргын усыг ашиглах талаар хэд хэдэн ажил хийгдэж байгаагийн дотор “Хэрлэн-Говь” төсөл байна. Мөн Мянганы сорилтын сангийн төслөөр 300 гаруй мянган ам.долларын төсөл яригдаж байгаа. Түүнчлэн ус бохирдуулсан төлбөрийг нэмэгдүүлэх тухай, мөн “саарал” усыг ашиглаж байгаа аж ахуйн нэгжийг албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг боловсруулж байгаа талаар дуулгаж, удахгүй Засгийн газрын хуралдаанаар оруулан УИХ-д өргөн барих болно гэлээ.
Гишүүд үг хэлж, санал хэлсний дараа Байнгын хорооны дарга Ц.Гарамжав Байгаль орчны төлөв байдлын тайлан хэлэлцсэнтэй холбогдуулан Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолын төслийг танилцуулав. Уг тогтоолд, Байгаль орчны төлөв байдлын урт хугацааны өөрчлөлтийн байдалд дүн шинжилгээ хийж үндэсний хэмжээний хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулахад үндэслэл болгох асуудлаар салбар дундын уялдааг хангаж ажиллах; Хүрээлэн буй орчны бохирдол, доройтлыг бууруулах, цөлжилттэй тэмцэх, ой тарьж ургуулах, биологийн төрөл зүйлийг хамгаалах, усны нөөцийг арвижуулах, сэргээх ажлын хэмжээг нэмэгдүүлэхэд шаардлагатай зардлыг жил бүрийн улсын төсөвт тусгаж байх арга хэмжээг авах зэрэг чиглэлүүд багтсан байна.
Ингээд тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Батзориг санал хэлж, уг тогтоолын төсөл олонхийн саналаар дэмжигдэв.
Дараа нь ажлын хэсэг байгуулах тухай асуудыг хэлэлцэв. Баяжуулсан хүнсний тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны холбогдох шатны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Х.Баделханыг томилохыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, өнөөдрийн хуралдаан өндөрлөсөн юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.