Д.Оюунхорол: Иргэд тарьсан модоо ургуулахад анхаардаг болсон
Маргааш бүх нийтээрээ мод тарих өдөр тохионо. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролтой энэ хүрээнд ярилцлаа.
-Бүх нийтээрээ мод тарих аяныг өрнүүлээд 7 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Энэхүү аяныг өрнүүлснээр өнгөрсөн хугацаанд ямар өөрчлөлт гарав. Энэ талаар ярилцлагаа эхэлье гэж бодож байна?
- Бүх нийтээр мод тарих хөдөлгөөнийг орон даяар өрнүүлж эхэлснээс хойш 15 дахь удаагаа мод тарих гэж байна. Энэхүү хөдөлгөөнийг өрнүүлж эхлэхээс өмнөх болон дараах иргэдийн хандлагад онцгой өөрчлөлт гарсан. Эхний жилүүдэд иргэдэд мод тарихын чухлыг уриалж ухуулга сурталчилгаа хийсэн байдаг.
Ойн тухай хуульд иргэн бүр мод тарих тухай заалт байдаг талаар жирийн иргэн бүү хэл, мэргэжлийн хүмүүс ч сайн мэддэггүй байсан. Харин өнөөдөр иргэд маань тарьсан модныхоо төлөө санаа зовдог, мод нь хэрхэн ургаж байгаа тухай мэдээллийг хүсдэг болжээ. Иргэдийн сэтгэхүй, хандлагад ийнхүү өөрчлөлт орсон нь бидний ажлын үр дүнгийн эхлэл төдийгүй бидэнд дараагийн алхмуудыг хийх, тухайлбал холбогдох хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах, шинээр эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлага үүсч байгааг сануулж байгаа юм.
Хэдийгээр мод тарих үндэсний өдөр хэмээн нэрлэдэг ч бид хавар, намартаа бүтэн сарын турш тодорхой ажлуудыг зохион байгуулдаг.
-Тухайлбал?
-Тухайлбал, иргэддээ зориулан стандартын тарьц, суулгацын үзэсгэлэн худалдаа гаргах, мод тарих сонирхолтой иргэдэд сургалт зохион байгуулах, тухайн ажлыг орон нутагт гардан хийх төр захиргааны байгууллагын мэргэжилтнүүддээ мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна.
Үр дүнд нь зарим аймагт бүх нийтээр мод тарих ажлынхаа хүрээнд бичил цэцэрлэг, цэцэрлэгт хүрээлэн байгуулсан. Бүх нийтээр мод тарих ажлыг зөвхөн суурин газарт зохион байгуулдаг гэдэг ойлголт өргөжин орон нутагт ойжуулах, ойг нөхөн сэргээх ажилд чиглүүлж, ялангуяа говийн болон хээрийн бүсийн аймгуудад тодорхой үр дүнд хүрч байгаа. Орон нутагт аймаг, сумын ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөтэйгөө уялдуулан тодорхой байршилд мод тарих ажлыг зохион байгуулж эхэлсэн. Харин нийслэл хотын хувьд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарьж байгаа ч талбайн болон ажлын ачааллын хувьд хязгаарлагдмал юм. Тиймээс өнөөдрийн нөхцөлд томоохон суурьшлын бүсийн хувьд сургууль, цэцэрлэг, эмнэлгийн хашаанд мод тарих нь экологийн ач холбогдолтой юм.
-Та өмнө нь “Тарьсан модоо ургуулахад анхаарал хандуулах үүднээс шинээр тарьж буй мод бүрийг бүртгэлжүүлэх ажлыг эхлүүлнэ” гэж байсан. Энэ ажил ямар шатанд байгаа вэ?
-Тарьсан модоо ургуулахад олон хүчин зүйлс нөлөөлнө.
Нэгдүгээрт, тодорхой төвлөрсөн байршилд зураг төслийн дагуу тарьсан модны экологи, эдийн засгийн ач холбогдол өндөр байхаас гадна иргэд өөрийн тарьсан модоо тогтмол арчлах, хамгаалах, мэдээллийг авах боломж бүрдэнэ.
Хоёрдугаарт, тарих модны суулгац нь стандартын шаардлага хангасан байх ёстой.
Гуравдугаарт, мод тарих, ургуулах талаар иргэд мэдлэг, мэдээлэлтэй байх.
Дөрөвдүгээрт тарьсан моддыг бүртгэлжүүлэх явдал юм.
Бид ойжуулалт, ойн нөхөн сэргээлтийн мэдээллийн санд тарьсан мод бүрийн мэдээллийг оруулах ажлыг эхлүүлсэн. Энэ мэдээллийн санг бүрэн ашиглаж эхэлснээр шинээр тарьсан моддыг коджуулж, мод тарьсан иргэн өөрийн модны мэдээллийг гар утсаараа дамжуулан авах боломжтой болох юм. Модлог ургамлын цуглуулгын цэцэрлэгт энэ ажлыг туршиж байгаа.
-Тарьц, суулгац импортлохыг хориглосон заалтыг Ойн тухай хуульд оруулж өгсөний үр дүн хэр гарч байна гэж та үзэж байгаа вэ?
-Бид аж ахуйн нэгжүүдээ хөл дээр нь босгохыг зорьж байна. Хүчирхэг, хөрөнгөтэй бизнестэй аж ахуйн нэгжүүд бий болоосой гэж хүсч байна. Мэдээж, санаснаар тийм хурдан болохгүй ч нэг үеэ бодвол аж ахуйн нэгжийн тарьц, суулгац хөрөнгө оруулалт авчирдаг шатандаа ороод байна. Нөгөө талаас бид эх орны хөрсөнд тарьсан модыг тарьж ургуулан, амьдруулж авч явах ёстой. Зөвхөн судалгаа, шинжилгээний зорилгоор тодорхой тооны тарьц, суулгацыг импортлох хуулийн заалт байгаа ч бизнесийн зорилгоор их хэмжээгээр импортлох явдалд гаалийн болон мэргэжлийн хяналтын газар онцгой анхаарах шаардлагатай байна. Импортын тарьц суулгацнаас ургамал хорио цээрийн дэглэм алдагдаж улмаар суурьшлын бүсийн болон байгалийн ургамалд муугаар нөлөөлнө гэдгийг анхаарч ажиллах цаг болсон. Салбарын сайдын хувьд энэ асуудалд хяналт тавьж ажиллахыг дээрх хоёр байгууллагад даалгасан. Хэрэв үүнтэй холбоотой зөрчил илэрсэн тохиолдолд холбогдох хууль журмын дагуу хариуцлага тооцон ажиллах болно.
-Ойн сангаа өргөжүүлж, тэлэх үүднээс 2014 онд Засгийн газраас улсын хэмжээнд ойн тооллого явуулсан. Бид хэдий хэмжээний ой модтой, түүнийхээ хэдэн хувийг нь хамгаалалтад авч чадсан байдаг юм бэ?
-Тайгын бүсийн ойн модыг ширхэглэж тооцвол тэрбум хэдэн зуун сая гэдэг тоо гарч байгаа. Бид заган ойн тооллогыг хийхээр ажиллаж байна. Ойн сан хорогдсон шалтгаан бага ч доройтлын шалтгаан нь өндөр гарсан. Ойн санг доройтуулж байгаа гол хүчин зүйл нь мал бэлчээрлэлтийн асуудал болж хувираад байгаа. Өөрөө өөрийгөө нөхөн сэргээх өндөр чадвартай ойн эргэн тойронд нь малаа бэлчээснээс болж нөхөн сэргэж чадахгүй хэмжээнд хүртлээ доройтчихоод байна. Мөн иргэдийн санамсар болгоомжгүйгээс түймэр гарч, хил дамнаж ч орж ирж байна. Уур амьсгалын өөрчлөлтөөс болж хуурайшилт ихэсч, цөлжилт нэмэгдсэн. Тодруулбал, Монгол Улсын нутаг дэвсгэрийн 78.8 хувь нь цөлжилтөд нэрвэгдсэн. Үүний эсрэг хийж хэрэгжүүлэх ажил бол мод тарих. Энэ ажлыг хийж чадах юм бол байгалийн сөрөг үзэгдлийн эсрэг зогсож чадна. Бидний гараар хийж чадах, бүтээн байгуулж чадах хамгийн том ажил бол мод тарих. Тарьсан мод болгоноо ургуулж чадах юм бол ирээдүй хойч үедээ ногоон дэлхийг өвлүүлж үлдээж чадна.
- Ярилцсанд баярлалаа.