Ялтын хөшөө
2017.05.10

Крымийн Ялтад болсон уулзалтын хөшөө сүндэрлэлээ

Ялалтын баярын өдөр. Аугаа Эх орны дайны Ялалтын 72 жилийн ойг тохиолдуулан бүтээсэн Монголын ард түмний бэлгийн “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөний нээлтийн ёслолын арга хэмжээ Москва хотын Хүндэтгэлийн дэнж дэх Ялалтын цэцэрлэгт хүрээлэнд хоёр өдрийн өмнө болсон.

Тэгвэл уг дайнд чухал үүрэг, хариуцлагатайгаар оролцсон их гүрний нэрт удирдагчид болох И.В.Сталин, Ф.Д.Рузвельт, У. Черчилль нарын түүхэн уулзалтыг илэрхийлсэн гэрэлт хөшөөг УИХ-ын гишүүн Н.Учралын санаачлагаар Их засаг олон улсын их сургуулийн хоёрдугаар цогцолборын өмнө өнөөдөр сүндэрлүүллээ.

Дэлхийн II дайны шийдвэрлэх үе буюу 1945 оны хоёрдугаар сарын 4-өөс 11-ны өдөр АНУ, ОХУ, Их Британийн удирдагч болох И. В. Сталин, Ф.Д. Рузвельт, У.Черчилль нар Гитлерийн эсрэг нэгдэж Яалтад уулзсан. Уг түүхэн бага хурлын дурсгалд зориулсан гэрэлт хөшөөг өнөөдөр босгосон нь энэ юм.

Уг хөшөөний нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн Н.Учрал, Ц.Цогзолмаа, Г.Мөнхцэцэг, Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, БСШУЯ-ны дэд сайд Ё.Отгонбаяр, Гадаад харилцааны яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн,  Нийслэлийн засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, Генерал Ш.Арвай, Иргэний нисэхийн ерөнхий газрын дэд дарга Т.Батжаргал, СХД-ийн Засаг дарга Ж.Сандагсүрэн болон ОХУ-ын Элчин сайдын яамны төлөөлөл, ахмад дайчид оролцлоо.