Холбогч гүүр
УИХ-ын гишүүн О.Содбилэг
2017.05.04

Холбогч гүүр

Хагас жарны босгийг дөнгөж алхсан, залуу хүү Отгонбилэгийн Содбилэг хоёр дахиа УИХ- ын гишүүн болсон нь нигууртай сайн хүү болохыг илтгэнэ. Бүр хүчтэй, арга туршлага өндөр улс төрчдийг ялж олны итгэлийг хүлээсэн. Итгэл даадаг гэдгийг хоёр дахь сонгуулийн үр дүн баталгаажуулсан.

Бид “ Сайн хүний үр, Сүүт гүүний унага эсвэл сайн хүний нэрийг гурав худалдаж авдаг” гээд өөр хоорондоо бишгүй нэг ам бурах. Яагаад энэ ишлэлийг авахад хүрэв гэвэл О.Содбилэгийн тухай яриа үүсэхэд иргэд хоёр талтай ханддаг юм. Өөрөөр хэлбэл, сайнаар яривал аавтай нь, муугаар яривал бас аавтай нь холбодог. Хүн хоёр талтай байдгийн жишээ энэ л дээ. Уг нь О.Содбилэг бие даасан бодгаль хүн шүү дээ.

Залуу хүнд байж болох “бүх” үлгэр дуурайлал түүнд бий. Үүнийг сайнаар ч муугаар ч хэлж болно. Эхлээд мууг нь хэлье. Тэрбээр УИХ-ын нэгдсэн чуулган болон Байнгын хорооны хуралд суудаг уу гэхэд бараг үгүй, сүүл мушгина. Үг хэлж, санал бодлоо илэрхийлдэг үү гэвэл цөөн хэдэн үг амнаас нь унасныг эс тооцвол бараг үгүй, бас сүүл мушгина. Харин үеийн залуучууд дотроо бол түүнээс авах юм олон. Ахмадыг дээдэлнэ, нялхсыг хүндэтгэнэ,эхнэрээ хайрлана.

Дэгжин, цэмцгэр харагдана. Зөрөөд өнгөрөхөд тоомжиргүй мэт ч үгийн солионд эгцэлж хараад ярилцана.

Хүн нэг зоосны хоёр тал шиг аж. Тэрбээр УИХ-ын гишүүнд хариуцлага тооцох, эргүүлэн татах тухай хуулийн төслийг дэмжихгүй хэмээн илэрхийлж.Үүнийг нь сонссон зарим хүн эсэргүүцэл, дургүйцлээ илэрхийлж “Наад нөхөр чинь өөрөө хамгийн түрүүнд эргүүлэн татагдах хүмүүсийн нэг болохоор энэ хуулийг эсэргүүцэж байгаа юм” хэмээн баалжээ. Үгүй яахав, байж болох зэмлэл. Энэ зэргийн үгийг дааж чаддаг нь улс төрд хөл тавьдаг бичигдээгүй хууль бий. Тэрбээр энэ замыг сонгосон.

Түүний туулсан замнал нь “НИК” ХК-ийн тэргүүн дэд захирлаас УИХ-ын гишүүн болсон зиндаа. Зиндаа өндөрсөх тутам тэрбээр “Олон улсын бизнес форум”, “уул уурхайг дэмжих лобби бүлэг”, “залуучуудын хөгжлийг дэмжих хуулийн төсөл”, “Хангайн бүсийн намын ажилтны улсын зөвлөгөөн” зэрэг олон ажилд гар бие оролцох болсон холбогч гүүр.