Н.Отгонбаяр:
Үндэсний үзэл санаа, цаг үеэ мэдэрсэн эрч хүчтэй улстөрч хоёр бол хөгжлийн гарц гэж ойлгодог
Vip76.mn сайтын редакциас сонгогчдын боловсролд зориулж "Монгол төрийн түшээ гэж ямар хүн байх ёстой вэ?" сэдвээр онлайн хэлэлцүүлэг өрнүүлж байсан билээ.
Улс төр судлаач, улс төрийн зүтгэлтнүүд, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлгийнхээ үргэлжлэл болгож цуврал ярилцлагуудаа хүргэж байна.
Энэ удаад "Ардчиллах үйл явц" сэдвээр бакалавр, магистрын зэргээ хамгаалсан одоо "Төрийн захиргааны байгууллагын хүний нөөцийн томилгоо, улс төрийн нөлөөллийн шинжилгээ" сэдвээр докторын зэрэг горилж буй улс төр судлаач Н.Отгонбаяртай ярилцсанаа хүргэж байна.
Фрэнсис Фукуяама “Түүхийн төгсгөл ба сүүлчийн хүн” бүтээлдээ “Либерал ардчилал бол хүн төрөлхтний үзэл суртлын төгсгөл, засаглалын эцсийн хэлбэр” гэжээ. Та үүнтэй хэр санал нийлэх вэ? Ардчилал гэж таныхаар?
Хүн төрөлхтний түүхэнд төрт ёс үүсээд нэгэнтээ зургаан мянган жил болсон байх юм. Энэ бүх хугацаанд зүсэн бүрийн дарангуйлагчид ганц үгээр ард түмнийг мунхруулж төрийн эрх мэдлийг булаан авч байсан. Энэ бол ардчилал. Ардчилал хүн төрөлхтний үзэл суртлын төгсгөл мөн гэдэгт хувьдаа итгэдэг.
Гэхдээ тэр нь заавал либерал ардчилал юм уу, эсвэл засаглалын сүүлчийн хэлбэр байх албагүй. Би Ф.Фукуяамаг эрдэмтэн гэхээсээ илүүтэйгээр Америк дахь дэглэмийн томоохон үзэл сурталч гэж боддог. Миний бодлоор ардчилал олон түмнийг төөрөгдүүлэх нарийн арга технологид суурилсан боловсон улс төрийн дарангуйлал.
Монгол Улс дахь ардчиллах үйл явцыг бусад улстай харьцуулахад тайван, хүний цус асгараагүй гэж зарим судлаач үзэх нь бий. Энэ шилжилт зүй ёсных байв уу? Та энэ сэдвээр судалсны хувьд таны судалгааны үр дүн?
Тухайн цагт өрнөж байсан үйл явцыг дэлхий дахины хүрээнд авч үзвэл социалист тогтолцоо улс төр, эдийн засаг, оюун санааны боломж бололцоогоо бүрэн шавхчихсан байсан. Нэгэнт боломж, бололцоо үгүй болсон бол энэ дэглэм оршин тогтнох утга учиргүй гэсэн үг. Нийгмийн өөрчлөлтийг улс орнууд харилцан адилгүй хийсэн.
Монгол Улсын тухайд цус урсгалгүй шинэчлэгдэж чадсан нь үнэхээр гайхамшигтай зүйл. Би хувьдаа Монгол Улс дахь 1990 оны өөрчлөлтийг нийгэм, улс төр, эдийн засаг, оюун санааны хүрээнд асар том дэвшил авчирсан үзэгдэл гэж боддог.
Социалист дэглэм унаж, ардчилсан тогтолцоонд шилжсэнээр хүний эрх, эрх чөлөө, тэр дундаа эвлэлдэн нэгдэх, үзэл бодлоо илэрхийлэх, өмч хөрөнгөтэй байх эрх бүрэн баталгаажсан нь гол ололт болов уу.
Зарим хүн энэ нэг үе өнгөрч байж улс төр шинэчлэгдэнэ. Залуу үе хүрч түрж орж ирэх ёстой гэдэг. Ардчилсан үзлээр хүмүүжсэн хүүхэд, залуус улс төр, нийгэм, эдийн засгийн бодлого, өнгө төрхийг тодорхойлж болно. Энэ залуус хэр бэлтгэгдэж байна? Тэдэнд найдаж болох уу?
Социализмын үед улс төр сайхан байсан, одоо их муухай болсон, шинэчлэгдэх шаардлагатай гэж ярих нь бий. Улс төр бол хүний төрөлх мөс чанарт суурилсан обьектив үйл явц. Харин засаг төрийн эрх баригчид шинэчлэгдэх, шинэ үеэр солигдох тухай ярьж болно.
Эрх баригчид тодорхой давтамжтайгаар шинэчлэгдсэнээр нийгэмд эрүүл саруул сэтгэлгээ төлөвших, нийгэм урагш хөгжих нөхцөл бүрддэг. Хэрэв хэрэгцээ шаардлага гарвал ямар ч нийгэмд эрх баригчдыг орлох шинэ хүчин байж л байдаг.
Үнэндээ үйл явц болохын хувьд улс төр шинэчлэгдэнэ гэж байдаггүй.
Үндсэн хуульд тунхагласан “Хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм” цогцлооход юу саад болж байна вэ? Ардчилсан хувьсгал ялснаар улстөрчид ёс зүйгүй, хариуцлагагүй, улс орны эрх ашгаа бодохоо больсон гэвэл та үүнтэй санал нийлэх үү?
Улстөрчид ёс суртахуунгүй, хариуцлагагүй, улс орны эрх ашгаа бодохоо больсон гэх шүүмжийг ардчилал юм уу, ардчилсан хувьсгалтай холбон үзэх нь учир дутагдалтай. Ганц Монгол гэлтгүй дэлхийн бүх улс оронд, бүх цаг үеийн туршид улс төр ийм л байсан, байсаар ч байна.
Улс төрийн үйл явцад рационал утга шингээдэг цорын ганц зүйл нь үндэсний цэгцтэй үзэл санаа. Хувь улс төрчид юм уу, намуудыг буруутгах хэрэггүй. Бидний хамгийн том алдаа нь нийгмийн хөгжлийг урагшлуулах цэгцтэй үзэл санаа боловсруулж чадаагүй. Хөгжилд ямар замаар, яаж хүрэхээ тодорхойлоогүй байна гэдэг хамгийн аюултай.
Улстөрчдийг ёс зүйтэй, хариуцлагатай болгохын тулд яах ёстой гэж бодож байна вэ? Таны олж харсан гарц?
Улс төр гэдэг үйл ажиллагааны төрөл болохын хувьд өөрт байгаа нөөцийг үр дүнтэй ашиглах замаар боломжийг бүтээх урлаг юм. Улс төрчид бодлого боловсруулж, төрийн мэргэшсэн албан хаагчид түүнийг нь хэрэгжүүлдэг. Дэлхий дахинаа ийм байна. Манайд ч бас ялгаагүй. Би бол улс төрийн үзэгдэл, үйл явцыг хөндлөнгөөс судалдаг хүн. Тиймээс судлаачийн байр сууринаас л хандана.
Миний хувьд бид хөгжье, урагшлая гэж бодож байгаа бол Монгол Улсын хөгжлийн ерөнхий хандлагыг зурагласан цэгцтэй үндэсний үзэл санаа боловсруулах хэрэгтэй гэж боддог.
Хэрэв энэ үзэл санаанаас ангид бодлого боловсруулж, хэрэгжүүлэхийг зорьж буй нам, улстөрч байгаа бол тэдгээртэй хариуцлага тооцож болно.
Одоогийн нөхцөлд ёс суртахуунтай, хариуцлагатай байхын зэрэгцээ ард иргэдэд ээлтэй бодлого боловсруулахыг улс төрчдөөс шаардана гэдэг утгагүй юм.
Цэгцтэй үндэсний үзэл санаа төлөвшөөгүй өнөөгийн нөхцөлд ард иргэдэд ээлтэй бодлого боловсруулна гэдэг ердөө сонгуулийн үед мөнгө, түлээ, хоол хүнс тараах юм уу, амлалт өгөх төдийгөөр ойлгогдож байна.
Монгол Улсад төрийн албаны мерит тогтолцоог нэвтрүүлнэ гэдэг. Төрийн албаны тухай хуульд ч энэ тухай заасан байдаг. Гэвч энэ зарчим яг эсрэгээрээ, эвдрэн нурах тогтолцоо руу хэлбийсэн гэж зарим судлаач үзэж байна. Та юу гэж бодож байна?
Миний судалгаа бүрэн дуусаагүй байгаа учир таны асуултад нэг мөр хариулт өгөхөд хүндрэлтэй байна. Гэхдээ тантай санал нэг байна. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Төрийн албаны тухай хуульд мерит зарчмыг бүрэн тусгаж өгсөн.
Харамсалтай нь санаатай болон санамсаргүй байдлаар хуулийн заалтыг мөрдөхгүй байгаад асуудлын гол нь оршиж байна. Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй “Төрийн албаны тухай хууль” үзэл баримтлалын хувьд тийм ч муу хуульд орохгүй болов уу.
Нэмж хэлэхэд, Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн бариад байна. Сайн хууль батлагдлаа гэж бодоход сахин мөрдөхгүй бол ямар ч ялгаа байхгүй.
Төрийн захиргааны байгууллагын албан тушаалтнуудыг улс төрийн томилгоогоор томилдогийг яаж болиулах вэ? Улс төрийн томилгооны хор уршгийг та гэж тодорхойлох вэ?
Төрийн байгууллагын хүний нөөцийн томилгоон дахь улс төрийн нөлөөлөл гэдэг нь улс төрчид, нам бүлэглэл, УИХ, Засгийн газрын зүгээс төрийн зохих шатны байгууллагын томилгоонд тодорхой арга хэрэгслийн тусламжтайгаар шахалт үзүүлж, өөрт ашигтайгаар өөрчлөх боломжийг хэлдэг.
Миний судалгааны ажлын үндсэн зорилго нь Монгол Улс дахь нутгийн захиргааны байгууллагын хүний нөөцийн томилгоо, улс төрийн нөлөөллийн хооронд хэр хамаарал байгааг тогтоох юм. Таны асуултад хариулт өгөхийн тулд эхлээд төрийн захиргааны албан хаагч гэж хэнийг хэлэх, ямар учраас улс төрийн нөлөөллөөс ангид байлгах шаардлагатайг тодорхойлох хэрэгтэй болно.
Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Төрийн албаны тухай хуулиар төрийн бодлого боловсруулахад мэргэшлийн зөвлөгөө өгөх, бодлого хэрэгжүүлэх үйл ажиллагааг төрийн захиргааны удирдлагаар хангах үүрэг бүхий бүх албан тушаалтныг захиргааны албан хаагч гэж тодорхойлсон байгаа. Ингэхлээр, төрийн хууль тогтоомж, бодлого шийдвэрийн хэрэгжилтийг хангах нь захиргааны албан хаагчийн үндсэн үүрэг болж байна.
Төрийн захиргааны байгууллагын хүний нөөцийн томилгоонд улс төрийн нөлөөлөл бий болсноор хууль тогтоомж, бодлого шийдвэрийн хэрэгжилтийг хангах үндсэн үүрэг алдагдаж эхэлдэг.
Үүнээс үүдэн улс орны нийгэм-эдийн засгийн амьдралд таагүй нөхцөл үүсч, улмаар иргэдийн амьдралын чанар дордох аюултай. Нөгөөтэйгүүр, төрд итгэх олон түмний итгэл ч сулардаг.
2008 оны 5 дугаар сард Ерөнхийлөгчийн санаачилгаар захиргааны албыг улс төрийн нөлөөллөөс ангид байлгахад чиглэгдсэн томоохон нэмэлт, өөрчлөлтүүд Төрийн албаны тухай хуульд орсон. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл хуулийн хэрэгжилт сул байна.
Миний үзэж буйгаар цаашид захиргааны байгууллагын хүний нөөцийн томилгоон дахь улс төрийн нөлөөллийг багасгахад нэгдүгээрт, төрийн албан хаагчдад үзүүлж буй элдэв хангамж, хөнгөлөлтийг багасгах, чадвал бүр үгүй болгох, хоёрдугаарт, Төрийн албаны тухай хуульд хариуцлагын хатуу заалтууд тусгаж өгөх.
Нэг талаас, төрийн албан хаагчдад үзүүлэх элдэв хангамж, хөнгөлөлт ихсэх тусам төрийн албанд шургалах гэсэн хиймэл хөөсрөл олон түмний дунд бий болж, тэр хэрээрээ төрийн албаны хүний нөөцийн томилгоонд элдэв дарамт шахалт ирэх нөхцлийг үүсгэж байна. Нөгөө талаас хууль зөрчсөн этгээдэд үзүүлэх хариуцлагын механизм сул учраас хууль хэрэгжихгүй байна.
Ер нь улс орны хөгжилд улс төрчдийн гүйцэтгэх нөлөө, оролцоо хэр байдаг бол? Ёс зүйтэй, хариуцлагатай, шударга улстөрчид төрд гарснаар гарах ахиц?
Мэдээж хэрэг улс орны хөгжилд улс төрчдийн гүйцэтгэх үүрэг өндөр байх нь ойлгомжтой. Гэхдээ нэг юмыг байх ёстой хэмжээнээс нь хэтрүүлэн үнэлвэл таатай зүйл болохгүй. Хөгжсөн болон хөгжиж буй олон орны туршлага үүнийг гэрчилнэ. Өөрөөр хэлбэл, улс орны хөгжилд үзүүлэх улс төрчдийн үүрэг, нөлөөг хэтрүүлэн үнэлж болдоггүй.