Хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулна
2017.01.02

Хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулна

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод өнөөдөр /2016.12.28/ Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга төслийг өргөн мэдүүлэв.

Хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, булшлах үйл ажиллагаанд технологийн шинэчлэл хийх, аюултай хог хаягдлыг  олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аргаар устгах, барилгын хог хаягдлын төвлөрсөн цэг байгуулах, хог хаягдлыг ангилан ялгах, дахин боловсруулах, дахин ашиглах, сэргээн ашиглах үйлвэрлэлийг дэмжих, урамшуулах  замаар хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулж  байгалийн нөөц, баялгийг хэмнэх эрх зүйн орчинг бий болгох зорилгоор Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ.

Дээрх үндэслэл, шаардлагын дагуу 2012 онд батлагдсан “Хог хаягдлын тухай” хуульд тусгагдаагүй, нарийвчилж зохицуулах шаардлагатай зарчмын зарим өөрчлөлтийг оруулах энэ хуулийг Улсын Их Хурал 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар баталсан. Уг  хуулийн эцсийн найруулгыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 53 дугаар зүйлд заасны дагуу Улсын Их Хуралд танилцуулж, ёсчлох, “Төрийн мэдээлэл” эмхтгэлд хэвлэн нийтлэх ажиллагаанууд хийгдээгүйн улмаас буцсан тул дахин батлуулахаар өргөн мэдүүлж байгаа юм байна.