Сонгинохайрхан дүүрэг МҮХАҮТ хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
Дүүргийн брэнд бүтээгдэхүүнийг бий болгоно.
Сонгинохайрхан дүүргийн засаг дарга Ж.Сандагсүрэн:
Өнөөдрийн хамтын ажиллагааны гол зорилго нь жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид тэр дундаа өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийн бизнесийг өргөжүүлэх, бараа бүтээгдэхүүний борлуулалтаа сайжруулах, сав баглаа боодол, бүтээгдэхүүний нэр төрлөө сайжруулахад нь зөв сувгийг нь олж өгөх явдал. Мөн танхимаас үзүүлж байгаа 64 нэр төрлийн үйлчилгээг дүүргийн бизнес эрхлэгчдэд хүргэн тэдгээрт хэрэгцээтэй бизнесийн сургалтуудыг авч, гадаад дотоодын уулзалт, үзэсгэлэн форумд оролцуулан хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн ажиллана.
Дүүргийн брэнд бүтээгдэхүүн гаргах боломжтой хэд хэдэн компаниудын үйл ажиллагааг дэмжин хөгжүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангах, бизнес эрхлэгчдийн зөвлөгөөн, уулзалт, бизнесийн салбарт ажиллагсдыг шагнаж урамшуулах зэрэгт танхимтай хамтран ажиллана.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжин ажиллана.
МҮХАҮТ-ын дарга М.Оюунчимэг:
МҮХАҮТанхим Баянхонгор, Увс аймгуудын засаг дарга нартай жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, тэдгээрийн бизнесийг өргөжүүлэх, танхимын үйлчилгээг хүргэж ажиллах чиглэлээр хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан. Өнөөдөр Сонгинохайрхан дүүрэгтэй дүүргийн бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлээр ажиллахаас гадна, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангах, том компаниудад зуучилж өгөх, тэдний үйлдвэрлэсэн бараа бүтгээдэхүүнийг олон нийтэд таниулан сурталчилах, үзэсгэлэн худалдаанд оролцуулах чиглэлээр хамтран ажиллах гэж байна. Мөн дүүргийн бизнес эрхлэгчдийг олон улсын төсөл хөтөлбөрт хамруулах, тус байгууллагуудтай холбож өгөх, бизнесээ өргөжүүлэн томруулахад гүүр нь болж ажиллана.