НИТХ-ын дарга Ц.Сандуй Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит IX хуралдааныг нээж үг хэллээ
Хурлын эрхэм Төлөөлөгчид өө!
Нийслэлийн Засаг дарга аа!
Нийслэлийн иргэд, сонгогчид оо!
Та бүхэнд хаврын адаг сарын шинийн нэгний Дашнямтай өдрийн мэнд хүргэе.
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит IX хуралдаан болж байгаа энэ өдөр хэд хэдэн түүхэн үйл явдал давхцаж байна.
Өнөөдөр Нийслэлийн МАН-ын хороо байгуулагдсан түүхт өдөр. 1925 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Богдын сангаас нэг гэр, хоёр авдар тасалж өгснөөр анх үүсч байгуулагдсан Нийслэлийн МАН-ын байгууллага 92 нас хүрч байна. Хорьдугаар зууны эхэн үеийн эсгий хотоос хорин нэгдүгээр зууны дэлхийд данстай, сая давсан хүн амтай хот болтлоо өргөжин тэлсэн Улаанбаатар хотын хөгжлийн түүхтэй Нийслэлийн МАН-ын хорооны үе үеийн гишүүд, дэмжигчдийн хөдөлмөр зүтгэл үргэлж хамт байсан.
Улсын нийслэл, Улаанбаатар хотоо өдий чинээнд хүргэхийн төлөө хүч хөдөлмөрөө зориулж, уйгагүй зүтгэсэн үе үеийн нам, төрийн ахмад зүтгэлтнүүд, өнөөдөр мөр зэрэгцэн ажиллаж байгаа Нийслэл, дүүргийн төр, захиргааны байгууллагын хамт олон болон нийслэлийн нийт оршин суугчид Та бүхэндээ ойн баярын мэнд хүргэе.
Мөн өнөөдөр “Нийслэлийн хөрс хамгаалах өдөр”. НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанаас жил бүрийн 4 дүгээр сарын 27-ны өдрийг “Нийслэлийн хөрс хамгаалах өдөр” болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн.
Иргэдээс гарсан зөв зүйтэй санал бүхнийг ажил хэрэг болгох, төрийн ажил, үйлчилгээнд байгаа дутагдал, доголдлыг засах, иргэдийн аятай тухтай амьдрах боломж нөхцлийг хангах зорилгоор “Иргэдээ сонсьё” аяныг 2 сарын 15-аас 1 сарын хугацаанд зохион байгуулж, нийт 9 дүүргийн 23,7 мянган иргэний давхардсан тоогоор 3000 гаруй саналыг сонсож, нэгдсэн хэлэлцүүлгийг хийгээд байна. Энэ аян бол нэг удаагийн арга хэмжээ биш, нэг хэсэг нь яриад, нөгөө нь сонсоод өнгөрөх төдийн зүйл огт биш юм. Тийм ч учраас иргэдтэй хийх уулзалтын дараагийн арга хэмжээг “Иргэддээ тайлагная” сэдвийн дор хийж, “Иргэдээ сонсьё” аяны үеэр гарсан саналын мөрөөр хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцуулах болно.
Улаанбаатар хотын хөрснөөс авсан нийт дээжийн 88 хувьд нь нян, хөгц, мөөгөнцөр илэрч хөрсний бохирдол өндөр хувьтай байгаа нь судалгаагаар тодорхой болжээ. Мөн зарим газарт хар тугалга, цайрын бохирдолт ажиглагдсан байна.
Улаанбаатар хотын хөрсний бохирдол нь агаарын бохирдлоос багагүй санаа зовоосон асуудал болж байгаа учраас иргэд, олон нийтийн анхаарлыг үүнд хандуулах, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд энэ ажилд хөрөнгө хүчээ чиглүүлэх үүднээс НИТХ-ын Тэргүүлэгчид ийм шийдвэр гаргасан болно.
Хурлын Төлөөлөгчид өө!
Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах асуудал нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, нийслэлийн Засаг даргын анхааралд байж, олон арга хэмжээг авч хэрэгжүүлж, үр дүнг НИТХ-н 7 дугаар хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу сар бүр хэлэлцэж ирлээ.
Өнөөдөр бид “Нийслэлийн агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр 1-ээс 4 дүгээр сард хэрэгжүүлэх ажлын тусгай төлөвлөгөө”-ний биелэлтийг шүүн тунгааж дүгнэнэ.
НИТХ нь нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие дааж зохион байгуулах, хот байгуулалтаа иргэдийн эрэлтэд нийцүүлэн шийдвэрлэх бүрэн эрхтэй билээ. Энэ эрхийн хүрээнд зар сурталчилгааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн дагуу Нийслэлийн нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгаа байршуулахад дагаж мөрдөх журмыг шинэчлэн батлахаар төлөвлөөд байна.
Улаанбаатар хот Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 60 гаруй хувийг үйлдвэрлэдэг худалдаа, үйлчилгээний томоохон төв болон хөгжсөөр байгаа өнөө үед бизнесийн үйл ажиллагааны салшгүй хэсэг болсон. Зар сурталчилгааны ач холбогдол өсөн нэмэгдэж буй өнөө үед гадна зар сурталчилгаа нь хот төлөвлөлт, бүтээн байгуулалт, хотын соёл, хот тохижилтын ажилтай нягт уялдах ёстой.
Мөн өнөөдрийн хуралдаанаар Нийслэлийн 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд зарим нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах цогц арга хэмжээний хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хамтарсан тушаал, захирамжаар баталсан агаарын чанарыг сайжруулах бүсэд байгаа 20 мянган өрхийг цахилгаанаар халаах ажлын урьдчилсан тооцоог “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компани хийсэн байна.
2017-2018 оны өвлийн их ачаалалд бэлтгэх, цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан дээр дурдсан 20 мянга орчим өрхийг цахилгаанаар хангахад шаардагдах 2 иж бүрэн хуваарилах байгууламж, 124 дэд өртөөг шинээр барих болон өргөтгөх шаардлагатай болсон тул 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг ИТХ-ын хуралдаанаар хэлэлцүүлэхээр Тэргүүлэгчид дэмжсэн болно.
Мөн өнгөрсөн сарын Хуралдаанаар хэлэлцэж байсан зарим асуудлаар АН-ын бүлэг завсарлага авсан тул энэ асуудлыг өнөөдрийн хуралдааны төгсгөлд хэлэлцэж эцэслэн шийдвэрлэх болно.
Төлөөлөгчдийн ирц “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 23 дугаар зүйлийн 23.7, НИТХ-ын хуралдааны дэгийн 4.7-д заасан шаардлагад нийцэж байгаа тул Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит IX хуралдаан нээснийг мэдэгдье.