2011.03.29
Д.Очирбат: Салбарынхаа гурван яамны тайланг сонсоно
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооныхон өнгөрсөн долоо хоногт Орхон аймагт ажиллаж, УИХ-ын намрын чуулганаар батлан гаргасан хууль тогтоомжийг танилцуулан, иргэдийн санал бодлыг сонссон. Энэ талаар УИХ-ын гишүүн, НББСШУБХ-ны дарга Д.Очирбатаас тодрууллаа.
-УИХ-ын НББСШУБХ орон нутагт ажилласан. Энэ ажлынхаа үр дүнгийн талаар товч тодрууахгүй юу?
-Манай байнгын хороон дээр УИХ, Засгийн газрын гишүүдийн санаачилсан Эрүүл мэндийн тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай зэрэг хуулийн төслүүдийг хэлэлцүүлэг эхлээд байгаа. Тиймээс бид Орхон аймагт ажиллах хугацаандаа эдгээр хуулийн төслүүдийг иргэдэд танилцуулж саналыг нь авсан байгаа. Хууль боловсруулахад иргэдийн санаа бодлыг хэрхэн тусгах вэ гэдэг асуудлыг судалж ажилласан. Нийгмийн бодлогын хүрээнд эрүүл мэнд, боловсрол, халамжийн асуудлууд бүхэлдээ багтдаг. Хууль сурталчлах энэ ажлын хүрээнд баруун бүсийн оношлогоо шинжилгээний төвийн үйл ажиллагаатай танилцаж, эмч нарын санал бодлыг сонслоо. Эмнэлгийн байр 30 жилийн өмнө ашиглалтад орсон хэрнээ өнөөг хүртэл дорвитой засвар үйлчилгээ хийгээгүйгээс хуучирч муудсан байна. Ажиллаж байгаа эмч, ажилчид нь цалин багатай, эмнэлэгт нь төсвийн хөрөнгө оруулалт муу зэрэг дутагдалтай талууд ажиглагдлаа. Тиймээс эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн асуудлыг байнгын хорооны хуралдаанд оруулж, албан хаагчдийн саналыг тусгахаар болсон.
-Аймаг, орон нутагт тулгамдсан, тэр дундаа гарцаагүй шийдэх шаардлагатай ямар асуудал байна?
-Эрүүл мэндийн салбарийг орчин үеийн багаж, тоног төхөөрөмжөөр хангаад өгвөл манай эмч мэргэжилтнүүдэд мэргэжлийн ур чадвар байна. Өнөөдөр бодит байдал дээр 3-4 аймгийг нэгтгэсэн аймаг дундын эрүүл мэндийн үйлчилгээний төв нь эрт галавын багаж хэрэгсэлтэй ажиллаж байна. Эмнэлгүүдэд сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай багаж, тоног төхөөрөмж гарцаагүй шаардлагатай байна. Компьютер томографийн аппаратаас эхлээд тоочоод байвал дутагдаагүй юм алга. Дээр нь эрүүл мэнд, боловсролын салбарт ажиллаж байгаа боловсон хүчний боловсрол, нийгмийн асуудалд анхаарах цаг болсон байна. Энэ салбарынхны цалин тэтгэвэр, нийгмийн хангамж хамгийн бага. Тэгсэн хэрнээ хийж байгаа ажил нь дэнүү их ачаалалтай байна. Дуудлага өгсөн өвчтөн хаана байх нь хамаагүй, заавал хүрч үйлчлэх үүрэгтэй, түүнийхээ төлөө тангараг өргөсөн хүмүүс. Ажил үүргээ гүйцэтгэж яваад халдлагад өртөх явдал бишгүй гарч байсан. Нийслэлд, Толгойтод ажлаа дуудлагаар явж байсан эмч өвчтөнд хорлогдсон тохиолдол бий шүү дээ. Тэгэхээр Эрүүл мэндийн тухай хуульд эмчийг хамгаалсан зохицуулалт оруулж өгөх зайлшгүй шаардлагатай болсон байна. Тиймээс манай байнгын хороо иргэдийн санал болгосон, зайлшгүй хийх шаардлагатай тулгамдсан асуудлуудад хөрөнгө гаргуулахаар Засгийн газарт санал тавьж, УИХ-д оруулахаар ажиллана.
-УИХ-ын хаврын чуулган удахгүй эхэлнэ. Танай байнгын хороо энэ чуулганаар ямар асуудалд ач холбогдол өгч ажиллах бол?
-УИХ-ын нэгдсэн чуулган эхэлсний дараа салбарын гурван яам буюу ЭМЯ, НХХЯ, БСШУЯ-ны ажлын тайланг сонсохоор төлөвлөсөн. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн хүрээнд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хуулийн төслийг боловсруулсантай холбогдуулаад НХХЯ, ХХААХҮЯ, ЭБЭХЯ-ныхныг урьж хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хүрээнд хийж байгаа ажлын талаар сонсгол хийнэ.