Д.Очирбат: Олон хууль баталбал сайн ажиллаж байна гэсэн үг биш
УИХ-ын гишүүн, парламентын Нийгмийн бодлого, Боловсрол, соёл,шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Очирбаттай ярилцлаа.
-Танай Байнгын хорооны хувьд хийж буй ажил нь бага, хэлэлцэх асуудал нь жижиг гэж ярих хүн бий. Энэ талаар юу гэх вэ?
-Төсөв, эдийн засаг болон бусад асуудал руу илүү анхаарал хандуулаад байгаа учраас тэр биз. Өнгөцхөн харсан нэгэнд тийм байж болох. Гэхдээ хууль тогтоох дээд байгууллагын бүтцээс хамгийн том нь шүү. Яагаад гэвэл хэлэлцүүлэхээр орж ирэх асуудал нь цар хүрээний хувьд өргөн. Нийгэм рүү чиглэсэн бүх л асуудал манай байнгын хороонд харьяалагдана. Одоогийн байдлаар гурван яам. түүнтэй холбоотой агентлаг, газруудын ажил. хяналт хариуцлагын асуудал орж ирдэг. Гурав гэдэг нь бага мэт харагдаж байгаа ч хуучнаар бол тав зургаан яамны асуудал юм. Мөн нийгэмд хэрэгжүүлэх хууль, тогтоомж, түүнийг даган ямар үр дүн гарах зэрэг зүйлийг хэлэлцэн баталж байна. Миний хувьд ажлаа аваад удаагүй ч тулгамдаж байгаа асуудлуудыг шийдэхээр ажиллаж байна.
-Тухайлбал ямар асуудал?
-Яривал олон зүйл бий. Энэхүү үүрэгт ажилд томилогдсоноос хойш батлуулсан томоохон хууль бол Жендерийн тэгш байдлыг хангах тухай хууль юм. Дөрвөн парламент дамжиж 16 жил гацсан хууль. Ганцхан сонгуульд нэр дэвших квотын асуудал тусгагдаагүй. Яах вэ, энэ бол хоёр дахь асуудал гэж ойлгож болно. Сонгуулийн тухай хууль хэлэлцүүлэгт ороход бэлэн болсон байгаа. УИХ-аар хэлэлцэх явцад систем тодорхой болчихвол квотоо ярьж эхэлнэ дээ. Үүнээс гадна Эрүүл мэндийн тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай, Халамжийн тухай, Тамхины тухай, Оюутны тэтгэлэг тэтгэмжийн тухай хууль гээд олон том хуулийн төсөл бий. Энэ бүхнийг хаврын чуулганаар хэлэлцэж батлуулах төлөвлөгөөтэй байгаа. Хүн амын эрүүл мэндийн манаанд зогсдог эмч нарын дагаж мөрдөх, салбарын эцэг хууль гэж яригддаг Эрүүл мэндийн тухай хуулиа нэн тэргүүнд хэлэлцэх болно. Учир нь, салбарын бүтэц зохион байгуулалтын цогц шинэчлэл, эдийн засгийн асуудал, боловсон хүчин гээд бүх зүйл тусгагдсан юм.
-Халамжийн хууль олны анхаарлыг нэлээн татаж байгаа. Мөн бодлогогүйгээр хавтгайрсан халамж үзүүлж, иргэдээ залхуу болголоо гэсэн шүүмжлэл бий?
-Ямар нэгэн ангилалгүйгээр бүх хүнд шууд мөнгө өгч байгаа нь буруу байх. Тиймээс л халамжийг хавтгайруулж, иргэдээ залхуу болгоод байна гэсэн шүүмжлэл гараад байгаа хэрэг. Мөн өгч буй халамжаар өнөө маргаашаа л аргацаахаас биш амьжиргааг нь өөд татаад байгаа зүйл алга. Хэрэв энэ хууль батлагдвал өрх гэрийн хүрээнд бүх асуудлыг шийднэ. Тодруулбал, одоогийнх шиг хүн нэг бүрт гэж заахгүйгээр тухайн айл, өрхөд хэмээн тусгайлан зааж, орлоготой болгох чиглэл баримтална. Хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа хуульд Дорж ажилгүй, орлогогүй, ядуу байвал л халамж өгөх заалттай. Харин өрх гэсэн ойлголт байхгүй. Иймд өрхийн амьжиргааг нь дээшлүүлж, ажилтай, эрхлэх тодорхой жижигхэн аж ахуйтай болгож чадвал ядуурлаас гарах боломжтой.
-Жижиг,дунд үйлдвэрлэлийн чиглэлээр зээл олгож байгаа. Энэ нь ч тодорхой үр дүн авчирч байгаа шүү дээ?
-Энэ нь нэг талаар зөв алхам ч гэлээ цаад утгаараа хөдөлмөр эрхлэх, аж ахуйн нэгж байгуулах ажилд нэг их хувь нэмэр оруулахгүй байна. Ядуу айл өрх ийм зээлд хамрагдаж чадахгүй. Үүнийг боломжтой, танил талтай хүмүүс л хүртэж байгаа. Түүнээс ядуу айл өрхийн амьжиргааг дээшлүүлж, нэгч шат ахиулсангүй гэж хэлэхэд нэг их буруудахгүй байх. Яах вэ үр дүнтэй сайхан байна л гэж яриад байгаа. Ерөнхийдөө цаасан дээрх статистик үзүүлэлтээ л хэлж байгаа нь тэр. Түүнээс ажилгүйдлийн түвшин буураагүй, ядуу гэр бүлийн амьдрал ч өөдлөөгүй. Одоо бодит зүйл ярьж, амьжиргааг нь өөд татах чиглэл рүү явах цаг болж.
-Чуулган завсарлачихлаа. Ирэх чуулгантай золготол ямар ажил хийхээр төлөвлөж байна даа?
-Хийх ажил мундахгүй л дээ. Хэлэлцэх дараалалд оруулсан асуудлаа бэлтгэх, харьяалах байгууллага, яамдын ажлын тайлантай танилцах хяналт шалгалт явуулах болно. Мөн шинээр батлагдсан УИХ-ын тухай хуульд зааснаар нээлттэй сонсгол явуулах эрх нээгдсэн. Тиймээс харьяалах яам, агентлагийн ажлын талаар сонсгол явуулж, тулгамдсан асуудал, болж бүтэхгүй байгаа асуудлын талаар ярилцах бодолтой байна. Өнөөдөр эмчийн хариуцлагагүй байдал болон бусад зүйлээс шалтгаалж хүний эрүүл мэнд, амь нас хохирох, сурч боловсрох орчин муу,багшийн ур чадвар тааруу гэх мэт ар араасаа хөвөрсөн гомдол цөөнгүй гардаг.
Үүнийг шийдэх гарц хаа байна, яавал зөв гольдролд орох, хэн нь хаана алдаа гаргасан зэрэг асуудлаа
сонсгол хийж л мэдэх боломжтой гэж бодож байна.
-Хууль тогтоох үйл ажиллагаа удаан, төлөвлөгөөнд орсон асуудлаа дуусгаж чадахгүй байна гэж шүүмжлүүлсээр ирсэн. Намрын чуулганы хугацаанд хэлэлцэх асуудал ч дууссангүй?
-Мэдээж хэрэг хар цагаантай хорвоо учир магтаал, шүүмжлэл байх ёстой. Төлөвлөснөөс гадна чанартай, чанаргүй маш олон хууль өргөн баригдсан гээд орж ирдэг. Үүнийг болих хэрэгтэй. Оруулж ирж байгаа бол нэлээн сайн хэлэлцэж боловсруулсан, дагаж мөрдөхөд ямар нэгэн асуудал үүсэхгүй тийм заалттай байх ёстой. Өнөөдөр батлаад маргааш засвар хийх нь холгүй байх юм. Ер нь, сайн хууль гаргая л гэж байгаа юм бол эрдэмтэн судлаачдыг оролцуулж, тэдний санал бодлыг тусгах тэр ч бүү хэл иргэдээсээ санал асуулга авсан ч болно. Үүний дараа маш сайн хууль гарах магадлалтай. Уралдаж олон хууль баталснаараа сайн гэж хэлэгдэх ёсгүй. Он удаан жил хэрэгжих чанартай хууль баталж, үр өгөөжөө өгөх тийм л хууль гаргавал өнөөдөр парламент сайн ажилласан гэсэн үг.
-Тэгэхээр олон хууль батлах нь нэг их чухал биш гэсэн үг үү?
-Too хөөцөлдсөөр чанараа мартаж. Харин одоо тоо гол биш чанар гэсэн зарчим баримтлах нь илүү оновчтой болов уу. Мөн гишүүд бүхнийг чадагч биш болохоор Шинжлэх ухааны академийн эрдэмтэн мэргэд, судлаачид, иргэдийнхээ санал бодлыг ч сонсож тусгаж байх нь илүү оновчтой. Тийм ч учраас хэлэлцэх дараалалд орсон хуулийн төслүүдээ салбар болгоноор нь хэлэлцүүлж, эрдэмтдийн санал бодлыг тусгахаар ажлынхаа төлөвлөгөөнд оруулсан. Ерөнхийдөө жилийн турш хийх ажлынхаа төлөвлөгөөг гаргачихсан байгаа.