Д.Очирбат:Эрүүл мэндийн салбарыг мэддэг улстөрч ховор учраас 20 жилээр хоцорсон
-Чуулган завсарласан болохоор ордноор эль хуль байна.Чуулганы завсарлагаанаар юу хийж байна?
-Сүүлийн өдрүүдэд шинэлж байгаад ажилдаа орлоо. Чуулганаас хойш Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн төсөл дээр ажлын хэсгийг ахлан ажиллаж байна. Эрүүл мэндийн салбар дахь цогц шинэчлэлд нөлөөлөх хамгийн гол зүйл нь энэ хууль.
Иргэн бүрийг даатгалд бүрэн хамруулж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үнэ төлбөргүй хүртэх бололцоог дээрх хуулиар зохицуулах юм.
Мөн эрүүл мэндийн салбар дахь ард түмний халааснаас гарч буй мөнгөний урсгалыг зогсоох зорилготой. Байнгын хороогоор анхны хэлэлцүүлгийг хийсэн. Тиймээс хаврын чуулганаар хэлэлцэх гол хуулиудын нэг болно.
-Одоо хэрэгжиж буй Эрүүл мэндийн даатгалын тухай хууль муу даа биш, түүнийг хэрэгжүүлэхгүй байгаа гэж хүмүүс хэлдэг. Шинэ хууль энэ салбарын хоцрогдол хуучинсаг байдлыг халж чадах уу?
-Эрүүл мэндийн салбарын хууль эрх зүйн орчин бүхэлдээ хоцрогдсон. Эрүүл мэндийн даатгал төлөөд л байдаг, гэтэл түүнийхээ хэмжээгээр тусламж үйлчилгээ авч чаддаггүй. Эрүүл мэндийн даатгалын дэвтэр улсын хэдхэн эмнэлэгт л үйлчилж байна.
-Энэ асуудлыг улстөрчид олон жил хөндөж байгаа. Гэвч өөрчилсөн зүйл алга?
-Эм тарианы багахан хэмжээний мөнгийг л эрүүл мэндийн даатгалаас төлж байгаа. Уг нь даатгал гэдэг бол хүн эмнэлэгт хэвтэж, эмчилгээ хийлгэсний дараа тухайн эмнэлэгт нь орох ёстой мөнгө. Гэтэл манай улс Танай эмнэлэгт төчнөөн хүн хэвтэнэ" гээд шууд мөнгө өгчихдөг. Иргэн хүн эрүүл байхын тулд тэрхүү даатгалын мөнгийг урьдчилан сэргийлэхэд зориулж байх ёстой. Хэрвээ бүтэн жил даатгал төлсөн атлаа эрүүл мэндийн тусламж үйлчилгээ аваагүй бол төлсөн мөнгөнөөс нь 10-15 хувийг буцааж олгодог уян хатан тогтолцоог нэвтрүүлэхийг зорьж байна.
-Өнгөрсөн чуулганд та хэчнээн хууль өргөн барив. Ямар хууль батлуулав, батлуулж чадаагүй үлдсэн, хуулийн төсөл бий юу?
-Эрүүл мэндийн тухай хуулийн төслийг шинэчлэн найруулж батлуулсан. Энэ хуульд анхан шатны тусламжийг ямар ч эмнэлэг үнэ төлбөргүй гүйцэтгэх үүрэгтэйг тусгасан. Урьд нь эмнэлэгт хэвтсэнд нь тусламж үзүүлдэг байлаа шүү дээ. Мөн сум дундын болон аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг улсын томоохон эмнэлэгтэй адил үйлчилгээ үзүүлэх болсон. Нарийн мэргэжлийн эмч, сүүлийн үеийн техник тоног төхөөрөмжөөр бүрэн хангаж байгаа. Өмнө нь зөвхөн төрийн албан хаагчид онош нь тогтоогдохгүй бол гадаад руу явахдаа, Төрийн сангаас мөнгө авдаг байсан. Харин энэ хуулиар иргэн бүрт буцаан төлөгдөх нөхцөлтэйгээр санхүүжилт өгдөг болсон.
-Эрүүл мэндийн тухай хуульд хариуцлагын тогтолцоог хэр тусгасан бэ. Энэ салбарын хариуцлага туйлын сул байгаа нь ажиглагддаг?
-Хатуу чанд хариуцлагын механизмыг тусгасан.Эмнэлгийн ажилтан маш өндөр хариуцлагатай байх ёстой. Хүний амь насыг хариуцдаг хүн шүү дээ. Байшин шиг буруу барьсныг нь засаад барьчихна гэсэн ойлголт байхгүй. Нөгөөтэйгүүр эмч нарын нэр хүндийг хамгаалах үүднээс хариуцлагыг өндөржүүлэх ёстой. Өмнөх хуулийг бодвол хариуцлагын тогтолцоог хангалттай чангаруулсан. Энэ салбар нийгмээс олон жилээр хоцорсон учраас босгож ирэхэд хууль эрх зүйн сайн орчин чухал нөлөөтэй.
-Эрүүл мэндийн салбар хоцорно гэдэг уг нь байж боломгүй асуудал биз дээ?
-Дэлхийн жишгээс 20 гаруй жилээр хоцорч явна. Өнгөрсөн жил хэдэн гишүүн нийлж байж улсын томоохон эмнэлгүүдийг ЭХО-ны аппараттай болгох мөнгийг улсын төсөвт суулгасан.
Өмнө нь манайд байгаагүй юмуу?
-Юун 4D вэ, ЗD ч байхгүй. Улсын клиникийн төв эмнэлэг гэхэд л 15 жилийн өмнөх ЭХО аппараттай байна. Хүнд өвчтөн ирэхээр үстэй дээлээр нь ороогоод хажуу дахь "Сонгдо" эмнэлэг рүү зөөж, үзүүлж байна. Хөөрхийлөлтэй байгаа биз. Гэтэл эмнэлгийн тоног төхөөрөмж гурван жилийн дотор л өөрчлөгдөөд байна шүү дээ. Цусны шинжилгээг зургаан секундын дотор гаргаж байхад Монгол Улсын клиникийн төв эмнэлэг зургаан цагийн дараа гаргадаг лабораторатой саяхныг хүрсэн шүү дээ. Харин сайн санаат хүмүүс хамгийн сүүлийн үеийн лаборатори бэлэглэсэн юм билээ. Монгол ийм л хоцрогдолтой явж байна. Яагаад гэхээр эрүүл мэндийн салбарыг мэддэг улстөрч ховор, олонх нь мэдэхгүй учраас улстөрчид анхаарлаа хандуулдаггүй.
-Шинэчилж буй хуульд улсын болон хувийн эмнэлгийн ялгаа заагтийг яаж тогтоож байгаа бэ. Хувийн эмнэлэгт эрүүл мэндийн даатгалын дэвтэр хамаардаггүй хэвээрээ байгаа юу?
-Анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэхэд ямар ч ялгаа байхгүй. Эрүүл мэндийн даатгалын мөнгөнөөс нэмэлт үйлчилгээ хүсэх юм бол хувийн эмнэлэг өөрсдөө зохицуулна. Эрүүл мэндийн тухай хуульд иргэн өөрөө эмч, эмнэлгээ сонгож үзүүлэх эрхтэй гэж заасан. Эрүүл мэндийн даатгалын дэвтэр хувийн эмнэлэгт ч ялгаагүй хүчинтэй. Хувийн ч бай, улсынх ч бай тухайн эмнэлгийг иргэн сонгож эмчлүүлсэн бол эмнэлэг нь даатгалын сангаас мөнгө авна. Тийм болохоор эмч нарын ааш зан ч өөр болоод ирнэ. Улсын эмнэлгийн эмч нарыг хэр олон хүнийг эмчилж эдгэрүүлснийг үндэслэн цалин олгоод ирэхээр эмч нарын муу нэр арилах байх.
-Нэртэй эмч нар өдөр нь улсын эмнэлэгт ажиллаж, үдээс хойш хувийн эмнэлэгтээ мөнгөөр үзлэг хийдэг. Энэ явдал бизнес болтлоо өргөжжээ?
-Хуулиар үүнийг таслан зогсоосон. Улсын эмнэлэгт ажилладаг эмч хувийн эмнэлэг ажиллуулах, үзлэг хийхийг хориглосон. Мөн эмийн сүлжээг ч таслан зогсоосон. "Миний бичиж өгсөн эм тэр эмийн санд байгаа" гээд явуулах эрхгүй болсон. Мөн өөрсдөө эм тариа иргэдэд шахах үзэгдэл их гардаг. Энэ салбарын хууль эрх зүйн орчин одоо л нэг голдиролдоо орох дөхөж байна.
-Ирэх чуулганаар өөр ямар хуулийн төсөл өргөн барих бодолтой байна?
-Олон хүүхэдтэй эхэд урамшуулал олгох тухай хуулийн төслийг хэлэлцүүлнэ. Гурван хүүхэдтэй эхэд сард 74 мянга, дөрвөн хүүхэдтэй бол 99 мянга, таван хүүхэдтэйд 141400 төгрөг, наймаас дээш хүүхэдтэй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин өсгөж өгөх хуулийн төсөл бий. Яагаад болохгүй гэж. Таван хүүхэд төрүүлсэн гэр бүлийн нөхөрт долоон сард нэг удаа нэг өдрийн цалинтай чөлөө олгоё гэсэн санаа ч гарч ирж байна. Иргэд надад байнга санал ирүүлдэг. Одоо надад 358 захидал бий. Орост таван хүүхэдтэй айлд таван өрөө байр өгч байна. Ингэж хүн амаа өсгөж улс орноо хөгжүүлэх хэрэгтэй биз дээ. Тиймээс энэ хуулийн төслийг ирэх чуулганд зүтгүүлнэ.
-Таны хувьд маш чухал гэж үзэхээр хуулийн төсөл хэлэлцэлгүй орхигдсон төслүүд дунд бий юу?
-УИХ-ын болон Орон нутгийн сонгуулийг тусад нь явуулах хуулийн төслийг уг нь хэлэлцэх ёстой байсан юм. Хоёр сонгуулийг нэг доор явуулах хуулийн төслийг 2008 онд өмнөх парламентын гишүүд боловсруулсан юм билээ. Орон нутгийн сонгуулийг УИХ-ынхтай цуг явуулна гэдэг ямар ч боломжгүй. Тийм болохоор Д.Лүндээжанцан гишүүнтэй хамтарч тусад нь явуулах хуулийн төсөл боловсруулсан. Хамтад нь явуулах хүчин чадал байхгүй. Цаг хугацааны хувьд ч асуудалтай.
-Сонгуулийн хуулийг Үндсэн хууль зөрчсөн гээд Цэцэд маргаан үүсгэсэн. Тэр заалтуудыг та нягтлав уу?
-Цэцээс тогтоол ирсэн. Энэ маргааныг УИХ-аар хэлэлцэнэ. Гэхдээ баталсан хуулиа УИХ хамгаалж үлдэнэ. Үндсэн хууль зөрчсөн эсэхийг Үндсэн хуулийн цэц шийдэх байх. Баталсан хуулийн дараагийн асуудлыг Цэц шийддэг.
Л.Цэрэн
Эх сурвалж
Өдрийн шуудан