Б.Саранчимэг: Хүн амын хоол хүнсэнд хандах хандлагыг өөрчлөх хэрэгтэй
УИХ-ын гишүүн Б.Саранчимэг
2017.04.26

Б.Саранчимэг: Хүн амын хоол хүнсэнд хандах хандлагыг өөрчлөх хэрэгтэй

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар /2017.04.26/ Баяжуулсан хүнсний тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. 

УИХ-ын гишүүн А.Ундраа нарын өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Б.Саранчимэг өөрийн саналыг хэлсэн юм.

Б.Саранчимэг: Хуулийн төсөлд, хүнс баяжуулах үйл ажиллагааны зохион байгуулалт, баяжуулагч бэлдмэл, баяжуулсан хүнс үйлдвэрлэгчийн эрх үүрэг, баяжуулсан хүнсний үйлдвэрлэлийг төрөөс дэмжих талаар, баяжуулсан хүнсэнд тавих хяналт, хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагын тухай тусгажээ.

Харин хүн амын эрүүл, зөв хооллолтын талаарх ойлголт, мэдлэг мэдээллийг дээшлүүлэх, эрүүл байхын тулд амин дэм, эрдэс бодисоор баяжуулсан хоол хүнс хэрэглэхийг уриалан, сурталчлан таниулахад чиглэсэн зүйл заалт алга байна. 

Хоол тэжээл, амин дэмийн дутагдалд орохгүйн тулд цэцэрлэг, сургуулийн хүүхдүүд чанартай хоол идэх учиртай. Тиймээс цэцэрлэгийн хүүхдийн хоол, сургуулийн үдийн хоолыг баяжуулсан хүнсээр хийх хэрэгтэй.