Ирээдүйд учрах эрсдлийг өнөөдөр хааж байна гэв
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан боллоо. Хуралдааны үеэр Нийгмийн даатгалын сангийн үйл ажиллагааг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр тайлагнаж, байнгын хорооны гишүүдийн асуултад хариулсан юм. Тухайлбал,
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан тэтгэврийн насыг жил бүр 6 сараар, нийгмийн даатгалын шимтгэлийг 0,5 болон 1 хувиар нэмснээр Нийгмийн даатгалын сангийн орлого хэр нэмэгдэх талаар тодрууллаа.
Тэрээр нийгмийн даатгалын таван төрлийн үйлчилгээ болох тэтгэврийн даатгал, тэтгэмжийн даатгал, ажилгүйдлийн даатгал, эрүүл мэндийн даатгал, үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаах өвчний даатгал сангуудын удирдлага, менежментийг шинэ шатанд гаргах хэрэгтэй гэж үзэж байна.
Тухайлбал, эрүүл мэндийн даатгалын санг бие даасан, хараат бус болгох, даатгуулагчаас авдаг шимтгэл 5 дахин өссөнтэй холбогдуулан иргэдийн хүртэх өгөөж 5 дахин нэмэгдэх ёстой гэлээ.
Мөн Нийгмийн даатгалын сангийн чөлөөт мөнгөн үлдэгдлийг арилжааны банкинд 9 хувийн хүүтэй хадгаламж хэлбэрээр байршуулдаг байсныг 15 хувийн хүүтэй хадгалуулдаг болсон нь сайшаалтай ч хөрөнгийн зах зээлд оруулах талаар ямар бодлого барьж байгааг салбарын сайдаас тодруулсан юм.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн тухайд Нийгмийн даатгалын сангийн чөлөөт мөнгөн үлдэгдлийг банкинд хадгалуулснаар хэдэн хувиар өссөн болох, энэ мөнгийг юунд, яаж зарцуулж байгааг олон нийтэд нээлттэй мэдээлэх ёстой байр суурьтай байна. Түүнчлэн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийг салбарын сайд нь ахалдаг нь зөв зүйтэй талаар асуудал хөндлөө.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр гишүүдийн асуултад хариулахдаа, тэтгэврийн насыг нэмэхдээ хүн амын дундаж наслалт, хуулиар тогтоосон тэтгэврийн наснаас хойш эрэгтэй, эмэгтэй хүмүүс дунджаар хэдэн жил тэтгэвэр авч байгаа зэргийг харгалзан үзэх нь зүйтэй гэлээ.
Тэрээр тэтгэвэр гарснаас хойш эрэгтэй, эмэгтэй хүмүүс дунджаар хэдэн жил тэтгэвэр авдаг талаарх Үндэсний статистикийн хорооны судалгаа болон Нийгмийн даатгалын сангийн алдагдлыг тэг хувьд хүргэхийн тулд эмэгтэй хүн 24,6 хувь, эрэгтэй хүн 19,6 хувийн шимтгэл төлөх тухай тооцоолол байдгийг дурдсан юм.
2007 онд өндөр насны тэтгэврийн хувь хэмжээ 19 байсныг бууруулж, 14 хувь болгосноос болж энэ онд гэхэд 587,3 тэрбум төгрөгийн татаас авч байгаа, энэ байдлаараа цааш явбал 2020 он гэхэд улсын төсвөөс Нийгмийн даатгалын санд өгдөг татаас 1 их наяд төгрөгт хүрнэ.
Ер нь нийгмийн даатгалын шимтгэл, тэтгэврийн насыг нэмж байгаа нь өмнөх УИХ, Засгийн газрын гаргасан алдаатай бодлогыг засч залруулж байгаа хэрэг. Хэрэв ингэхгүй бол одоогийн залууст ирээдүйд тэтгэврийг нь өгч чадахгүй болно гэлээ.
Барууны орнуудын жишгээр бол Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл нь УИХ, Засгийн газраас хараат бус иргэдийн хяналттай, хууль эрх зүйн орчин нь боловсронгуй байдаг. Манай улс энэ жишигт нийцүүлэх үүднээс Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулж болно. Салбарын сайд нь Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийг удирдах нь буруу гэж үздэгээ сайд Н.Номтойбаяр хэллээ.
Одоогоор Нийгмийн даатгалын сангийн мөнгийг хувьдаа завшдаг байдалтай тэмцэж байна, цаашид Нийгмийн даатгалын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, шинэчлэх хүрээнд Зөвлөлийг сайд ахалдаг байдлыг хална гэв. Мөн яамны зүгээс Хувийн тэтгэврийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулаад байгаагаа энэ үеэр дуулгалаа.