Хөрөнгө оруулалтын ухаалаг бодлого Монгол Улсын мал аж ахуйн салбарын экспортын чадавхийг нээнэ
Дэлхийн Банк Группын гишүүн байгууллага болох Олон улсын санхүүгийн корпораци (ОУСК), Монгол Улсын ХХААХҮЯ, Үндэсний хөгжлийн газар (ҮХГ), Монголын Хүнсчдийн холбоо хамтран “Хөдөө аж ахуйн салбарын хөгжил: Хөрөнгө оруулалт ба дэлхийн үнэ цэнийн сүлжээ” хэлэлцүүлгийг 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгууллаа. Салбарын мэргэжилтнүүд, эрх бүхий зохицуулагч байгууллагуудын төлөөлөл болон тус салбарт үйл ажиллагаа явуулж буй бизнесийн төлөөлөл Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарын өрсөлдөх чадварыг эргэн харж, дэлхийн үнэ цэнийн сүлжээнд нэвтрэхэд саад болж буй тулгамдсан асуудал, боломж бололцооны талаар хэлэлцлээ. Тус хэлэлцүүлэгт оролцогчид МУ-ын Засгийн Газар өрсөлдөх чадвар хамгийн өндөртэй салбарууд буюу ноолуур, малын мах, сүү, сүүн бүтээгдэхүүний салбаруудын хөрөнгө оруулалт, экспортыг дэмжихэд гол анхаарлаа хандуулж, эдгээр тэргүүлэх салбаруудад чиглэсэн хөрөнгө оруулалтыг дэмжих бодлого, хууль эрх зүйн зохицуулалтын шинэчлэлд ирэх 2-3 жилд анхаарч ажиллахыг зөвлөлөө. Бусад салбарууд, тухайлбал чацаргана, ногоон хүлэмж суурилсан хүнсний ногооны эрчимжсэн тариалалт, шувууны аж ахуйн салбаруудын боломж бололцоо илүү урт хугацаанд бүрэлдэнэ гэж үзэж байна.
Мал аж ахуйн салбар, тэр дундаа үхэр үржүүлгийн эрчимжсэн аж ахуй, малын мах боловсруулах, сүүний чиглэлийн эрчимжсэн фермийн аж ахуй, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, ноолууран эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл зэрэг салбарууд олон жилийн турш хөрөнгө оруулалтын тэргүүлэх чиглэл байсаар ирсэн. “Өдгөө Монгол Улсын мал аж ахуйн салбарын хувьд маш чухал мөч ирээд байна. Ухаалаг хөрөнгө оруулалт, бодлогын оновчтой зохицуулалт хийх нь тус салбарыг экспортод чиглэсэн салбар болж шинэчлэгдэхэд дэмжлэг үзүүлж, дотоодын болон гадаадын хөрөнгө оруулагчид, бизнесийн байгууллага болон малчдад шинэ боломж бололцоог нээж өгнө” гэж ҮХГ-ын дарга Б. Баярсайхан мэдэгдсэн. “Өнөөдрийн хэлэлцүүлгийн үеэр бүх оролцогч талууд энэхүү чухал салбарыг бэхжүүлэхийн тулд МУ-ын Засгийн Газар цаашид авч хэрэгжүүлж болох арга хэмжээг төлөвлөж, хэрэгжүүлэх практик шийдлүүдийг эрэлхийлэх боломжийг олгож байна”.
“Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалтыг үр дүнтэй ашиглан ноу-хау бий болгож, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнээ шинэчлэн сайжруулж, улсынхаа экспортын чадавхийг бүрэн нээх боломжтой. Салбарын стандартууд, гэрчилгээ, баталгаажилтын тогтолцоог хөгжүүлж, эрсдэлд суурилсан хяналт шалгалтын тогтолцоог тасралтгүй хэрэгжүүлэх чиглэлээр дотооддоо шинэчлэлүүд хийх шаардлагатай” гэж Дэлхийн Банк Группын Худалдаа, өрсөлдөх чадварын газрын Зүүн Ази, Номхон далайн бүсийн асуудал хариуцсан Захирал Мона Хаддад хэллээ. “Өнөөдөр мал аж ахуйн салбар ойролцоогоор 150,000 малчин өрхийн амьжиргааг залгуулж байна.Дэлхийн Банк Групп МУ-ын Засгийн Газрын энэ салбарыг хөгжүүлэх зах зээлийн нөхцөлийг бий болгох хүчин чармайлтад нь үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлж, тус улсын эдийн засгийн цогц өсөлтөд хувь нэмрээ оруулсаар байх болно.”