“Эх хэл соёлоо дээдэлье” аян 4 дэх жилдээ зохион байгуулагдаж байна
Дүүргийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн А/170 дугаар захирамжаар дүүргийн төрийн болон төрийн бус өмчийн сургуулийн 6-12 дугаар ангийн суралцагчид, монгол хэлний багш нарын дунд 4 дэх жилдээ уламжлал болгон “Эх хэл соёлоо дээдэлье” аяныг нэг сарын хугацаанд зохион байгуулж байна.
Аяны нээлт Дүүргийн иргэний танхимд 04 дүгээр сарын 12-нд боллоо. Аяны нээлтэнд Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Д.Идэрзаяа, Засаг даргын Дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч дарга О.Ганбаатар, Засаг даргын Тамгын газрын дарга М.Баяраа, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Оюунбилэг, Болосвролын хэлтсийн дарга А.Дүүдээ болон дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн удирдлагууд, багш, сурагчдын төлөөлөл оролцлоо. Аяны хүндэт зочноор Ардын уран зохиолч, Сонгинохайрхан дүүргийн ахмад Д.Нямаа хүрэлцэн ирж ирээдүй хойч үедээ “Эх хэл соёлоо дээдэлье” сэдвээр илтгэл тавьсан юм.
Аяны хүрээнд:
- Багш нарын дунд “Сургуулийн нар” номын хэлэлцүүлэг
- “Сургуулийн нар” номын сэдвийн хүрээнд АХА тэмцээн
- “Миний эх хэл” эссэ бичлэгийн уралдаан
- “Би эх хэлээрээ зөв, түргэн уншдаг” уншлагын уралдаан
- Эх хэлний шалгалт
- “Эх хэл соёлоо дээдэлье” аяны хүрээнд хийсэн бүтээлч ажил
- Монгол хэл, бичгийн, уран зохиолын багш нарын дунд “Судалгаа онол арга зүйн бага хурал” зэргийг зохион байгуулах юм.