С.Эрдэнэ: Ардчилсан нам санхүүгийн ил тод байдалд бүрэн шилжсэн
2017.04.10

С.Эрдэнэ: Ардчилсан нам санхүүгийн ил тод байдалд бүрэн шилжсэн

Ардчилсан намын Дотоод сонгууль энэ сарын 2-ны өдөр болж өндөрлөсөн.

Уг сонгуулиар аймаг, сум, дүүргийн намын хорооны дарга, гишүүн, ҮБХ-ны гишүүдийг сонгосон. Ийнхүү бүх гишүүдээсээ сонгогдсон удирдлагын бүрэлдэхүүнээ батламжлах ажил орон даяар эхэллээ. Ардчилсан намын дарга С.Эрдэнэ эхний уулзалтаа Хэнтий аймгаас эхлүүлж,АН-ын гишүүдтэйгээ уулзаж шинэчлэлийн бодлогоо танилцуулахын зэрэгцээ Хэнтий аймгийн АН-ын даргаар сонгогдсон Ш.Батдэлгэрийг батламжилснаа зарлав. 

Энэ үеэр С.Эрдэнэ дарга хэлэхдээ "Та бүхэндээ Монгол Улсад олон намын тогтолцоо үүсч, Ардчилсаннам байгуулагдсаны 27 жилийн ойн баярын мэндийг хүргье. Бид Монголын улс төрийн түүхэнд анх удаа бүх гишүүдийнхээ саналаар намын даргаа сонгож чадлаа. Намын бүх гишүүдийнхээ оролцоотойгоор ардчилсан зарчмаар Дотоод сонгуулиа ч амжилттай явуулж чадлаа. Бид шинэчлэлийн салхийг эхлүүлснээр өнөөдөр бүх шатандаа шинэчлэгдэж , элдэв фракц, улстөрийн бүлэглэлийн савраас бүрэн чөлөөлөгдсөн.Бид өнөөдөр бодлогын, шинэчлэлийн нам болсон. Ардчилсан нам өнөөдөр санхүүгийн ил тод байдалд бүрэн шилжсэн гэдгийг та бүхэнд дуулгахдаа таатай байна. Ийнхүү нэгдэж, шинэчлэгдсэн Ардчилсан нам Ардчилсан eрөнхийлөгчийн буухиагаа таслалгүй үргэлжлүүлэх ёстой. Үүний тулд бид эв эeий эрхэмлэж, атгасан гар шиг цул хүчин болох ёстой" гэв.

Хэнтий аймгийн Ардчилсан намын дарга Ш.Батдэлгэр “Та бүхэндээ Ардчилсан нам байгуулагдсны 27 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Монгол улсад Ардчилал эрх чөлөөг түүчээлэн авчирсан Ардчилсан намын хувьд өнгөрсөн саруудад намын бодлого шинэчлэлийн талаар томоохон алхам хийсэн түүхэн үйл явдал боллоо. Хамгийн олон өрсөлдөгчтэйгөөр намынхаа бүх гишүүдийн саналаар сонгогдсон намын дарга С.Эрдэнэ 21 аймгаар тойрох уулзалтаа Хэнтий аймгаас эхэлж байгаад талархаж байна. Долоо хоногийн өмнө аймаг, намын удирдлага, анхан шатны удирдлагуудаа сонгох сонгууль амжилттай болж өндөрлөсөн. Надад итгэл хүлээлгэж Хэнтий аймгийн намын даргаар сонгосон нийт хэнтийчүүддээ талархаж байгаагаа илэрхийлье. Хэнтий нутгийнхаан хөгжлийн төлөө нэг баг болон зүтгэх ҮБХ-ны гишүүд аймгийн намын хорооны гишүүд та бүхэндээ амжилт хүсье” гэсэн юм.

Хурлын дараа Ардчилсан намын дарга С.Эрдэнэ орон нутгийн сонгуульд амжилттай ажилласан намын дарга нарт баяр хүргэж “Батламж” гардуулсан юм. Эдгээр намын дарга нар өөрсдийн багаа амжилттай удирдаж ялалт байгуулсан учир дотоод сонгуульд өрсөлдөлгүйгээр улиран ажиллахаар болсон юм. Мөн намынхаа шинэчлэлийн төлөө дотоод сонгуульд гар бие оролцож идэвхи зүтгэлтэй ажилласан гишүүдээ  Ардчилсан намын дээд шагнал Эрх чөлөөний одон, Лиш одон зэргээр шагнаж урамшууллаа.