С.Эрдэнэ: АН олигарх хөрөнгөтнүүдээс салж, хараат байдлаас гарч чадлаа
2017.04.03

С.Эрдэнэ: АН олигарх хөрөнгөтнүүдээс салж, хараат байдлаас гарч чадлаа

Ардчилсан намын дотоод сонгуулийн санал хураалт өчигдөр 10:00 цагаас орон даяар эхэлсэн юм. Энэхүү сонгуулиар аймаг, нийслэл, дүүргийн намын хорооны дарга, гишүүд, Үндэсний бодлогын хорооны гишүүдээ бүх гишүүдийнхээ саналаар тодруулах юм.

Санал хураалт оройн 22:00 цаг хүртэл үргэлжилсэн. Ардчилсан намын 160 мянга гаруй гишүүн саналаа өгөх учиртай. Улмаар Үндэсний бодлогын хорооны 380 гишүүн, аймаг, нийслэл, дүүргийн Ардчилсан намын дарга нарыг энэхүү санал хураалтаар тодруулна. 

Хамгийн олон санал авсан нь ирэх дөрвөн жилд аймгийнхаа Ардчилсан намыг удирдана. Түүнчлэн УИХ-ын сонгуульд нэр дэвшихээс эхлээд олон боломж олдох учиртай. АН-ын дарга С.Эрдэнийн хувьд өчигдөр 13:00 цагт Баянгол дүүргийн Ардчилсан намын гишүүдээс санал авах байранд очиж, саналаа өгсөн юм. Энэ үеэр тэрбээр “Дотоод сонгууль бол Ардчилсан намын шинэчлэлийн чухал алхам. Анх удаа Ардчилсан намын бүх гишүүд анхан, дунд шатны намын удирдлага, удирдах бүрэлдэхүүнээ сонгож байна. 

Ардчилсан намын 152,800 саналын эрхтэй гишүүний саналаар 17,800 орчим анхан, дунд шатны удирдлага, удирдах бүрэлдэхүүнээ сонгож байна. Үүнийг Ардчилсан нам төдийгүй Монголын улс төрийн түүхэнд байгаагүй томоохон өөрчлөлт, шинэчлэлт гэж харж байгаа. Мөн Ардчилсан нам бодлогын нам, институци болж өөрчлөгдөж байна. Үүгээрээ бусад улс төрийн намуудад өндөр босго, сайн жишиг тогтоож өглөө. Санхүүгийн хувьд ч нээлттэй ил тод болж байна. Өмнө нь дэнчин хураамж, хандив татвар бүгд нууц байсан. 

Хэн нь хэндээ хэдийг өгөөд байгаа ч мэдэгдэхгүй. Тийм л байсан. Өнөөдөр намын бүх шатны сонгуульд нэр дэвшиж байгаа гишүүдийн дэнчин, хураамж, гишүүдийн татвар намын дансанд төвлөрч байгаа. Өөрөөр хэлбэл, Ардчилсан нам бодлогын төвшинд шинэчлэгдэж, санхүүгийн хувьд шилэн болж байна.

Үр дүнд нь нам, намын гишүүд цөөн тооны олигарх хөрөнгөтнүүдээс салж, тэднээс хараат байдлаас гарч чадлаа. Энэ бол маш том ололт гэж харж байна. Түүнчлэн санхүүгийн эрх чөлөөтэй байна гэдэг ардчиллыг бүрэн утгаар нь хэрэгжүүлэх боломжоор хангагдлаа гэсэн үг. 

Одоо бид үзэл баримтлал, онолоо эцэслэн боловсруулж дуусахын зэрэгцээ, санхүү, материаллаг баазаа бэхжүүлэхийг зорих болно. Мөн бодлогын шинэчлэлүүдээ ч үргэлжлүүлнэ. Үүнээс нэг алхам ч ухрахгүй” гэлээ. Мөн тэрбээр АН-ын дотоод сонгуульд гишүүд идэвхтэй оролцож байгааг онцлоод “Гишүүдийн оролцоотой нам байна” гэдэг томьёолол нь өөрөө намын шинэчлэлийн гол зорилго, амин сүнс нь. 

Өмнө нь гишүүдийн оролцоо байхгүй цөөн тооны бүлэг фракцууд хоорондоо тохиролцоод асуудлыг шийддэг байсан бол өнөөдрийн энэ сонгуулиар Ардчилсан нам амьд нам болж байна” хэмээсэн юм. Тус намын дотоод сонгуульд 565 хүн өрсөлдөхөөр бүртгүүлснээс Үндэсний бодлогын хороо(ҮБХ)- нд 511, Нийслэл, аймаг, дүүргийн намын хорооны даргад 54 хүн өрсөлдөж буй. Тухайлбал, Нийслэлийн АН-ын даргад Сүхбаатар дүүргийн АН-ын дарга Д.Баттулга, УИХ-ын гишүүн асан Д.Түвдэндорж өрсөлдөж байгаа. 

Нийслэлийн АН-ын ирэх дөрвөн жилд хэн удирдах нь нийслэлийн 26,700 гаруй гишүүн сонголтоо хийснээр тодорхой болох юм. Харин Үндэсний бодлогын хороонд Их аварга Д.Дагвадорж, Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаа, УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр, Ц.Гарамгайбаатар, Х.Баттулга, нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл зэрэг 511 хүн өрсөлдөж байгаа юм. Дугаар шилжих мөчид тус намаас өгч буй мэдээллээр санал хураалт товлосон цагтаа орон даяар нэгэн зэрэг эхэлсэн бөгөөд ямар нэг будилаан маргаангүй сонгууль хэвийн үргэлжилж байв.