Эрүүл мэндийн системийг цахимжуулах шаардлагатай
БОАЖ-ын сайд Д.Оюунхорол олон улсын эмч нарын эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан БЗД-ийн 1, 2, 3, 7,21, 27 дугаар хороодын өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч, албан хаагчидтай уулзлаа.
Уулзалтын эхэнд БОАЖ-ын сайд Д.Оюунхорол
“Хүн амынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах ариун үйлсэд мэдлэг оюун, авъяас чадвар, хүч хөдөлмөр, бие сэтгэлээ зориулан ажиллаж байгаа эмч, сувилагч эмнэлгийн ажилтнууддаа “Дэлхийн эмч нарын өдөр”-ийн баярын мэндийг өргөн дэвшүүлж, эрүүл энх аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе. Иргэдэд хамгийн ойр байж тэдний эрүүл мэндийг сахин хамгаалах, урьдчилан сэргийлэх ажлыг цаг алдалгүй үзүүлж байдаг өрхийн эмнэлгүүдийн эмч, сувилагч, ажилтан хаагчиддаа УИХ, Засгийн газраас эрүүл мэндийн салбарт авч хэрэгжүүлсэн бодлого шийдвэрийг танилцуулж, та бүхнийхээ санал бодлыг сонсож холбогдох байгууллагуудад уламжлах зорилгоор энэхүү уулзалтыг хийж байна.
Бид засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж Эрүүл мэндийг дэмжих сангийн үйл ажиллагааг сэргээсэн нь нь 2017 оныг Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жилээр зарласантай холбоотой гаргасан чухал шийдвэрүүдийн нэг байсан. Мөн ӨЭМТ-ийн бүтэц үйл ажиллагааны стандартыг шинэчлэн боловсруулж байна. Ингэснээр шинэ стандаратаар нэг эмчид хоёр мянгаас дээшгүй хүн үзүүлдэг байхаар тусгагдаж байна.
Тэгвэл 20 мянган хүн амтай хорооны өрхийн эмнэлэгт арван эмч ажилладаг болох, сувилагчийн ажлыг өдрийн эмчилгээний, гэрийн эргэлтийн гэж хуваарилснаар стандартад нийцсэн бодит тусламж үйлчилгээг үзүүлэх боломж бүрдэх юм. Цаашдаа иргэн өөрөө өрхийн эмчээ сонгож бүртгүүлдэг, эмч бүртгэлтэй иргэнээ үздэг, үзлэг хийсний тоогоор санхүүжилтыг эрүүл мэндийн даатгалтай холбох механизмыг бүрдүүлэхээр ажиллаж байна. Эрүүл мэндийн системыг цахимжуулсанаар хяналтыг хийх боломж бүрдэх юм” гэлээ.
Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат уулзалтанд уригдан оролцсон юм.
Тэрээр “Цагаан нөмрөгт баатрууддаа “Олон улсын эмч нарын эрхийг хамгаалах өдөр”-ийн мэндийг хүргье. ЭМЯ-наас Эмнэлгийн тусламж, үйлчилгээний талаар чанар хүртээмжийг дээшлүүлэх олон ажлыг төлөвлөн хийж, хэрэгжүүлж байгаа. Элэгний өвчлөлийг бууруулах "Элэг бүтэн Монгол хүн" хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хүрээнд маш олон ажлыг зохион байгуулан үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа. Манай улсад Эрүүл мэндийн салбарт өөрийн сэтгэл зүрх, хүч хөдөлмөрөө дайчлан ажилладаг 48,000 мэргэжилтэн байдаг. Эдгээрийн 5,000 орчим нь элэгний “С” вирустай бөгөөд эдгээр хүмүүсийг эрүүл мэндийн асуудлыг бүрэн шийдэхээр болсон. Цааш цаашдаа эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлуудыг шийдэхээр уйгагүй ажиллана” гэв.
Уулзалтанд хүрэлцэн ирсэн өрхийн эмч, сувилагч албан хаагчид өөрсддөө тулгамдаад буй, хамгийн түрүүнд шийдвэрлэх шаардлагатай асуудлуудаа хэлж байлаа. Баянзүрх дүүрэг бол хамгийн их хүн амтай дүүрэг. Иймдээ ч эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах өрхийн эмнэлэг, техник тоног төхөөрөмжийн хүртээмж муу, ажилчдын нийгмийн асуудлыг шийддэггүй, ариун цэврийн байгууламж байдаггүй, машины хүртээмж муу байдгаас иргэн бүрт очиж үйлчлэх нөхцөл хангагддаггүй гэх зэрэг маш олон асуудлыг уулзалтаар хэлэлцлээ.
Энэ үеэр ажил үйлстээ амжилт үзүүлсэн зарим эмч, сувилагчид шагнал гардууллаа.
Эрүүл мэндийн яамны жуух бичгээр:
- БЗД-ийн II хорооны “Миний зөвлөгч” ӨЭМТ-ийн их эмч Ц.Алтанцэцэг, тус эмнэлгийн сувилагч Ч.Нармандах,
- XXI хорооны “Ачит сайхан” ӨЭМТ-ийн Уламжлалтын их эмч Г.Гантуяа, тус эмнэлэгийн Мэдээлэл дүн бүртгэл хариуцсан мэргэжилтэн Б.Золжаргал, сувилагч П.Дүүрэн,
Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан цол тэмдэгээр:
- III хорооны “Эмнэхүй” ӨЭМТ-ийн сувилагч Ж.Намжилжав,
- I хорооны “Хүн төвт” ӨЭМТ-ийн сувилагч Т.Буянжаргал нарыг тус тус шагналаа.
Эх сурвалж: БОАЖЯ