Дорвитой дуугарч, идэвхтэй ажиллах хэрэгтэй байна
УИХ-ын гишүүн Б.Саранчимэг
2017.03.30

Дорвитой дуугарч, идэвхтэй ажиллах хэрэгтэй байна

Хүн, нийгэм, экологи гэсэн гурван цогц асуудлыг нэгэн жигд анхаарч байж улс орон тогтвортой хөгжинө. Тэр дундаа Монгол Улсын эмзэг эко системд онцгой анхаарч, байгаль орчны доройтлыг цаг алдалгүй шийдвэрлэх шаардлагатай байна.

Өнгөрсөн хугацаанд Монгол Улс байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх тал дээр дорвитой ажиллаагүйн улмаас нийт нутгаар цөлжилт тархсан, цэвэр усны нөөцөөр ядмаг, ой мод, ногоон байгууламжаар хомс орны тоонд багтаж байна. Тиймээс энэ асуудлыг төрийн бодлогын түвшинд аваачих зорилгоор Б.Саранчимэг УИХ-д нэр дэвшин, улмаар Баянзүрх дүүргийн иргэдийн итгэлийг авч, сонгогдон ажиллаж байна.

Тэрээр 2010 онд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирлаар томилогдож 5 жил ажилласан. Баянзүрх дүүрэг, ИХ хүрээ гудамжинд орших уг хүрээлэн эзгүй, хоосон талбай байсан гэж болно. Энд цэцэрлэгт хүрээлэн байгуулах талаар цөөнгүй жил яригдсан ч 2010 онд ТЭЗҮ-ийг боловсруулж, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийсэн байдаг.

Хөрсний судалгаагаар ургамал ургахад хүнд нөхцөлтэй гэж тодорхойлогдсон ч иргэд, ажилчдын оролцоотой ухаалаг менежмент нэвтрүүлсний дүнд өнөөдрийн өнгө төрхөө олсон бөгөөд урин дулааны улиралд нийслэлийн иргэдийн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлдэг нэг газар болсон билээ.

1 сая бут, сөөг тарихаас гадна талбайн тохижилт, авто зогсоол, услалтын систем, гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, камержуулалтын систем, спорт талбай, гүйлтийн зам, усан оргилуур, хүүхдийн тоглоомын талбай, үйлчилгээний газрууд гээд бүхнийг нэг дор иж бүрнээр шийдэхэд гадаад, дотоодын хөрөнгө оруулалт шаардлагатай байсан ч гардаж хийхэд чин сэтгэл хамгийн чухал байсныг Б.Саранчимэг онцолдог.

Тэрээр өнгөрсөн дөрвөн жилд НИТХ-ын төлөөлөгч, НИТХ дахь Байгаль орчин, экологийн хорооны даргаар ажиллаж, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын зөвлөх хийж байв. Энэ үедээ “Нийслэлийн ундны усны аюулгүй байдлын хөтөлбөр”-ийг батлуулах, хотын ногоон байгууламжийн мастер төлөвлөгөө боловсруулах, нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх болон экологид зарцуулах төсвийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажилласан гэдэг.

Сүүлийн 10 орчим жил зөвхөн байгаль орчин, ногоон байгууламжийн асуудлаар дагнаж ажилласан байна. Түүний барьж авсан асуудал туйлын оновчтой бөгөөд цаг хугацааны уртад үнэ цэнээ алдахгүй. Тиймээс цаашид ч тууштай, дорвитой ажиллах хэрэгтэй.

Улс төрийн туршлага харьцангуй бага, суралцаж яваа түүний хувьд УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороонд харьяалагдаж, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргын албыг хашдаг.

Тэрээр Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлах тухай УИХ-ын тогтоол, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл хэлэлцэж байх үеэр хог хаягдлын менежмент, мод үржүүлэг, цэцэрлэгт хүрээлэнгийн ач холбогдлын талаар өөрийн байр сууриа илэрхийлсэн. Мөн байгаль орчин, хүний эрүүл мэнд хоёрыг хооронд нь холбож, цэцэрлэгт хүрээлэнг бүх нийтийн эрүүл мэнд, биеийн тамирыг хөгжүүлэх газар болгох нь зүйтэй гэж үзэж байна.

Намрын чуулганаар батлагдсан малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх боломжоор хангасан, төрүүлж, өсгөсөн хүүхэд бүрийн тоогоор 1,5 жил нэмж тооцох, малчдын тэтгэврийн насыг наашлуулах зорилготой хуулийн төслүүдийг УИХ-ын гишүүн С.Чинзориг нартай хамтран санаачилсан байдаг.

Түүнчлэн Ахмад настны тухай хуульд өөрийн саналыг нэмэрлэж, насны хишиг авах насны босгыг намсгасан юм. Хүүхэд, залуучуудын бие бялдар, оюун ухааны хөгжүүлэх, нялх, балчир үрсийн хоол тэжээлийг чанаржуулах, тэдний дунд тохиолддог өвчлөлийг бууруулах чиглэлд анхаарч байна.

Энэ бүхнийг зөвхөн эхлэл гэж ойлгож байгаа учраас цаашид тогтвортой хөгжлийн гол гарц болсон байгаль хамгаалах, хүнийг хөгжүүлэх, нийгмийг эрүүлжүүлэх тал дээр хууль тогтоомжийн төсөл санаачилж, хэрэгжилтэд хяналт тавихыг хүсье.