УИХ-ын гишүүн Л.Болд тойрогтоо ажиллаж байна
УИХ-ын гишүүн Л.Болд
2017.02.22

УИХ-ын гишүүн Л.Болд тойрогтоо ажиллаж байна

УИХ-ын намрын чуулган хаалтаа хийж, гишүүд сонгогдсон тойрогтоо ажиллаж байгаа билээ.

Тэгвэл УИХ-ын гишүүн Л.Болд өчигдөр өөрийн сонгогдсон Хан-Уул дүүргийн 57 дугаар тойргийнхоо иргэд, сонгогчидтой уулзаж, тэдэнд цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Уулзалтын үеэр УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар хэлэлцсэн асуудал болон шинэ Засгийн газрын үйл ажиллагааны талаар танилцуулсан юм.

“Мэргэжил”-ийн гэх тодотголтой Засгийн газрыг байгуулаад 200 гаруй хоног өнгөрч байгаа. Энэ хугацаанд гишүүд 59 тогтоол, 170 гаруй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар Ажлын хэсэг гаргажээ. Энэ үеэр иргэдийн зүгээс хүүхдийн мөнгө, газар өмчлөл, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн өссөн тухай асуудлыг хөндөж байлаа. 

Манай улс ОУВС-гаас зээл авах болсонтой холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Болд “Ирэх долоо хоногийн ээлжит бус чуулганаар энэ тухай авч хэлэлцэхээр болсон. Энэ зээлийн хэлэлцээрт иргэдийг хохироох олон шийдвэр байгаа. Бүх төрлийн татварыг өсгөхөөс эхлээд иргэдийн нуруун дээр ирэх олон асуудал байна. Үүнийг хуралдаанаар батлах нь зөв эсэхийг шийднэ” хэмээн тодотголоо. 

ОУВС-гийн “Extended fund fucility” буюу Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн гэрээний нөхцөлд дараах долоон шаардлагыг тавьж байгаа аж.

Үүнд тэтгэврийн насыг уртасгах, цэргийн албан хаагчийн орон сууцны хангамжийг зогсоох, татварыг нэмэх, хүүхдийн мөнгийг зөвхөн зорилтот бүлэгт олгох, эмийн хэрэглээний төсвийг танах зэрэг багтжээ. Хэрэв ОУВС-тай тохиролцоод зээлээ авдгаараа авахаар болвол дээрх арга хэмжээг авах нь цаг хугацааны асуудал аж. Эдийн засаг хямарч болох хэмжээнээс доогуур байгаа нөхцөлд энэ нь зөв гарц мэт боловч иргэдэд дараагийн үүсэх асуудал тэдний амьжиргаанд хэрхэн нөлөөлөх талаар санаа зовж байна. 

“Мэргэжил”-ийн Засгийн газар үйл ажиллагаагаа эхэлснээс хойш ипотекийн найман хувийн зээлийг зогсоож, Хамтын тэтгэврийн тухай хуулийг хүчингүй болгож, гэр хорооллын дахин төлөвлөлтийг зогсоосон билээ. Түүнчлэн эмч, багш нарын 36 сарын тэтгэврийг бууруулж, оюутан солилцоо, Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг зогсоож, “11-11” Үндэсний мэдээллийн лавлах төвийг татан буулгасан зэрэг шийдвэр гарсныг УИХ-ын гишүүн Л.Болд хэлж байлаа.

Тэрбээр нам солигдсоны дараа 11 мянган төрийн албан хаагчийг халж, төрийг төрлийн үүр болгож байна. Үр дүнд нь олон жил ажилласан, туршлагатай иргэд хохирч байна. Үүний эсрэг шийдвэр гаргаж ажиллана гэдгээ ч хэллээ. Харин ипотекийн найман хувийн зээлийг зогсоосноос хойш зах зээлд бэлэн байгаа 30 гаруй мянган орон сууц эзэнгүй болж, нэг талаар барилгын компанийхан хохирч байгаа юм. Үүнийг цаашид шийдэж, үргэлжлүүлэх шаардлага гараад байна гэв

Л.Болд гишүүн дүүрэгтээ хэрэгжүүлэх гэж байгаа “Eco city Яармаг” гэр хорооллын төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг иргэд их сонирхож байв. Энэ төслийг Герман улсын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Ингэхдээ ганцхан Хан-Уул дүүрэгт энэхүү хорооллыг бариад зогсохгүй төслийг үргэлжлүүлнэ гэдгийг ч хэлж байсан юм. 

Иргэдийн ярьж байгаагаар оффшор бүсэд хадгалсан мөнгө хямраад байгаа одоогийн эдийн засгийг босгох хүч, өсгөх гарц гэж үзэж байгаа талаар хэлж байв. Дээдэх нь суудлаа олохгүй бол доодох нь гүйдлээ олохгүй гэдэг шиг төрийн түшээдийг гүйцэтгэх байгууллага нь үүргээ биелүүлж, хууль тогтоодог нь хяналттай ажиллах цаг болсон. Суудлаа ялгаж салгах хэрэгтэй байгаа талаар тус дүүргийн дөрөвдүгээр хорооны иргэд хэлж байна.