Ирэх жилүүдэд боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарт боловсруулан, батлуулах хуулийн төслүүд
2017.02.17

Ирэх жилүүдэд боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарт боловсруулан, батлуулах хуулийн төслүүд

Засгийн газар ирэх жилүүдэд боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарт дараах 14 хууль тогтоомжийг зайлшгүй батлан гаргах нь зүйтэй гэж үзжээ. 

Шинэ хууль

Гурван шинэ хууль гаргана. 

Киноны тухай:

Кино урлагийн салбарын хөгжлийг төрөөс дэмжих, кино үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, уран бүтээлчдийн эрхийг хамгаална. Ингэхдээ Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгад нийцүүлэн боловсруулж, хууль хоорондын уялдааг хангана.

Шинжлэх ухааны паркийн тухай:

Судалгаа, боловсруулалтын ажлын үр дүн, оюуны бүтээлийг үйлдвэрлэлд нэвтрүүлэн, эдийн засгийн эргэлтэд оруулж, инновацийг дэмжинэ.

Эрдэм шинжилгээ, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, зохион байгуулалтын арга хэлбэрийг тодорхойлно.

Музейн тухай:

Соёлын өв гэмтэх, устах, хулгайд алдагдах эрсдлээс сэргийлэх зорилгоор улс, орон нутгийн музейн сан хөмрөгийн хадгалалт, хамгаалалтыг олон улсын түвшинд хүргэнэ.

Үзмэр, эд өлгийн зүйлсийг эдийн засгийн эргэлтэд оруулж, үр өгөөжийг дээшлүүлэх, судалгаа шинжилгээний ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх болно.

Музейн үйл ажиллагааны бүтэц, зохион байгуулалтыг зохистой удирдлагаар хангаж, ажилтан албан хаагчдын цалин, урамшуулал, нийгмийн асуудлыг сайжруулна.

Дэлхий нийтийн музейн хөгжлийн чиг хандлагыг өөрийн улсад нэвтрүүлнэ.

Шинэчилсэн найруулга

Гурван хуулийг шинэчлэн найруулна

Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулга тухай:

1996 онд батлагдсанаас хойш Соёлын тухай хууль шинэчлэгдээгүй. Тиймээс хуулийн зохицуулалтыг соёл, урлагийн өнөөгийн харилцаа, шаардлагад нийцүүлэн шинэчилнэ. 

Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулга:

Олон улсын шинжлэх ухаан, технологи болон инновацийн харилцан уялдааг хангах замаар өөрийн онцлогт тохирсон үндэсний инновацийн тогтолцоог бүрдүүлнэ.

Олон улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн ололт, амжилт, чадавхи, хүрсэн түвшин, хөгжлийн зорилтуудад уялдуулан шинэчилнэ. 

Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулга:

Биеийн тамир, спортын салбарын хүчин чадал, тогтолцоог боловсронгуй болгох, үйлчилгээний хүртээмжийг сайжруулна.

Хүний нөөцийг чадваржуулж, спортын төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гэрээгээр гүйцэтгүүлнэ. Хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх замаар салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ.

Нэмэлт, өөрчлөлт

Найман хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна. 

Соёлын өвийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай:

Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгатай уялдуулан Соёлын өвийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна.

Соёлын өвийг өмчлөх, эзэмших, ашиглах, үнэлэх, даатгалд хамруулах, соёлын өвийн загвараар бэлэг дурсгалын зүйл хийх, мерчандайзингийн гэрээг өөрчилнө. 

Номын сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай:

Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгатай уялдуулан Номын сангийн тухай хуульд нэмэлт оруулна.

Номын санд хадгалагдаж буй соёлын өвд хамаарах ном бүтээлийн бүртгэл, судалгаа, хадгалалт хамгаалалт, сэргээн засварлалт, ашиглалтыг боловсронгуй болгоно.

Иргэн, хуулийн этгээдээс номын сан байгуулахад тавих шаардлагыг тодорхой тусган. 

Инновацийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай:

Шинжлэх ухаан, технологи болон инновацийн харилцан уялдааг хангах замаар Үндэсний инновацийн тогтолцоог бүрдүүлнэ.

Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай:

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэн, эрх зүйн орчинг боловсронгуй болгож, Монгол Улсын тогтвортой хөгжлийг хангана.

Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай:

Дээд боловсролын салбарын тогтвортой хөгжил, төрийн өмчийн сургуулиудын бие даасан байдлыг хангана.

Хуулийн давхардал, зөрчлийг арилгах замаар салбар дундын хуулиудад нийцүүлнэ.

Дээд боловсролын зээлийн санг байгуулах асуудлыг холбогдох хуулиудад нийцүүлэн өөрчилнө. 

Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай:

Зайлшгүй шаардлагатай зарим нэр томьёонд тайлбар хийнэ. Салбар дундын хуулиудад нийцүүлнэ.  

Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай:

Төр, хувийн хэвшлийн байгууллагууд дэргэдээ албан хаагчдын хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах зорилгоор байгууллагын цэцэрлэгийг нээж байгаатай холбогдуулан эрх зүйн орчинг боловсронгуй болгоно.

Хүүхдийн хоолны чанар, стандартыг тогтоох, сургуулийн өмнөх боловсролын хүртээмжийг сайжруулах, үр өгөөжийг нэмнэ.

Бага, дунд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай:

Ахлах ангийн хүүхдүүдийн хичээл сонголтын асуудлыг хөдөө орон нутагт оновчтой шийдвэрлэнэ.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, бага ангийн хүүхдийн үдийн хоол болон бусад асуудлыг зохицуулна.