2017.02.17
Эрдэмтэд Ж.Батсуурь сайдад "хайр зарлав"
Ж.Батсуурь сайдыг сүүлийн үед шинжлэх ухааны салбарынхан нь "Хонгилын үзүүрт гэрэл асааж буй сайд" хэмээн магтах болсон гэнэ. Бүр шинжлэх ухаанд элэгтэй сайд хэмээн өргөмжлөөд байгаа аж.
Учир нь сүүлийн жилүүдэд шинжлэх ухааныг үл ойшоож байгаад итгэл алдран, гундаж явсан эрдэмтдийн сэтгэлийг сэргээх олон ажлыг эрхэм сайд хийхээр төлөвлөж эхлээд байгаа юм байх. Тухайлбал, энэ жил шинжлэх ухааны эрдэм шинжилгээ, хөрөнгө оруулалтын зардал санхүүжилт хоёр тэрбум төгрөгөөр нэмсэн, шинжлэх ухааны байгууллагынхныг хүлээн авч уулзан саналыг нь сонсож, өөрийн яамнаас хийх гэж буй ажлаа ярихдаа манай орны шинжлэх ухааны хөгжлийг эрчимжүүлэхэд онолын судалгааг нэмэгдүүлэх, санхүүжилтийн олон эх үүсгэвэрт механизмыг төлөвшүүлэх, шинжлэх ухааны мэдээллийг сайжруулах, лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, шинжлэх ухааны парк байгуулах зэрэг олон асуудлыг хөндөж хэрэгжүүлж ажиллахаа танилцуулсан гэнэ.
Түүнчлэн эрдэмтэн судлаачдын нийгмийн асуудалд анхаарч цалингийн сүлжээг шинэчлэх, залуу судлаачдыг дэмжих талаар анхаарч ажиллахаа амласан зэрэг нь шинжлэх ухааны салбарынханд маш их таалагдаж байгаа аж. Ямартай ч, энэ олон эрдэмтэн судлаачдын итгэлийг алдалгүй амласнаа хэрэгжүүлэхийн төлөө зүтгэх л үлдэж дээ, сайд аа.