Халамжинд анхаарсан намрын чуулган
Эдийн засгийн хямралыг “эмчилнэ” гэсэн хүлээлт үүсгээд байсан намрын чуулган өнгөрсөн баасан гарагт хаалтаа хийлээ. Иргэдийн хүлээлт талаар болох, эсэхэд дүгнэлт хийхэд эрт учир намрын чуулганы хугацаанд юу амжуулсан гэдгийг тоймлон хүргэе.
Энэ оны төсөв, мөнгөний бодлогыг баталж, эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан хэмнэлтийн горимд шилжүүлж байгаагаа УИХ-ын дарга М.Энхболд онцолсон. УИХ Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийн төсөлд багагүй засвар оруулж, төсвийн алдагдлЫг 0.8 нэгжээр буулгасан. Мөн Ж.Эрдэнэбатын тэргүүлж буй танхимын ирэх дөрвөн жилд хийх ажлын төлөвлөгөөг баталж, Засгийн газрын үйл ажиллагааг “чиглүүллээ”. Үүнээс гадна Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийг эцэслэж, хямралыг даван туулах бодлогоо эрх баригчид тодорхойлсон юм. Ингэхдээ төсвийн сахилга батыг сайжруулж, шийдлээ хүлээсэн томоохон төслүүдээ эдийн засгийн эргэлтэд оруулахаар болов.
Түүнчлэн өнгөрсөн парламентын баталсан хэд хэдэн хуулийн үйлчлэх хугацааг хойшлуулж, нэмэлт засвар хийв. Өөрөөр хэлбэл, нэмэлт, өөрчлөлт хийх нэрийдлээр хуулийн автор солих ажлыг ч гүйцэтгэв. Мөн МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгасан нийгмийн хамгааллын хуулийг баталж, халамжийн тогтолцоог хавтгайрууллаа. Үүнийг орон нутаг болон Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажилтай холбон тайлбарлаж, шүүмжлэх хүн цөөнгүй байна.
Гэхдээ намрын чуулганы хаалттай зэрэгцэн хоёр Засгийн газар дамжин яригдаж буй Олон улсын валютын сантай хамтарч хөтөлбөр хэрэгжүүлэх ажилд цэг тавьж, өнөөдрийн байдлаар үзэглэх ажил л үлдээд байна.
Ингээд УИХ-ын намрын чуулганы үр дүнг намуудын төлөөлөл хэрхэн дүгнэж байгааг хүргэе.
Д.ЦОГТБААТАР: ЗАСГИЙН ГАЗАР ЦАГ АЛДАЛГҮЙ АЖИЛЛАЛАА
-Эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа ч намрын чуулганы үеэр бид шаардлагатай арга хэмжээнүүдийг авч, олон хууль баталлаа. Ялангуяа дөрвөн салбарын аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварыг 90 хувиар хөнгөллөө. Энэ бол бизнесээ дэмжих, бизнес эрхлэгчдэд очиж буй дарамтыг бууруулахад том дэмжлэг болж байгаа юм.
Эдийн засаг хэчнээн хүндрэлтэй байгаа ч сонгуулийн үеэр амлаж байсан зүйлсээ марталгүй биелүүлж, ахмад настнууддаа "Насны хишиг" олгож эхэлсэн. Эргээд бидэнд хаврын чуулганаар бодох зүйл олон байна. Гэхдээ ямар ч байсан нэг зүйлийг амжуулах, бүтээчих юмсан гэж ажиллалаа. Засгийн газар ч цаг алдалгүй ажиллахыг хичээсэн. Гэхдээ шийдэмгий байж нэг талдаа гарч ажиллаж чадсангүй.
Л.БОЛД: ЭДИЙН ЗАСГИЙГ САЙЖРУУЛАХАД БОДИТ АЖИЛ ХИЙХ ХЭРЭГТЭЙ
-Хууль хяналтын байгууллагуудтай холбоотой олон хууль баталлаа. Энэ бүгд Үндсэн хууль бий болсон тогтолцооноос ухарсанд харамсаж байна. Цаашид засаж сайжруулж, хүнлэг иргэний нийгэм байгуулах Үндсэн хуулийн зүйл заалтыг бодит ажил болгох чиглэлд ажиллах шаардлагатай. УИХ-ын дараа дараагийн чуулганаар хий дэмий улстөржиж, намын үзэл бодол, өөрсдийн хүсэл сонирхолдоо хөтлөгдөх маягаар ажиллаж болохгүй.
Монгол Улсын бодит нөхцөл байдалд дүгнэлт хийж, ирээдүйг харсан, 1992 оноос хойш шинэ Монгол Улсыг бий болгож байгаа асуудалд анхаарах хэрэгтэй байна. Эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулах чиглэлд хувийн хэвшил, бизнесийг дэмжих, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх бодитой ажил хийгээсэй.
Н.ОЮУНДАРЬ: ХЯМРАЛТАЙ БАЙГАА Ч АМЛАЛТАА БИЕЛҮҮЛСЭН
-УИХ-ын намрын чуулган зорьсон зорилгоо сайн биелүүллээ гэж би үзэж байна. Яагаад гэвэл бидний сонгуулийн өмнө гаргаж байсан мөрийн хөтөлбөр үндсэндээ Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болсон. Амлалтаа хэрэгжүүлж эхэлсний гол ажил нь ахмад настанд олгож буй тусламж, оюутнуудад зориулсан зээлийн сан гээд олон ач холбогдолтой хуулийг өргөн барьж, явцын дунд сайжруулаад баталсан.
Эдийн засгийн хямралтай цаг үе тохиож буй ч гэсэн амлалтаа биелүүлээд явж байна. Мөн орлого олох, төсвийг алдалгүй байлгах талаар нэлээд ажил хийж байгаа. Засгийн газрын үйл ажиллагааг бэхжүүлэх, бизнесийг дэмжих гээд тунхагийн чанартай ажлыг ч хийж байна. Тухайлбал, гадаад харилцааны салбарт Дипломат албаны тухай хуулийн төслийг хэлэлцүүллээ.
О.БААСАНХҮҮ: ТОМООХОН ТӨСӨЛД ХАРИУЛТ ӨГӨХ БАЙСАН
-Ирэх дөрвөн жил болон ирээдүйг тодорхойлох ёстой чуулган байсан. Үр дүнд сэтгэл дундуур байна. Учир нь энэ удаагийн чуулганаар томоохон төслүүдэд хариулт өгөх ёстой байсан. Бидний нүдээр 65-уулаа нэг намын гишүүн мэт харагдаж байгаа боловч эрх ашгийн сонирхолтой, олигархиудын бүлэглэл сууж байна.
Эрх ашгийн зөрчил гаргаад хоорондоо хэрэлдэж, гацааж улстөржөөд ард түмний итгэлийг алдаж байна. Хуваагдал зөрчлийг арилгаж нэг чигт явъя, шийдвэрлэх хэсэг нь олонх байя гэж 65 хүнийг сонгосон. Гэтэл маш олон халамжийн хууль баталлаа. Монголчууд ядуу байгаа ч эдийн засгийг сайжруулахын тулд жаахан тэсэх ёстой. Ахмад настанд 50 мянган төгрөг хувааж өгч буй нь ямар ч ач холбогдолгүй зүйл. Ард түмэн мөнгө гуйгаагүй зөвхөн ажилтай, орлоготой болохыг хүссэн.
Г.ТЭМҮҮЛЭН:ХҮЛЭЭЛТТЭЙ БАЙСАН ХУУЛИУДЫГ БАТАЛЛАА
-Шинэ УИХ-ыг бүрдүүлснээс хойш хагас жил гаруйн хугацаанд ажиллаж, хүлээлттэй байсан хууль, тогтоомжийг баталж, эрх зүйн орчныг нь бүрдүүллээ. Сонгуулийн үеэр МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгасан, мөн Засгийн газрын хэрэгжүүлэх төлөвлөгөөнд тусгасан хэд хэдэн бодлогын шийдвэр гарсан. Тухайлбал, малчдын тэтгэвэрт гарах насыг таван жилээр наашлуулсан.
Мөн малчид нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх боломжтой боллоо. Дээр нь малчдын зээлийн хүү 18 хувь байсныг 15 болгож бууруулах нөхцөлийг бүрдүүлж өгсөн. Залуу ээжүүд үр хүүхдээ өсгөн бойжуулах хугацааг 1.5 жилээр нэмэгдүүлж тооцдог болсон. Малчдын хөдөлмөрлөсөн нэг жилийг 1.2 жилээр ахиулан тооцдог болох Хөдөлмөрийн хуулийн зохицуулалт хийлээ. Энэ мэт нийгмийн олон асуудал шийдлээ олоод байна.