Ц.Сандуй: Хотын тулгамдсан асуудлыг цогц бодлого, төлөвлөлтөөр шийднэ
НИТХ-ын дарга Ц.Сандуй
2017.02.15

Ц.Сандуй: Хотын тулгамдсан асуудлыг цогц бодлого, төлөвлөлтөөр шийднэ

НИТХ-ын дарга Ц.Сандуйтай ярилцлаа.

-Улаанбаатар хот өвлийг өнөтэй давж байна уу. Гамшгийн хэмжээнд хүрээд буй агаарын бохирдлыг бууруулахад ямар ажлууд хийж байна вэ?

-Өвлийн улиралд Улаанбаатарчуудын хувьд утааны асуудал тулгамдсан асуудал болдог. Утааны асуудлыг хэрхэн шийдэх вэ гэдэг дээр гол анхаарлаа тавин ажиллаж байна. Өнгөрсөн нэгдүгээр сард Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаж утаа гамшгийн хэмжээнд хүрсэн байна гэдгийг хаа хаанаа хүлээн зөвшөөрлөө. Нэг жилийн хугацаанд, нэг өвлийн тухайд биш цогцоор нь бодлого барьж, үе шаттайгаар бууруулах чиглэл тодорхойлогдсон.

Иргэддээ уриалга гаргаж хамтран тэмцэх тухай яригдсан. Өнгөрсөн долоо хоногт НИТХ хуралдаж сүүлийн арав гаруй жилд агаарын бохирдлыг бууруулахаар хийсэн ажлуудын тухай мэдээллийг сонсч танилцсан. Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт утааг жил бүр 10 хувиар бууруулж, 2020 онд агаарын бохирдлыг 30-40 хувиар бууруулахаар төлөвлөлт хийгдсэн. Иргэдийн Төлөөлөгчдийн саяын хуралдаанаар гурван сарын хугацаанд агаар, орчны бохирдлыг бууруулах төлөвлөгөөг батлан гаргасан.

Энэ бол утаа дэгдэлтийн ид үед онцгой горимд ажиллах нарийвчилсан төлөвлөгөө юм. Утааг бууруулах ажлыг эрэмбэлж, эхний гурван сар хийгдэж буй зарим ажлаас дурдвал, цэцэрлэг, сургуулийн доторх агаарыг цэвэршүүлэх тоног төхөөрөмжийг Дэлхийн банктай хамтраад тавьж байна. Маск тарааж байгаа. Дулааны улиралд ч урт хугацааны хөтөлбөрийг тогтвортой хэрэгжүүлнэ.

-Өнгөрсөн арав гаруй жилийн хугацаанд агаарын бохирдлыг бууруулахаар олон ажил хийгдсэн ч үр дүн гарахгүй байна?

-Өнгөрсөн хугацаанд утаатай тэмцэх цогц бодлого, стратегигүй явж ирсэн байна. Тохиолдлын шинжтэй арга хэмжээ авч ирсэн нь үр дүнд тэр бүр хүрсэнгүй. Их мөнгө зарцуулсан ч агаар, орчны бохирдол өмнөхөөс нэмэгдэж, гамшгийн хэмжээнд хүрлээ. Бид хамгийн зөв гаргалгааг олох ёстой. Хуучин зарим арга дээрээ орчин үеийн шинэ технологийг нэвтрүүлж, бохирдлыг бууруулах ажлыг зөв менежмэнтээр явуулахыг зорьж байна. Зөвхөн төр засаг утаатай тэмцэхгүй, иргэд, аж ахуйн нэгжүүдийг татан оролцуулах ёстой. Гэр хороололд амьдарч буй иргэд дулаалгаа хийхээс эхлээд юу түлэх вэ гэдгээ сонгох гэх мэтээр дор бүрнээ агаарын бохирдлыг бууруулахад санаа тавьж, бас төрийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн хамтарч ажиллах хэрэгтэй байна.

-Замын түгжрэлийг бууруулахад ямар бодлого баримталж ажиллах вэ?

-Улаанбаатар хотын тулгамдсан долоон бэрхшээл байна гэж үздэг бөгөөд тэдгээр асуудлыг цогцоор нь шийдвэрлэхийг хичээх ёстой. Хорт утаа гаргаж буй насжилт өндөртэй автомашины тоог хязгаарлаад эхэлвэл агаарын бохирдлыг бууруулахад эергээр нөлөөлнө. Тодорхой хугацаа зааж баруун жолоодлоготой болон дизель хөдөлгүүртэй, насжилт нь 15 жилээс дээших тээврийн хэрэгслийн тооны өсөлтийг хязгаарлах, тэдгээрийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх арга хэмжээг иргэдэд дарамт учруулахгүйгээр хийж эхэлнэ. Автомашины тоо цөөрснөөр замын хөдөлгөөний түгжрэл багасч, агаарын бохирдол ч буурна. Иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлахаас эхлээд зоримог алхмыг хийж байж хотын хөгжлийг урагшаа ахиулахаас аргагүй үе ирж байна.

-Улаанбаатар хотыг нүүлгэхээс аргагүй боллоо гэж зарим нэг УИХ-ын гишүүд мэдээлэл өгч байна. Хотыг нүүлгэх эсэх дээр таны бодлыг сонсъё?

-Улаанбаатар хотын эрх зүйн орчныг сайжруулах ёстой. Тийм учраас НИТХ ирэх дөрвөн жилд Улаанбаатар хотын хөгжлийн суурь хүчин зүйл болсон эрх зүйн орчныг сайжруулахад анхаарч ажиллана. Тодорхой шалтгаан үүсвэл нийслэлийн үүргийг өөр хот гүйцэтгэж болох талтай боловч Улаанбаатар хот нүүхгүй, оршин тогтносоор байх болно. Эрх зүйн орчны зэрэгцээ Улаанбаатар хот бие даасан хөгжих боломжийг нээх, санхүүгийн эрх мэдлийг нь өргөтгөж байж хөгжинө.

-Дагуул хотыг бий болгох, эсвэл энэ байгаа хотын хөдөлгөөнийг хумих тухай саналууд яригддаг. Хот ба дэд бүтцэд ямар бодлого баримтлах вэ?

-Дагуул хот буюу алслагдсан дүүргийг хөгжүүлэх бодлого мөрийн хөтөлбөрт тусгагдсан. Тэрний дагуу дагуул хотыг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлнэ. Цаашид Улаанбаатар болон дагуул хот, тосгон агломераци хэлбэрээр харилцан хамааралтай, бие биенээ дэмжин хөгжинө.

-ТҮЦ эрхэлдэг хүмүүсийг хоногийн хоолноос нь салгаж байхын оронд ажлын байрыг нэмэгдүүлэхэд анхаарах ёстой юм биш үү гэсэн шүүмжлэл гарсан?

-Хотын хүнсний аюулгүй байдал нэн түрүүнд тавигдана. Ариун цэврийн наад захын шаардлага хангахгүй, зөвшөөрлөө аваагүй ТҮЦ-үүдийг татан буулгах ажил өрнөсөн. Өнгөрсөн 2008-2012 онд ТҮЦ-ийг “Хашаа” арга хэмжээний хүрээнд цэгцэлсэн байсан ч өнгөрсөн хоёр жилийн хугацаанд зөвшөөрөл аваагүй ТҮЦ борооны дараахь мөөг шиг олширсон. Зөвшөөрөлгүй ТҮЦ-ийг хориглох арга хэмжээг цаашид ч хэрэгжүүлнэ. Улаанбаатар хотын төв замын дагуу ТҮЦ-ийг байлгахгүй гэсэн бодлого бас бий. Гэхдээ ТҮЦ-ийг буулгаад өөр газар шилжүүлэн байршуулах зэргээр ажлын байртай байлгах талаас нь анхаарч ажиллана.

-Гэр хорооллыг орон сууцжуулах дахин төлөвлөлтийн ажил зогссон гэдэг мэдээлэл бий?

-Гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөр 2005 оноос яригдаж, 2008 онд Гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөр батлагдаж, Т.Билэгт даргын үед анхны шавыг тавьж байсан. Гэр хорооллыг барилгажуулах хөтөлбөр маань өнгөрсөн дөрвөн жилд дахин төлөвлөлт хэлбэрээр хэрэгжсэн.

Энэ бодлого цааш үргэлжилнэ. Дахин төлөвлөлтийн явцад гарсан алдаа дутагдлыг засна, Дахин төлөвлөлтийн төслийн хувь заяаг газар эзэмшигч болон компани хоёрын дунд хаяснаас болж олон хүн гэр оронгүй, газаргүй хохирч хоцорсон. Гэр хорооллыг барилгажуулахдаа ахмадын орон сууц барьж тийш нь оруулж дараа нь авсан газар дээрээ орон сууцаа барьсны дараа шилжүүлэн оруулах гэх мэтээр барьж ирсэн бодлого алдагдсан тал бий. Хот баталгааг нь хангадаг байх ёстой. Бид дээр хэлсэн зарим алдааг засч, орон сууцжуулах ажлыг зохион байгуулна.

-Цахим газар өмчлөл яагаад зогссон бэ. Газар хувьчлалд иргэдийг татан оролцуулах ямар ажлууд хийгдэх вэ?

-Монгол Улсын иргэнд газар олгох тухай хууль 2003 онд батлагдаад өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. Гэр хорооллын айлуудын газрыг өмчилсөн, шинэ суурьшлын бүсэд газар олголт хийгдэх гэх мэтээр шат дараатай ажлууд хийгдэж ирсэн байна. Цахим өмчлөлийг явуулахдаа зөв аргаар хийх ёстой. Улаанбаатар хотыг тойрсон газрыг хавтгайд нь зураад уул, жалга байх нь хамаагүй өмчлүүлчихсэн. Яг газар дээр нь очиход дэд бүтэцгүй, автозам байхгүй, хүн амьдрах боломжгүй газар цөөнгүй байна. Ингээд гадас, дугуй хатгасан хөндий болж хувирсан. Цахим газар өмчлөлийг түр зогсоосон. Улаанбаатар хотын тэг цэгийг тогтоож, үүнээс цааш хотыг тэлэхгүй байх захирамж гаргасан байгаа. Үүнтэй уялдуулаад одоо байгаа газрын нөөц боломжид тулгуурлан газар өмчлөлийг цааш үргэлжлүүлэн явуулна. Хотын хөгжлийн бодлоготой уялдаад хотыг тэлэх шаардлагатай болбол дахин шинээр суурьшлын бүсийг нэмж тогтоож болно.

-Шилэн дансгүй боллоо гэх мэтээр урьд нь явуулж ирсэн ажлуудыг зогсоож байна гэх шүүмжлэл байдаг. Төрийн бодлого, үйл ажиллагааг залгамжлан үргэлжлүүлэн явуулах тал дээр хэрхэн анхаарч ажиллаж байна?

-НИТХ-ын хувьд санхүү мөнгөтэй холбоотой захирамжууд ил тод шилэн дансандаа тавигдаж байгаа. Зарим нэг хүний улс төр хийсэн асуулгад тухайн үед тайлбар хийсэн. Төрийн бодлогын залгамж чанар хадгалагдана, гэхдээ алдаа дутагдлыг засч ажиллана.

-Улаанбаатар хотыг Зүүн хойд Азийн соёлын болон аялал жуулчлалын төв болгох тухай яригдаж байгаа?

-Ажлын хэсэг гарч, төлөвлөгөө нь боловсруулагдаж байна. НИТХ-д удахгүй өргөн барихаар мэдээлэл ил тод болно.

-Энэ хавраас бүтээн байгуулалтын ямар томоохон ажлууд хийгдэх вэ?

-Бүтээн байгуулалт хийх шаардлага их бий ч санхүүгийн эх үүсвэр, хөрөнгө оруулалт дутагдаж байна. Хот эдийн засгийн хүнд нөхцөлд ажиллаж байна. Олон эх үүсвэрийг эрэлхийлж байна. Концессын жагсаалт удахгүй батлагдана. Ирэх дөрвөн жилийн хугацаанд Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хомсдолыг бүрэн шийднэ. Эмнэлгийн анхан шатны үзлэг оношилгоо, эмчилгээг шинэ шатанд гаргана гэх мэтээр иргэд рүүгээ чиглэсэн ажил хийгдэнэ.