Х.Нямбаатар: Миний мөрөөдөж байгаа хот бол Монгол улсын засаг захиргааны шинэ төв байх юм
УИX - ын гишүүн Х.Нямбаатар
2017.01.23

Х.Нямбаатар: Миний мөрөөдөж байгаа хот бол Монгол улсын засаг захиргааны шинэ төв байх юм

УИX - ын гишүүн Х.Нямбаатартай ярилцлаа.

-Улаанбаатарын утаатай тэмцэхэд төрийн түшээд шат шатандаа арга хэмжээ авахаар ярьцгааж, шийдвэр гаргаж байна. Таны хувьд шинэ хот байгуулах тухай дуугарч эхэллээ. Энэ тухайгаа тодруулахгүй юу?

Саяхан утааны асуудлаар ҮАБЗ хуралдлаа. Нийслэлийн Засаг дарга захирамж гаргасан. Улаанбаатар хотын суурьшлын хүрээ хязгаарыг хумилаа. Шилжилт хөдөлгөөнийг зогсоолоо. Яг энэ байгаа дэд бүтэц дээр шинээр суурьшил бий болгох боломжгүй гэдгээ .зарлалаа. Энэ бол өнөөдөр бий болчихсон асуудал биш. Өнөөдрийн ийм байдал бий болох нөхцөл 2000-аад оноос үүссэн.

Учир нь тухайн үеийн ҮХЦ иргэний оршин суух газраа сонгох эрхтэй гэсэн Үндсэн хуул ийн заалтыг баталгаажуулж Улаанбаатар хотод шилжин суурьшигчдаас авдаг байсан татварыг болиулсан. Ингэснээр нийслэлрүү чиглэсэн их нүүдэл эхэлсэн. Одоогийн байдлаар Улаанбаатар хотын суурин хүн амын тоо 1.3 сая гаруй байна гэсэн статистик мэдээ бий.

Ажлын байр, соёл шинжлэх ухаан, бизнесийнхээ төвийг дагаад Монгол Улсын нийт хүн амын 45 орчим хувь нь нэг дороо төвлөрөөд амьдарч байна. Ингээд их нүүдлээс шалтгаалаад Улаанбаатар хотод 200 мянга орчим айл түүхий нүүрс хэрэглэж байгаа. Хөрсөнд бохироо шууд шингээж байна. Үүнтэй холбоотойгоор агаар, хөрс, усны бохирдол дээд цэгтээ хүрээд байна. Нийслэл хот маань дэлхийн хамгийн их бохирдолтой хотын тэргүүнд бичигдлээ. Мөн дэлхийн хотуудад автозамынхөдөлгөөний дунджийг 11 км цагийн хурдаас дээшээ, доошоо гэж хэмждэг.

Өөрөөр хэлбэл, энэ хурдыг үзүүлж байгаа хотыг түгжрэлтэй гэдэг. Гэтэл манайх үүнээс бүр ч доошоо орчихсон. Дээр нь усны асуудал бидний маргаашид аюулын харанга дэлдээд байж байна. Оросууд 1977 онд Улаанбаатар хотын ундны усны нөөцийг 184 мянган куб гэж тогтоосон байдаг. Мөн Жайкагийн санхүүжилтээр 1998 онд усны нөөцийг тогтооход дээрх тоотой адил байсан. Өнөөдөр гэр хорооллын айл өрхүүдийг бүгдийг орон сууцжуулбал Улаанбаатарын ундны ус шууд шавхагдана.

Гэр хорооллын айл өрхүүдийн ундны усны хэрэглээ бага тулдаа манай хотын усны нөөц шавхагдчихгүй байгаа юм. Тиймээс төр засаг яаралтай арга хэмжээ авч, өнөө маргаашгүй ирэх ийм аюулаас зайлсхийж, алсыг харсан зоримог шийдвэр гаргах ёстой.

-Тиймээс хотыг нүүлгэх ёстой гэж үү?

Би хот нүүлгэх тухай огт яриагүй. Зөвхөн шинэ нийслэл хот байгуулж, суурьшлын нэг бүс бий болгоё гэсэн санаа дэвшүүлж байгаа юм. Улаанбаатар руу ирж буй их нүүдлийг өөр чиглэл рүү шилжүүлэх ажлыг хийх ёстой. Хүмүүс нэг зүйлийг сайн бодох ёстой. Үүнд хэн нэгнийг тэнэг мангараар дуудахаас өмнө Монголын ирээдүйд маш аюултай нөхцөл байдал бий болсон гэдгийг санах хэрэгтэй.

Улаанбаатар хотод төрж байгаа хүүхдүүдийн цээжний тойрог багассан. Энэ бол хүүхэд генийн өөрчлөлтөд орж, мутацид орж байна гэсэн үг. Арав, хорин жилийн дараа ямар болохыг бид хэлж мэдэхгүй. Үндэсний аюулгүй байдалд аюул занал учирахуйц хэмжээнд очсоныг хэлж. Дахиад нэг жишээ хэлье. Улаанбаатар хотыг тойрсон ойн бүсүүд хүчилтөрөгч ялгаруулах чадвараа алдаж, хөрс, усанд нь нүүрстөрөгчийн хий шингэсэн. Ийм судалгааг Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс гаргасан байна. Одоо бид 26 жил хангалттай улстөржиж, намчирхпаа.

Одоо үндэсний зөвшилцөл, үндэсний хэлцэл, нийгмийн гэрээ гэж дорвитой зүйл хийж байж бид дараагийнхаа ирээдүйг тодорхойлмоор байна. Шинэ нийслэл байгуулна гэдэг бол тийм том алсын зүйл биш. Ерөөсөө төр захиргааны төв байгууллагуудаа Улаанбаатар хотоос зайдуу, хамгийн сайхан байгальтай, хөрс устай газар байгуулах ёстой.

Төр захиргааны байгууллагууд ажилтан ажиллагсад тэдгээрийн үр хүүхэд гэр бүл тэдэнд үйлчилгээ үзүүлэх, нийгэм соёлын байгууллагуудаа эхний ээлжинд нүүлгэчихнэ. Дараа нь гэр хороололд байгаа айл өрхүүдийг сэлгэнэ гэвэл Засгийн газрын орон сууц хөтөлбөрийг шинэ хотод барих замаар Улаанбаатар хотын хөрс усны бохирдлыг шийдэх зоримог алхам руугаа орох ёстой.

-Монгол Улсын нийслэлийг Хархорин эсвэл Хөшигийн хөндийн нисэх буудлаа түшиглэж Төв аймагт байгуулах тухай хувилбарууд байдаг л даа. Аль байршил нь илүү юм бэ?

ҮАБЗ дээр Ерөнхийлөгч нийслэлийг Хархорин дээр байгуулъя гэхэд Ерөнхий сайд ойрын арван жилдээ эдийн засгийн боломжгүй гэж ярьсан. Миний хувьд тэдэнтэй санал огт нийлэхгүй байгаа. Хархоринд нийслэл байгуулахыг усны болон цаг уурын эрдэмтэддэмждэггүй. Энэ бол Монголын түүхэн уламжлалтай эртний нийслэл байсан газар.

Гэхдээ Хархорин агаарын соронзон урсгал ихтэй, үер ус, мөндөр их буудаг. Байгалийн гэнэтийн үзэгдэл болдог гэж эрдэмтэд хэлдэг. 1950-иад оны сүүлээр байгуулагдсан Хархорины гурил тэжээлийн аж ахуй өндөр үр ашигтай ажиллаж чадаагүй. Үер ус, мөндрөөс болж ургац алддаг зүйлүүд байсан. Түүх сөхөөд үзэх юм бол 1251 оны үед Их хуралдай хуралдаж, Мөнх хааны өргөмжилсөн.

Энэ үеэр маш их хэмжээний үер бууж, хохирол амссан гэдэг. Орчин цагт эрдэмтдийнхээ үгийг сонссон, тэдний зөвлөж байгаа газарт шинэ нийслэлээ байгуулах ёстой. Эрдэмтдийн үзэж байгаагаар Орхон, Сэлэнгийн бэлчир, Алтан гурвалжинд шинэ нийслэл хот байгуулагдах ёстой гэж үздэг. Шинээр байгуулагдах нийслэл хот нь өөрөө аялал жуулчлалын брэнд хот болно.

Хамгийн гоё байгаль, устай, Сэлэнгэ мөрний дагуу байж жуулчдыг соронзон мэт татдаг байх ёстой. Шинэ нийслэл байгуулахад гадаадын хөрөнгө оруулалт дагаж орж ирдэг. Харин Улаанбаатарын ойролцоо шинэ нийслэл байгуулах нь тохиромжгүй. Учир нь суурьшил задардаггүй. Би Ерөнхий сайдын хэлж байгаатай бас санал нийлэхгүй байгаа. Бид өнөөдөр эдийн засгийн нөөц боломж бололцоогоо хараад л байвал их олон жилийг алдана. Цаг алдах тусам бид төдий чинээ хохирно.

Энэ нь Улаанбаатар хотод барьж байгуулсан энэ олон их наяд төгрөгийн үнэтэй хөрөнгө үнэгүйдэх аюул тулгарна. Нэг өдөр усгүй болчихвол яах вэ. Эртний хотуудын гунигт түүх давтагдана. Өнөөдөр хөрөнгө мөнгө багахан шаардах, улстөрийн шийдвэрээ гаргаад, судалгаа шинжилгээгээ хийгээд ТЭЗҮ-ээ боловсруулах ажлаа хийх ёстой. Мөн монголчууд өөрийн гэсэн мөрөөдөлтэй, хүсэл эрмэлзэлтэй ажиллах хэрэгтэй.

Өнөөдөр Монгол Улсын эдийн засаг тийм ч том биш. Таван толгойн төсөл дээр дөрөв орчим тэрбум ам.долларын асуудал яригдаж байгаа. Гэтэл АНУ-ын Ерөнхийлөгчийн шинэ Боинг онгоцны захиалга ийм мөнгөөр хэмжигдэж байна. Тэгэхээр шинэ нийслэл байгуулна гэдэг маань Монгол Улсын эдийн засгийг тэлэх, хөрөнгө оруулалт татах том боломжуудыг нэмнэ. Бид өнгөрсөн хугацаанд хангалттай талцлаа.

-Шинэ хотыг хэдэн жилийн дотор босгох боломжтой вэ?

Би тэрийг мэдэхгүй. Би энэ салбарын эрдэмтэн биш. Тиймээс энэ асуудалд эрдэмтдээ ажиллуулъя. Монгол Улсад орчин үеийн шинжлэх ухааны байгууллага үүсээд 90 гаруй жил болчихлоо. Энэ хугацаанд Монгол Улсаас долоон нээлт дэлхийн оюуны өмчид бүртгүүлсэн. Монголын олон эрдэмтэд дэлхийд сор болсон эрдэмт шинжилгээний бүтээлүүд гаргаж байна.

Тиймээс мэргэдийнхээ үгийг сонсч тэднийгээ ажилд нь оруулах ёстой гэдгийг яриад байгаа юм. Би унаган Улаанбаатар хотын иргэний хувьд, эцэг хүнийхээ хувьд санаа зовж ийм асуудал ярьж байна.

-Улаанбаатар хот бол Монгол Улсын дархлаа. Хот утаатай болчихлоо, бохир заваан байна гээд нүүчихээр нийслэл эзгүйрч үнэгүйдэх биш үү?

Дэлхийн бусад улс орнуудад том суурьшлаа задалж, засаг захиргааныхаа нэгжүүдийг өөр газар байршуулж, төлөвлөлтөө цэгцэлж, хуучин төв суурьшлуудаа бизнесийн төв болгосон туршлагууд байна. Австралийн Канберра хот гэхэд засаг захиргааных нь төв. Сидней болон бусад том хотууд нь бизнесийнх нь төв байдаг.

Казахстан улсын нийслэл нь Астана, бизнесийнх нь төв центр нь Алмата. ОХУ-ын нийслэл нь Москва, соёл шинжлэх ухаан, эдийн засгийн томоохон төлөөлөл нь Санкт-Петербург байна. Саяхан БНСУ засаг захиргааныхаа шинэ төвийг Сэжүн гээд том хотыг зарласан. Бүх яам агентлагууд нь цоо шинэ тариалангийн талбай байсан энэ газар оччихсон. Сөүлд зөвхөн Ерөнхийлөгч, Батлан хамгаалах яам нь үлдэж байгаа.

Өөрөөр хэлбэл, энэ улс орнууд суурьшлын бүсээ задалж, иргэд нь эрүүл аюулгүй орчинд амьдрах боломжийг эрэлхийлж байна шүү дээ. Дэлхий дээр 1950-иад оноос хойш хотжих хандлага маш их явагдсан. Хүн амын тооны хувьд дөрөв дахин их хүн ам хотожсон. Энэ хандлага цаашид үргэлжилнэ гэж олон улсын эрдэмтэд хэлдэг. Бид ч бас дэлхий ертөнцтэй хөл нийлэх ёстой.

-Таныг ингэж ярихаар популизм хийж байна гэж ойлгогдоод байгаа л даа?

Уучлаарай, би популист хүн биш. Популизм улс оронд ямар их хортойг би мэдэхийн дээдээр мэднэ. Популистууд ард түмний чихэнд наалдацтай хэдхэн үгээр дуугарч эхэлдэг. Нийгмийн баялгийг тэгш хуваарилъя, ард түмэнд нь үнэгүй өгье, тараая их үндэстнийхээ эрх ашгийг хамгаалъя гэдэг ийм хэдхэн үгээр эхэлдэг. Сүүлдээ дарангуйлагчид төрдөг. Манайд популистууд даанч их байна.

Үүнээс болоод улс орон хөгжихгүй байгаа. Харин би бол популизм яриагүй. Үр хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө би дуугарч байгаа юм. 2013онд Д.Сумъяабазар гишүүн бид хэд хот төлөвлөлтийн чиглэлээр мэргэшсэн эрдэмтэдтэй уулзаж, ярилцаж, хэлэлцүүлэг, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж нэлээд ажил хийсэн.

Нийслэлээ шилжүүлсэн гадаадын хотуудаар явж, туршлага судалсан. Тэдгээр улсууд эндээс ганц зүйлийг онцолж байсан. Улс төрийн шийдвэр гаргах хамгийн хэцүү. Тэрнээс бусад нь төлөвлөгөөгөө зохиогоод явахад нийслэл гэдэг нэр нь өөрөө хөрөнгө оруулалт дагуулдаг. Астана хотыг байгуулахад нийт хөрөнгө оруулалтын 30 орчим хувийг Казахстан улс нь босгосон. Үлдсэн бүх хөрөнгө нь гаднаас татагдсан. Манайхан Улаанбаатар эзгүйрнэ гэх байх. Бид Улаанбаатарыг аврахын тулд ингэж байгаа юм. Би Улаанбаатарын иргэн хүн. Энэ хотод төрсөн иргэн хүн.

-Та бас нийслэлчүүдээс сонгогдож УИХ-д гарч ирсэн хүн. Гэтэл одоо Улаанбаатарыг нүүлгэе, энэ муухай хотоос явцгаая гээд байх юм?

Улаанбаатар хотын унаган иргэний хувьд энэ хотоо гоё болоосой гэдэг үүднээс суурьшлыг задалъя гээд байгаа юм. Тэгэхээр түгжрэл багасна. Шинэ хотод Засгийн газар орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлж, Улаанбаатар хотын иргэдийг нүүлгэн шилжүүлэх тусгай хөтөлбөртэй байх ёстой. Одоогийн гэр хороолол байгаа том газрыг чөлөөлж, Засгийн газар өөрийнхөө тусгай хэрэгцээнд авч, аялал жуулчлалын том төлөвлөлтийг хэрэгжүүлэх ёстой.

Өнөөдөр нүүх гээгүй. Нүүх ч боломжгүй. Эхний ээлжинд улс төрийн шийдвэрээ гаргах нь чухал. Эрдэмтдээ ажиллуулъя. Тэрний дараа нүүх асуудлаа ярья. Астана хот гадны хөрөнгө оруулагчдад газраа өгөөд байшин барь гээд баахан орон сууцны фонд үүсгэсэн. Манайд тийм боломж байна. Төрийн удирдлагууд айлчлал хийж байхдаа гадны орнуудын удирдлагуудад санал тавьж байх ёстой.

Энэ Улаанбаатар хотын хүн ам 500 мянга байх норм бараг гурав дахин нэмэгдчихлээ. Багтахаа больчихлоо. Улаанбаатар руу дахиж ирж суурьшихыг хотын дарга захирамжаар хорьчихлоо. Гэтэл хавар их, дээд сургуулиуд элсэлт авна биз дээ. Энд сурч байгаа оюутнуудын дийлэнх нь хөдөө орон нутгаас ирсэн. Тэд хавар төгсөөд нутаг руугаа буцах нь юу л бол. Дахиад намар нь баахан оюутнууд ирнэ. Хэдийгээр захирамж гаргаад шилжилт хөдөлгөөний хориглосон ч хүний сурч, боловсрох эрхийг хорьж чадахгүй.

-Их, дээд сургуулиудаа хотоос гаргая гэсэн санал бас байдаг шүү дээ?

Энэ маш буруу. Хот төлөвлөлтийн талаар бид гадаад, дотоодын олон хүнтэй уулзаж байсан. Оюутангүй хот бол хамгийн хөгшин хот гэж харагддаг. Хэзээ ч тийм утгагүй шийдвэр битгий гаргаарай гэж хэлж байсан. Хотыг өнгө үзэмж оруулж, чимдэг зүйл бол оюутан залуус. Би хоёр төвт хөгжлийн тухай л ярьж байна. Улаанбаатар хотыг аврахын тулд ийм шийдвэр гаргах ёстой.

Улаанбаатар хот хүссэн ч эс хүссэн ч өнө мөнхөд орших газар зүйн байршилтай, дэд бүтэцтэй хот. Дэлхийн хамгийн том хоёр гүрнийг холбож байгаа төмөр зам, агаарын зам, автозамын яг дунд нь байдаг. Хэдэн зуунаараа цайны замын гол төвд нь байсан газар. Дээр нь Улаанбаатар хотод Монгол Улсын нийт бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, банк санхүүгийн бизнесийн бүх бүтэц энд бүрэлдчихсэн. Яриад байгаа зүйл бол эндээс засаг захиргааныхаа нэгжийг нүүлгэчихье.

Нийслэл гэдэг цол чимгээ өөр газар байрлуулчихъя. Тэнд төр захиргааны байгууллагууд, тэдгээрт үйлчлэгчид явна. Дагалдаад бизнес эрхлэгчид тодорхой хүрээнд явна. Шинжлэх ухааны төвүүдийн зарим нь явж болно. Шинээр байгуулагдах миний мөрөөдөж байгаа хот бол Монгол Улсын шинэ засаг захиргааны төв. Энэ Улаанбаатар хот бол Монгол Улсыг бизнес соёл шинжлэх ухааны төв байж болно.

-Эхний ээлжинд төр захиргааны байгууллагуудыг шинэ суурьшлын бүсэд шилжүүлнэ гэхээр төрийн түшээд өөрсдийг нь сонгосон нийслэлчүүдийг утаатай нь орхиод нүүх гээд байгаа юм уу гэсэн шүүмжлэлийг дагуулдаг л даа?

Шинэ хотыг хэзээ байгуулах тухай бодох ёстой. Бид өнөөдөр мөрөөдөж ярьж байна. Магадгүй тав, арван жилийн дараа биелэх ч юм бил үү. Тэр үед хэн төрийн тэргүүн байх, хэн төрийн түшээ байхыг бид мэдэхгүй. Та бид ирээдүйд Ерөнхийлөгч хэн байхыг ч мэдэхгүй. Оросын зөн билигтнүүд ч мэдэхгүй.

-Суурин иргэншилтэй улс бол асуудлыг бүгдээрээ тал талаас нь хэлэлцэж байгаад зөв гаргалгааг эрэлхийлж, гарцаа тодорхойлж чаддаг. Харин нүүдлийн иргэншилтэй хүмүүсийн хувьд амиа аргацаах байдлаар аливаа асуудлаас зугтдаг. Тиймээс утаанаас зугтаж байгаа энэ асуудал нь нүүдэлчин иргэншилтэй монголчуудын цусанд нь шингэсэн бололтой. Үүнд та ямар бодолтой байдаг вэ?

Бид 1950-иад оноос хойш суурин соёл иргэншлээр амьдраад 70-аад жил болж байна. Одоо нүүдлийн соёл иргэншилтэй аливаа асуудлыг хаяад явдаг гэж ойлгож болохгүй байх. Энэ Улаанбаатар хотын үнэ цэнэтэй хөрөнгүүдийг үнэгүйдүүлэхгүйн төлөө явах гээд байгаа юм. Бид өнөөдөр нэг төвт хөгжлийн тухай ярьж байна. Хоёр төвт хөгжлийн тухай ярих ёстой.

-Таны мөрөөдлийн хот ямар байх вэ. Хүмүүс арайхийн суурьшаад байж байтал дахиад усны хомсдол гээд янз бүрийн асуудал үүсэх юм биш биз дээ?

Тэрийг эрдэмтэн судлаачид хийх ёстой. Миний мөрөөдлийн хот бол ямар ч түүхий нүүрс хэрэглэдэггүй. Ямар ч гэр хороолол, хашаа байшингүй. Дандаа орчин үеийн төлөвлөлттэй эко хот болоосой гэж бодож байна. Оршин суугчид нь хогоо ангилж, хаяж сурсан. Нийт хотын гуравны нэгээс доошгүй ногоон байгууламжтай. Дэд бүтэц нь бүх талаар шийдэгдсэн. Олон улсын нисэх онгоцны буудалтай. Аймгуудын төвүүдтэй хурдны болон бусад замаар холбогдсон ийм хөгжил дэвшлийг бий болгохын төлөө явах ёстой. Тэрнээс бие биеэ тамын тогооны үлгэр шиг муучлаад явбал хөгжил биш. Алс холыг харсан хөгжлийг ярих ёстой.

М.Мөнхцэцэг