Хөгжлийн банкны эх үүсвэрээр санхүүжүүлэх төслийн жагсаалтыг УИХ-аар тусгайлан батлахгүй байхаар тогтлоо
Монгол Улсын Хөгжлийн банк
2017.02.10

Хөгжлийн банкны эх үүсвэрээр санхүүжүүлэх төслийн жагсаалтыг УИХ-аар тусгайлан батлахгүй байхаар тогтлоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. 

Хэлэлцүүлгийн үеэр хэд хэдэн зарчмын зөрүүтэй саналаар санал хураасны тоонд хуулийн төслийн 22, 23 дугаар зүйлүүдэд хоёр заалт нэмсэн юм. Тодруулбал, 

"Төслийн 22 дугаар зүйлд 22,2 дахь хэсгийг нэмэх “УИХ Хөгжлийн банкны эх үүсвэрээр санхүүжүүлэх төслийн жагсаалтыг тусгайлан батлахгүй" гэсэн саналаар санал хураах явцад УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн үг хэлсэн.

Ц.Даваасүрэн: "Банкны эх үүсвэрээр санхүүжигдэх арилжааны төслийн жагсаалтыг..." гэж тодотгох ёстой юм биш үү? Хэрэв ингэж тодотгох ёстой гэж үзвэл УИХ-ын дарга чиглэл өгөөд тодотгож болох уу? Хэрэв энэ санал дэмжигдэх юм бол улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй ч тэр, банкны эх үүсвэрээр санхүүжигдэх төслүүд ч тэр бүгд УИХ-аар батлагдахгүй болчихоод байна. 

Улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй зам, гүүр барилгын томоохон төсөл, арга хэмжээг УИХ-аар баталлаа гээд тодорхой хуулийн заалттай зөрчилдөхгүй. Хэрэв Хөгжлийн банкнаас санхүүжүүлж буй бүх төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг УИХ батлахгүй гэвэл Төсвийн тухай хуультай зөрчилдөж байна шүү гэдгийг хэлсэн юм. 

Гэсэн ч энэ асуудлаар Байнгын хорооны хуралдаанаар авч үзсэн бөгөөд "банкны эх үүсвэрээр санхүүжүүлэх арилжааны төсөл..." гэж тодотгох шаардлагагүй гэж үзсэн гэж зарим гишүүн тайлбарлалаа. 

Ийнхүү уг саналаар санал хураахад 56 гишүүн оролцсоноос 38 нь зөвшөөрч, 67,9 хувийн саналаар дэмжигдлээ. Ингэснээр УИХ Хөгжлийн банкны эх үүсвэрээр санхүүжүүлэх төслийн жагсаалтыг тусгайлан батлахгүй байхаар боллоо.

Үргэлжлүүлэн төслийн 23 дугаар зүйлийн 23,1 дэх хэсэгт "Засгийн газраас Хөгжлийн банкинд баталгаа гаргаж болох ба уг харилцааг Өрийн удирдлагын тухай хуульд заасны дагуу зохицуулна." гэсэн 23,1,8 дахь заалтыг нэмэх зарчмын зөрүүтэй саналаар санал хураасан юм. 

Энэ саналаар санал хураахын өмнө УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн угаасаа энэ асуудал Өрийн удирдлагын тухай хуулийн дагуу явах ёстой. Учир нь Монгол Улсын Засгийн газар баталгаа нь удирдлагын нэг бүрэлдэхүүн хэсэг болдог учраас ийм заалт оруулах нь зайлшгүй байх асуудал гэлээ. 

Ингээд санал хураахад 55 гишүүн оролцсоноос 40 нь зөвшөөрч, 72,7 хувийн саналаар санал дэмжигдэж, Хөгжлийн банк Засгийн газарт баталгаа гаргаж болох боллоо.