Х.Нямбаатар: С.Баярцогт нарыг хамгаалах зорилго агуулаагүй
-Хэрэв өөрийнх нь хөрөнгө орлогын мэдүүлэгт урьд мэдүүлээгүй данс, хадгаламж, хувьцааны асуудал сөхөгдөж гарч ирвэл Авлигатай тэмцэх газар, холбогдох хууль хяналтын байгууллагууд шалгах харилцаа хэвээр үргэлжилнэ-
Оффшорыг зохицуулах Сонирхлын зөрчлийн тухай хуулийн төслөөр УИХ-ын гишүүн Х.Нямбаатартай ярилцлаа. Тэрбээр уг төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч юм.
-Оффшорыг зохицуулах төсөлд улстөрчдийн гэр бүлийг хамруулах санал гарснаар хэлэлцүүлэг гацаанд орлоо. МАН-ын бүлэг энэ асуудлаар завсарлага авснаас хойш ажлын тав хоног өнгөрсөн ч төслийг хэлэлцсэнгүй. Бүлэг одоог болтол нэгдсэн ойлголцолд хүрээгүй л байна уу?
-Засгийн газраас өнгөрсөн оны намар УИХ-д Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар тодорхой албан тушаалтнуудыг гадаадад өөрийн нэр дээр хувийн харилцах данс, хадгаламж, хувьцаа эзэмших, хуулийн этгээд байгуулахыг хориглох зохицуулалт хийх төслийг өргөн мэдүүлсэн. Нийтийн албанд ажиллаж байгаа 38900 хүнд хамаарахаар байсан.
Хууль зүйн байнгын хороогоор төслийг хэлэлцэж эхэлсэн үеэс л маш их бэрхшээлтэй тулсан. Эхлээд төслийн хэлэлцэх эсэхийг шийдэх болоход байнгын хорооны гишүүдээс “Бие даасан төсөл оруулж ирэх ёстой. Гэр бүлийг ч хуулийн үйлчлэлд хамруулах ёстой” гэх мэтчлэн санал гарч, дэмжлэг авч чадалгүй унасан. УИХ-ын чуулганаар төслийг хэлэлцээд “босгосон”.
Эргээд байнгын хороогоор төслийн анхны хэлэлцүүлгийг хийхэд саналын томъёолол өөрчлөгдсөн. Нийт 38900 хүнийг энэ хуульд хамруулахаар яамны мэргэжилтэн, байнгын хорооны нарийн бичгийн дарга хүртэл орж, хавтгайрах учраас улс төрд нөлөө бүхий 301 хүнээ хамруулах нь зөв гэж үзсэн. Нэг дэх өөрчлөлт нь энэ юм.
Хоёр дахь өөрчлөлт нь, насанд хүрсэн эсэхээс үл шалтгаалж гэр бүлийнх нь бүх гишүүдийг хуульд хамруулахаар санал гарсан нь байнгын хорооны гишүүдээс дэмжлэг хүлээж, УИХ руу орж ирсэн. Энэ үед нь МАН-ын бүлэг завсарлага авсан.
-Гэр бүлийнх нь бүх гишүүдэд оффшорыг зохицуулах хууль үйлчлэх болбол Үндсэн хууль зөрчих болно биз. Энэ тохиолдолд УИХ-аас хуулийг баталлаа ч Цэц дээр очоод унах эрсдэлтэй?
-Тийм ээ, дээрх зохицуулалт суухлаар олон улсын хүний эрхийг баримт бичгүүд, Үндсэн хуулийн агуулга зарчимтай нийцэхгүй болж байгаа.
Дээр нь хуулийг гэр бүлийн бүх гишүүдэд халдаахаар эхнэр, нөхрийн аль нэг нь гадаадад сурах, бизнес эрхлэх, ажил хөдөлмөр эрхлэх, хүүхдүүдийн сурах эрх ч хязгаарлагдана гэсэн үг.
Жишээ нь миний 19 настай хүүхэд гадаадад сурахын тулд банкны данс эзэмших зүй ёсны шаардлага гарна. Гэвч энэ хуулийн зохицуулалтаар боломжгүй, хориглогдож байгаа. Тийм учраас бүлэг дээр төслийг хэлэлцээд гадаад улс гэдэг нь хэт хавтгай болж байна. Оффшор бүс гэдгээ Засгийн газар жагсаалтаар баталъя. Баталсан бүсүүдэд гэр бүлийн эхнэр нөхөр аль, аль нь гадаадад данс эзэмшихгүй, хадгаламж эзэмшихгүй байя гэдэг томъёоллоор өөрчилж, эргэж хуралдах шийдэлд хүрсэн.
-Намрын чуулганыг баасан гаригт /өнөөдөр/ хаана. Баталж амжихгүй боллоо доо?
-Амжихгүй л боллоо.
-Бүлэг оффшор бүс гэдгээ тодорхойлох ёстой гэжээ, Засгийн газрын төвшинд төслийг боловсруулах үед Гадаад харилцааны яамны зүгээс үүнийг зөвшөөрөөгүй байдаг. Дипломат харилцаатай орнуудаа оффшор бүс гээд тодорхойлчихоор харилцаа талаас нь харвал эгзэгтэй. Оффшор бүсийг жагсаалтаар гаргахыг Засгийн газар зөвшөөрөх юм уу.
-Засгийн газрын тогтоолоор оффшор бүс гэдгийг тогтооно, тогтоохгүй гэдэг дээр хоёр өөр байр суурь байгаа. Нэг хэсэг нь оффшор бүсийг тогтоох нь дипломат найрсаг харилцаатай улс гүрнүүдээ сайн, муу гэж тогтоосонтой агаар нэг болно гэж үзэж байгаа. Тийм учраас би бол анх Хууль зүйн яамнаас оруулж ирсэн төслөөр нь баталчихвал зөв гэсэн байр суурьтай байгаа. Өөрөөр хэлбэл, улс төрд нөлөө бүхий 301 хүнээ гадаадад данс эзэмших, хувьцаа эзэмших, хуулийн этгээд байгуулах зэргийг нь хориглоод хуульчилчих юм бол Үндсэн хуулийн зөрчил үүсэхгүй юм.
Ингэвэл гэр бүлийн бусад гишүүд нь гадаадад сурах, бизнес эрхлэх эрх нь нээлттэй болно.
-Гэхдээ бүлэг гэр бүлийг нь хамруулах шийдэлд хүрлээ. Хэрэв улс төрийн албан тушаалтан нь хуулийн энэ хориглолтыг зөрчиж, гадаадад данс, хадгаламж нээлгэж, хувьцаа эзэмшсэн нь тогтоогдвол ямар хариуцлага хүлээлгэх вэ?
-Нэгдүгээрт, сонгогдсон, томилогдсон албан тушаалтныг чөлөөлнө. Хоёрдугаарт, мөнгөний эх үүсвэрийг нь тодорхой болгохоор хууль хяналтын байгууллага хэрэг үүсгэж, шалгах ажиллагаа явагдана.
Одоогийн Эрүүгийн хуульд ч энэ зохицуулалт бий, шинэ хуульд ч бий. Хууль бусаар хөрөнгөжих гэсэн заалтаар Эрүүгийн хэрэг үүсгэж шалгана. Мөнгөнийхөө эх үүсвэрийг тайлбарлах ёстой. Тайлбарлаж чадахгүй бол хууль бусаар хөрөнгөжсөн гэж үзээд ял ногдуулах заалттай.
-Чуулганаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байхад маш олон гишүүн эсэргүүцсэн. Олсон орлого нь цэвэр бол түүгээрээ яагаад хувьцаа худалдан авч, хуулийн этгээд байгуулж болдоггүй юм. Яагаад банкны карт ч эзэмших эрхгүй байх ёстой юм гээд. Хууль хэрэгжээд эхэлсэн нөхцөлд гадаадад данстай, хувьцаа эзэмшдэг, компанитай гишүүд яах вэ. Дансаа хааж, компанийнхаа үйл ажиллагааг царцаах уу. Ямар шаардлага тавигдах вэ?
-Энэ хууль батлагдаж гарснаас хойш гурван сарын дотор гадаад дансуудаа хаа гэдэг шаардлага тавина. Хэрэв өөрийнх нь хөрөнгө орлогын мэдүүлэгт урьд мэдүүлээгүй данс, хадгаламж, хувьцааны асуудал сөхөгдөж гарч ирвэл Авлигатай тэмцэх газар, холбогдох хууль хяналтын байгууллагууд шалгах харилцаа хэвээр үргэлжилнэ.
Зарим хүмүүс энэ хууль гарснаар С.Баярцогт тэргүүтэй улстөрчдийг хамгаалах гэж байна гэсэн агуулга илэрхийлээд байгаа. Тийм хамгаалалт байхгүй.
Эрүүгийн хуульд хууль бусаар хөрөнгөжсөн, мөнгөжсөнийг шалгах, хариуцлага хүлээлгэх заалт үйлчилж байгаа учраас хуулийн хүрээнд асуудал явна гэж ойлгох хэрэгтэй.
-Цэвэр өөрийнх нь бизнесээс бий болсон мөнгө болох нь тогтоогдвол яах юм?
-Асуудалгүй царцаагдана.
-Оффшор бүсэд хэчнээн орон хамаарч байна вэ. Оффшор бүсийг янз бүрээр л тайлбарлаж байна. Эргийн гадна, татварын хөнгөлөлттэй бүс, хулгайн мөнгөө нууж болдог бүс гэх мэтчлэн. Олон улсад яг юу гэж нэрлэдэг юм бэ. Улс орнууд оффшортой нэлээд хүчтэй тэмцэл өрнүүлж байна?
-Хуулийн төслийг боловсруулах чиглэлээр нэлээд судалгаа хийлээ. Албан ёсны судалгаагаар 60 гаруй орон оффшор бүсэд хамаардаг. Хөгжлийн хувьд бага буурай байж байгаад оффшор бүс болгон зарласнаар хөрөнгө оруулалтыг маш их татсан жишээ ч олон байна.
Дэлхий дахин 1950-иад оны үеэс оффшор гэдэг нэр томъёог хэрэглэж эхэлсэнюм билээ. Махчилж орчуулбал эргийн гадна, хилийн чанадад гэсэн утгыг хэрэглэдэг. Нийгэм, улс төрд татваргүй бүс, татварын таатай бүс гэдэг агуулгаар түгээмэл хэрэглэгддэг.
Хэд, хэдэн хэв шинжийг агуулдаг. Татваргүй буюу татварын маш таатай орчинтой. Хуулийн этгээд үүсгэн байгуулахад эрх зүйн орчин нь маш хялбар. Мөнгөний эх үүсвэрийг тайлбарлахыг шаарддаггүй. Манайд бол оффшорт дан хулгайн мөнгө байдаг гэдэг агуулгаар л ойлгодог.
Дэлхий нийт 2000 оны үеэс л оффшортой тэмцэх тэмцлээ чангатгасан. Их долоо оффшортой тэмцэх, харилцан мэдээлэл солилцох асуудлаар харилцан шийдэлд хүрсэн.
1988 онд татварын талаар харилцан мэдээлэл солилцох олон улсын конвенци батлагдсан, одоогийн байдлаар 74 улс нэгдэж орсон. Өндөр хөгжилтэй орнууд оффшорт их анхаарал хандуулж байгаа. Оффшор бүс рүү татвар ногдуулах ёстой орлогууд гарч байгаа гэж үзээд хүчтэй тэмцэл явуулах болсон.
АНУ жилд 70 орчим тэрбум ам.долларын татвар ногдох орлогоо оффшор бүс рүү алдсан гэдэг тооцоог гаргасан юм билээ. Тийм учраас АНУ, Канад улстай 60 гаруй эрх зүйн баримт бичиг дээр харилцан мэдээлэл сонсохын тулд гарын үсэг зурж байж, өөрсдийнхөө иргэдийн мэдээллийг авах шийдэлд хүрсэн байх жишээтэй.
Манай орны хувьд зарим нэр бүхий улстөрчид гадаадын оффшор бүсэд мөнгөө мартсанаас болж, ард түмний ширүүн дуу хоолой гарсан. Ард түмний амьдрал хүнд байгаа нь шударга ёсны хүсэмжлэлийг шаардах бас нэгэн нөхцөлийг бүрдүүлж байгаа.
-Тусгайлан оффшорыг зохицуулах хууль гаргасан орнууд хэр байна вэ?
-2013 онд ОХУ-ын ерөнхийлөгч төрийн албан хаагчдаа гадаадад данс эзэмшихийг хориглосон зарлиг гаргасан. Төрийн думаас нь 2015 онд зарлигаа хууль болгож баталсан. Энэ хуульд улс төрд нөлөө бүхий албан тушаалтнууд гадаад улсад данс эзэмших, хөрөнгө эзэмшихийг хориглох хязгаарлалт тогтоож өгсөн. Гэр бүл нь энэ хуульд хамаарах ч насанд хүрсэн үр хүүхдийн тухайд бусад эрх нь хөндөгдөнө гэдэг утгаар хязгаарлалт тогтоогоогүй.
Хятад улсын хувьд төрийн албан хаагчдаа гадаадад данс эзэмшихийг хориглосон хууль гаргасан. Гэхдээ гэр бүл нь хамааралгүй.
-Манай улсад тохирох хуулийг хэрэглэж байгаа орон байна уу?
-Миний олж мэдсэнээр бол яг энэ төрлийн харилцааг хамгийн төгс төгөлдөр утгаар нь зохицуулъя гэвэл Франц улсын 2010 онд баталсан Ил тод байдлын тухай хууль боломжийн санагдсан. Улс төрд нөлөө бүхий хүмүүсээ тодорхойлоод 7000 орчим хүнд хууль үйлчлэхээр заасан байгаа.
Гэр бүлийнх нь бүх бизнесийг нэгтгэж хянадаг тусдаа комисстой. Хөрөнгө орлого нь өссөн, хорогдсоныг бүх зүйлийг нь олон нийтэд танилцуулдаг. Манайхаас илүү бүртгэлийн систем нь өндөр хөгжсөн учраас мэдээлэл нь ч нарийн гардаг юм билээ.
-Оффшорыг бие даасан хуулиар цогцоор нь зохицуулах ёстой гэсэн асуудлыг УИХ-ын гишүүн Ц.Нямдорж хөндөж тавьж байсан. Таны байр суурийг сонирхвол?
-Би Ц.Нямдорж гишүүний байр суурьтай санал нэгдэхгүй байгаа. Хууль бүтээхэд нэг төрлийн харилцааг нэг л хуулиар зохицуулах зарчимтай. Нийтийн албан дахь ашиг сонирхлын зөрчлийг зохицуулсан хуулиараа энэ харилцааг зохицуулахгүй тусад нь оффшорыг зохицуулах нэг хуудас хууль гаргаж ирэх нь зохисгүй.
Нийтийн албаныхны хөрөнгө орлогоо мэдүүлдэг, хянадаг тогтолцоог зохицуулъя гээд Нийтийн албанд ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хууль гарсан. Тэр утгаараа нэг л хуулиар зохицуулагдах ёстой.
Олон хууль тогтоомжид давхардсан зохицуулалт тусах нь өөрөө эрх зүйн хийдлийг үүсгэх, эсвэл эрх зүйн зөрчлийг үүсгэх давхар сөрөг үр дагавартай байдаг.