О.Баасанхүү: Үнэндээ коммунизм бий болчих вий гэж айж байна
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Дотоодын цэргийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ.
Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүн О.Баасанхүү хуулийн төслийг нухацтай авч үзэн, хэлэлцүүлгийн явцад засч, сайжруулах нь зүйтэй гэж үзлээ.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
Хуулийн төслийн 11,3 болон 12,1,3 дахь хэсэгт дэмжлэг үзүүлэх гэж хоёр ижил агуулгатай заалт орсон байна. Үүнийг хэлэлцүүлгийн явцад найруулах хэрэгтэй гэж үзэж байна.
- Хор уршиг арилгах, хойшлуулашгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх
- Улсын онц, чухал обьектод учирсан гамшигт үзэгдэл, ослын хор уршгийг арилгахад дэмжлэг үзүүлэх
гэдэг заалтууд хоорондоо агуулгын хувьд ялгаа алга. 11,3 дахь хэсэгт заалт нь ерөнхий заалт бөгөөд үүнийг 12,1,3 дахь хэсгээр тодорхой болгож байгаа мэт боловч ижил утга агуулж байна шүү дээ.
Хилийн цэрэг, батлан хамгаалахын цэрэг, дотоодын цэрэг, цагдаа гээд ар араасаа цэргүүд хөврөх нь дээ. Эндээс цагдаа бол цэргийн дээр орчихлоо гэж үзэж байна. Нарийн яривал, Батлан хамгаалах бодлогын үндэс баримт бичиг дээрээ өөр агуулгаар туссан байдаг шиг санагдах юм.
Дайн бүхий нөхцөл байдал үүсэх юм бол бүгд цэрэг болох ёстой. Үнэндээ коммунизм бий болчих вий гэж айгаад байгаа юм. Цэрэг хүн тушаалаар л ажиллана. Тэгвэл тушаал өгч байгаа хүн нь тодорхой байхгүй бол алдаатай тушаалаас болж, эрсдэл үүсэх вий гэж болгоомжлох хэрэгтэй.
Цагдаагийн үндсэн чиг үүргийн 80 хувь нь гамшгаас хамгаалахад чиглэсэн байдаг гэж ойлгодог. Тиймээс Дотоодын цэргийн тухай хуулийн төслийг тал бүрээс нухацтай авч үзэхгүй юм бол иргэд рүүгээ чиглэсэн буу илгээнэ гэсэн үг шүү дээ.