Беларусь улстай соёлын чиглэлээр хамтран ажиллана
2017.02.07

Беларусь улстай соёлын чиглэлээр хамтран ажиллана

“Соёлын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Бүгд Найрамдах Беларусь Улсын Соёлын яам хоорондын хэлэлцээр”-т өнөөдөр /2017.02.06/ БСШУС-ын сайд Ж.Батсуурь, Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Чепурной нар гарын үсэг зурлаа. 

Хэлэлцээр байгуулагдсанаар хоёр орны соёл, урлагийн байгууллага болон уран бүтээлчид ажил хэргийн шууд харилцаа тогтоон, хамтран ажиллах боломжийг нээж байгаа юм.  Тухайлбал, хоёр орны соёлын салбарын мэргэжилтнүүд, уран бүтээлчид туршлага, мэдээлэл, материал харилцан солилцох, шинжээч, мэргэжилтэн солилцож ажиллах, хамтарсан тоглолт, үзэсгэлэн, эрдэм шинжилгээний хурлыг  зохион байгуулах зэрэг олон талт харилцааг хөгжүүлэх гарц нээгдэж байгаагаараа онцгой ач холбогдолтой.