УИХ-ын гишүүн Б.Баттөмөр
2017.02.03

Б.Баттөмөр: Шимтгэлийн хувь хэмжээ нэмэгдэх үү?

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалын хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн юм. 

Засгийн газар 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр харьцангуй шинэлэг, олон улсын жишигт нийцсэн санхүүгийн үйлчилгээ нэвтрүүлэх боломжтой гэж тодорхойллоо. Гэхдээ анхаарах шаардлагатай зүйлс ч байдгийг онцлон тэмдэглэж байна. 

Б.Баттөмөр: Банкны системтэй зэрэгцсэн том систем болох уу?

Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг дэмжиж байна. Олон улсын жишиг рүү ойртож буй нэг алхам гэж бодож байна. Олон улсын туршлагыг судалж үзвэл амжилттай хэрэгжүүлж чадсан байх юм. Тодорхой эрсдлүүд ч тулгардаг.

Үндэсний төлбөрийн системийн хууль эрх зүйн орчныг зөв бүрдүүлж чадвал санхүүгийн хөгжлийн зөв, шинэлэг ажлын эхлэл гэж үзэж байна. Төлбөрийн систем нь үр ашигтай, найдвартай, нэгдмэл байх, эрсдлийг удирдах, нууцлалыг чанд хадгалах зэрэг бусад системтэйгээ сайтар уялдсан байхыг шаарддаг.

Төлбөрийн системийг дагалдаад програм хангамж, систем ажиллуулагч, төлбөрийн системийн хэрэглэгч, төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч, төлбөрийн хэрэгсэл, цахим мөнгө, биет бус хэрэглэл, үр дүнгийн тооцоолол зэрэг олон асуудал урган гарна. Энэ бүхнээс улбаатайгаар банкны системтэй эн зэрэгцэн том систем гарч ирэх юм биш байгаа гэсэн болгоомжлол байна. Учир нь төлбөрийн систем ашиглагч дээр үйлчилгээ авах хөлс, үнэ тарифын дарамт ирж болзошгүй юм. Тиймээс үүнийг яаж хуулийн төсөлд тусгасан бэ?

Үндэсний төлбөрийн системийг зохицуулж, хяналт тавих үүрэг нь Монголбанкинд бий гэж төсөлд тусгасан байна. Монголбанк үйлчилгээний шимтгэл авна гэж байна. Шимтгэл авах тухай тооцоолол байна уу?

Үндэсний төлбөрийн системийн зөвлөл гэж байгуулагдах юм байна. Уг зөвлөлийн бүрэлдэхүүнийг Монголбанкны ерөнхийлөгч томилохоор төсөлд заажээ. Уг зөвлөлийн гишүүд орон тооных уу, орон тооны бус байх уу? Үйлчилгээний шимтгэлээсээ цалинжих байх гэж бодож байна.

Төлбөр гүйцэтгэгч, гэрээт төлөөлөгчөөр дамжуулж аутсорсинг хийх гэх зэрэг шинэ, шинэ нэр томьёонууд гарч ирж байна. Үүнтэй холбоотойгоор олон улсын практикийг судалсан уу? Үндэсний төлбөрийн системтэй холбогдуулан луйвар гардаг. Луйвраас урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн судалгаа бий юу?

Б.Лхагвасүрэн: Үндэсний төлбөрийн систем аль хэдийнэ Монголд бий болсон 

Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн

Монгол Улсын санхүү, эдийн засаг дахь төлбөр тооцоо, гүйлгээний систем аль 1994 онд батлагдсан хуулиар зохицуулагдаж ирсэн. Төлбөрийн систем гүйцэтгэгч, карт гаргагч банк, шууд болон шууд бус оролцогч гэсэн санхүүгийн дэд бүтэц аль хэдийнэ Монгол Улсад бий болсон.

Өмнөх 1994 онд үндэсний төлбөрийн систем, түүний оролцогч талуудын асуудлыг зохицуулж чадаагүй учраас уг шинэ хуульд бүх зохицуулалтыг иж бүрнээр тусгаж өгсөн. Шинэ хууль гарснаар санхүүгийн шинэ дэд бүтэц бий болох, эдийн засагт ачаалал үүсгэхгүй.

Үндэсний төлбөрийн системийн зөвлөл гэж байгууллага байгуулагдахаар төсөлд зааж өгсөн ч ингэлээ гээд шимтгэлийн хувь хэмжээ нэмэгдэхгүй, улсын төсөвт ачаа болохгүй. Харин ч шимтгэлийн хувь хэмжээ буурах магадлалтай. Энэ зах зээл илүү зохицуулалттай болох болно.

Шинэ хууль гарснаар үндэсний төлбөр тооцоо найдвартай, аюулгүй, хүртээмжтэй байх болно. Одоогийн бидний хэрэглэж заншсан карт бол соронзон байдаг. Үүнийг чиптэй карт болгох буюу илүү найдвартай технологи руу шилжүүлэх доод хязгаарыг хуулийн төсөлд зааж өгсөн.

Оруулж ирсэн төсөлд банкууд картын шимтгэлийн хувь хэмжээг өөрсдөө тогтооно гэж заасан. Харин Монголбанкнаас шимтгэлийн хувь хэмжээний дээд хязгаарыг тогтоож өгөх учраас шимтгэлийн хувь хэмжээ нэмэгдэхгүй.

Үндэсний төлбөрийн системийн зөвлөл нь одоо ажиллаж байгаа, орон тооны бус зөвлөл байдаг. Тиймээс цалин, нэмэлт зардал гарахгүй. Харин шинэ хуулийн төсөлд уг зөвлөл нь Монголбанкны Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн дэргэд ажиллаж, үйл ажиллагааны хувьд улам ойртох болно.

Цахим мөнгө, төлбөрийн картан дээр олон улсын стандартыг нэвтрүүлж байгаа учраас олон улсын мастер, виза картын түвшинд байна гэсэн үг. Монголбанк өөрөө зөвхөн төгрөгөөр гүйлгээ хийдэг цахим мөнгөний шинэ хэлбэрийг нэвтрүүлж байгаа учраас илүү нэгдмэл байдалтай болно гэсэн үг.

Зөвхөн Улаанбаатар гэлтгүй хөдөө, орон нутагт байгаа банкны харилцагчид ийм карттай болно. Уг карт нь төгрөгийн болон валютын үйлчилгээг зэрэг авах боломжтой учраас хөдөө, орон нутгийн иргэд заавал хотод ирэх шаардлагагүй шууд хил давж болно.