Энэ долоо хоногт анхны хэлэлцүүлгийг хийх хууль, тогтоолын төсөл
2017 оны 2 дугаар сарын 2,3 ны УИХ-ын нэгдсэн чуулганаар 10 хууль, тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх юм.
"Засгийн газрын тусгай сангийн тухай хууль"-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.22, 28-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгтгэсэн төсөл, анхны хэлэлцүүлэг/;
“Тус хуулийн төсөлд Байгаль хамгаалах сан түүний үйл ажиллагааг тэлэх, хууль эрхзүйн орчинг шинэтгэх шаардлагатай хэмээн үзжээ. Энэ нь Парисийн хэлэлцээрээс хойших уур амьсгал, түүний өөрчлөлттэй холбоотой асуудлыг сааруулах, ногоон сангийн үйл ажиллагаанд тулгуурлан байгаль хамгаалах сангийн чиглэл, бүтцийн өөрчлөлтийг тусгасан байна.
“Хэнтий Хан уулын нэрийг Бурхан Халдун уул гэж өөрчлөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
“Хэнтий Хан уулын нэрийг Бурхан Халдун гэж өөрчлөх болсны гол зорилго нь дэлхийн өв болоод өвийн газрын зураг, менежментийн төлөвлөгөөг боловсруулж, батлуулж хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж тус УИХ-ын тогтоолын төслийг өргөн барьсан юм.”
"Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн төсөл" /Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар нарын 30 гишүүн 2016.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Хуулийн зорилго нь ард иргэдийг санаа бодлоо илэрхийлэх, төрийн үйл хэрэгт шууд ардчиллын үндсэн дээр оролцох эрхийг хөндлөнгийн төлөөллийн байгууллагаар дамжуулан олгох юм. Хуулийн төсөлд ард иргэдийн оролцоог жигд хангах үүднээс судалгааны санамсаргүй түүврийн аргыг хэрэглэж, тэдний санал бодлыг төрийн бодлогод тусгах юм байна.
"Монгол Улсын Хөгжлийн банкны тухай" хуулийн шинэчилсэн найруулгын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан нарын 19 гишүүн 2016.12.22-ны өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
“Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг улс, эх орны хөгжлийн бодлогод нийцүүлэн хөрөнгө оруулалт хийж, улс төрөөс хараат бус, бие даан ажиллах, ингэхдээ оновчтой, зүй зохистой хяналтын дор үйл ажиллагаа эрхлэх, хариуцлагатай, ил тод байх зарчмыг удирдлага болгон таван үндсэн чиглэлийн хүрээнд боловсруулсан байна.
Тухайлбал, санхүүжүүлэх төсөл, хөтөлбөр нь Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөгжлийн бодлогод нийцсэн байх, хуульд заасан болон Хөгжлийн банкны журмаар тогтоосон шалгууруудыг хангасан тохиолдолд Хөгжлийн банк санхүүжилт олгох шийдвэрийг бие даан гаргах зохицуулалтыг оруулжээ.”
“Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
Манай улсын хувьд далайд гарцгүй, дэд бүтэц муу тэр дундаа төмөр замын сүлжээ нэвтрүүлэх чадвар сул байгаа нь тус тогтоолын төслийг өргөн барьж буй шалтгаан юм.
Тус хуулийн төслөөр Монголоос экспортолж буй уул уурхайн бүтээгдэхүүнийг тээвэрлэх, төмөр замын шинэ шугам, тус шугамуудын царигийн асуудалтай зэрэгцэн өртөг, зардал бага тээвэрлэлтийн асуудлыг шийдэх боломжтой гэж харж байгаа юм.
"Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай" хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт нарын 10 гишүүн болон Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгтгэсэн төсөл, анхны хэлэлцүүлэг/;
“Эмнэлгийн үйл ажиллагааг согтууруулах ундаа хэтрүүлсэн иргэд доголдуулж буйтай холбогдуулан энэхүү нийгмийн асуудлыг тустай хуулиар шийдэх гарцыг тус төсөл эрэлхийлж байна.”
"Цагдаагийн албаны тухай" хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
2013 онд батлагдсан Цагдаагийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэх явцад гарсан хүндрэл бэрхшээлийг арилгах, цагдаагийн албаны үйл ажиллагааг шуурхай, үр дүнтэй болгох, алба хаагчийг үр бүтээлтэй тогтвор суурьшилтай ажиллах гэх мэт эрхзүйн орчныг шинэтгэх зорилготой тус хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх юм.
"Дотоодын цэргийн тухай" хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Дотоодын цэргийг цомхон бүтэцтэй байгуулах, үйл ажиллагааг шинэчлэн зохион байгуулах зорилго бүхий уг хуулийн төслийн мөн энэ долоо хоногт хэлэлцэнэ.