Үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг батлав
“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө”-г баталлаа. Шаардагдах хөрөнгийг оновчтой хуваарилан, үр дүнтэй ашиглаж, төсвийн бус хөрөнгийн эх үүсвэрийг дайчлах талаар санаачлагатай ажиллахыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгав.
Төлөвлөгөөний дагуу макро эдийн засгийн бодлогын хүрээнд 31, эдийн засгийн өсөлтийг дэмжих салбаруудын бодлогын хүрээнд 118, бүс нутаг, хөдөөгийн хөгжил, байгаль орчны бодлогын хүрээнд 64, хүний хөгжлийг дэмжих нийгмийн салбарын бодлогын хүрээнд 65, засаглал, эрх зүйн шинэчлэл, гадаад бодлого, батлан хамгаалах салбарын бодлогын хүрээнд 64, нийт 342 үйл ажиллагааг хэрэгжүүлэх юм.
Энэ онд уул уурхай, дэд бүтцийн томоохон төслүүдийг эрчимжүүлж, эдийн засгийн өсөлтийг хангах, ажлын байр нэмэгдүүлэн, ажилгүйдлийн түвшинг бууруулах, инфляцийг нам, тогтвортой түвшинд хадгалах, нэгдсэн төсвийн тэнцлийн алдагдлыг өмнөх оны түвшнээс бууруулах, бодит салбарын өсөлтийг дэмжиж, салбар бүрийн ажлыг эрчимжүүлэхэд анхаарна.
Төлөвлөгөө хэрэгжсэнээр эдийн засгийн бодит өсөлт 3 хувь, инфляцийн түвшин 6.5 хувь, төсвийн тэнцлийн алдагдлын Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хэмжээ 9.1 хувь, ажилгүйдлийн түвшин 9 хувиас ихгүй байна гэж тооцоолжээ.
Үндсэн чиглэлийг хэрэгжүүлэхэд 5.4 их наяд төгрөг, үүнээс улсын төсвийн хөрөнгөөр 353.9 тэрбум, гадаад эх үүсвэрээс 825 тэрбум, төр, хувийн хэвшлийн түншлэл болон хувийн хөрөнгө оруулалтаар 4.1 их наяд, бусад эх үүсвэрээс 104 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээр байна.