ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт
2017.01.23

ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт ТТАХНЭ-ийн үйл ажиллагаатай танилцлаа

ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай өнөөдөр танилцлаа. Уг эмнэлгийн оношилгоо,  шинжилгээний амбулатори барилгын нээлтийг 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хийсэн юм. Өнөөдрийн байдлаар төрийн албан хаагчид болон Чингэлтэй дүүргийн нийт 5000 гаруй иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлээд байгаа аж. Цаашдаа үйл ажиллагаагаа улам сайжруулахад тоног төхөөрөмж засварлах, шинээр авах шаардлага тулгарч байгааг эмнэлгийн эмч, ажилчид хэлж байв.

С.Бямбацогт: Эмнэлгийн зарим тоног төхөөрөмжийн асуудлыг шийдлээ

Эмнэлгийн зориулалттай барилгыг албан тасалгаа болгох асуудлаар нэлээд маргаан үүссэн. Оношилгоо, шинжилгээний хэсэг болох барилгын А блокийг Засгийн газрын шийдвэрээр 2016 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр ашиглалтад оруулсан. Хууль зүйн салбарын албан хаагчид болон Чингэлтэй дүүргийн иргэдэд үйлчилж байна.

Иргэд эмнэлгийн үйл ажиллагаад сэтгэл хангалуун байна. Хэвтэн эмчлүүлэх хэсэг буюу эмнэлгийн Б блок албан тасалгааны зориулалттай болгосон. Анхны байдлаар нь эмнэлгийн зориулалтаар ашиглахад нэлээд хөрөнгө мөнгө зарцуулах шаардлагатай байгаа. Үүнийг шийдэх талд холбогдох  газруудтай ярьж, ирэх долдугаар сард барилгын ажлыг дуусгахаар төлөвлөж байна. Эмнэлэгт тоног төхөөрөмж нэлээд шаардлагатай байна.

Монголдоо анхдагч MRI аппаратыг засварлахад хууль зүйн салбарын төсвөөс хэмнэлт хийж 1.3 тэрбум төгрөг шийдвэрлэх шаардлага үүсч байна. Иргэдийнхээ эрүүл мэндийг сайжруулахад тоног төхөөрөмж хэрэгтэй байгаа учраас дотоод, гадаадын төрийн болон төрийн бус байгууллагыг бидэнтэй хамтарч ажиллахыг уриалж байна.