БГД-ийн усан спортын төвөөр 1112 хүүхэд үйлчлүүлжээ
2017.01.20

БГД-ийн усан спортын төвөөр 1112 хүүхэд үйлчлүүлжээ

Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа өнөөдөр /2017.01.20/ дүүргийнхээ усан спортын төвийн үйл ажиллагаатай танилцлаа.

Тус сургалтын төв 09.00-20.00 цагийн хооронд хүүхэд залуучуудад үйлчилдэг бөгөөд тэдний эрүүл мэнд, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилготойгоор үйл ажиллагаа явуулдаг юм байна. Зөвхөн сургалтын чиглэлээс гадна мэргэжлийн тамирчид ч уг усан спортод бэлтгэлээ хийдэг аж.

Тухайлбал, тус усан спортод хичээллэдэг тамирчдаас Улсын аварга шалгаруулах тэмцээнд багаараа тэргүүлж, Дэлхийн аварга Ш.Даваадорж хошой аварга болсон амжилт гаргаж байжээ. БГД-ийн Засаг дарга С.Одонтуяа “Энэ усан сан 2013 онд анх УИХ-ын гишүүн С.Эрдэнийн санаачлагаар нийслэлийн төсвийн 1,6 тэрбум төгрөгөөр дүүргийн долдугаар хороонд ашиглалтанд орж байсан. 2017-2020 оны дүүргийн мөрийн хөтөлбөрт тусгагдсан гол зүйл бол эрүүл дүүрэг болох.

Усан спортын төв цагт 25-30 хүүхдэд үйлчлэх боломжтой юм байна. Хүүхдүүдийг чийрэгжүүлэх зорилготой баригдсан. Эрүүл мэнд бол хамгийн чухал зүйл. Хүүхдийнхээ эрүүл мэндэд багаас нь анхаарал тавьж, чийрэгжүүлэх ирээдүйд нь хийж байгаа том хөрөнгө оруулалт болно” гэлээ.

Тус байгууламжийн усан сан нь 25 метрийн урттай, 1,8-2,2 метр гүн бүхий нэг ээлжийн хичээлд 25-30 хүн хүлээн авах хүчин чадалтай. 10-15 хүний багтаамж бүхий фитнес клуб, эрүүл ахуй эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх бичил төвтэй юм байна. Усан спортын төвийн үйл ажиллагаа эхэлсэнээс хойш усан сэлэлтийн сургалт, чөлөөт сэлэлтийн чиглэлээр нийт 1540 иргэнд, үүнээс 1112 хүүхэд, 25 хөгжлийн бэрхшээлтэй иргэн хамрагджээ. 2014 оноос мэргэжлийн тамирчдыг бэлтгэж, хот, улс, олон улсын чанартай 13 төрлийн тэмцээнд оролцуулснаас нийт 58 алт, 13 мөнгө, 21 хүрэл медаль хүртэж, нийт зургаан төрөлд Монгол Улсын рекорд шинэчилжээ.