Ж.Эрдэнэбат: Эрүүл, аюулгүй хүнсээр хүн амын хэрэгцээг хангахыг зорьж ажиллана
УИХ-ын чуулганы хуралдаанд хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын хийсэн мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.
УИХ-ын дарга аа,
УИХ-ын эрхэм гишүүд ээ,
Хүнсний хангамж, аюулгүй байдлын асуудал нь аливаа улс орон бүрийн эн тэргүүнд, байнгын анхаарлын төвд байлгадаг, улс орны болон хүн амын эрүүл, аюулгүй байдалтай холбоотой нэн чухал асуудал билээ.
Эрүүл монгол хүнийг хөгжүүлэхэд эрүүл хүнсээр хангах, эрүүл амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх явдал нэн чухал гэж Засгийн газар үзэж байна.
Хүнсний аюулгүй байдлыг хангах асуудлаар Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай, Малын эрүүл мэндийн тухай, Тариалангийн тухай, Ургамал хамгааллын тухай, Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай, Мэргэжлийн хяналт шалгалтын тухай хууль, “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого” болон холбогдох бусад хууль, тогтоомжийг дагаж мөрдөн ажиллаж байна.
УИХ-аас батлан гаргасан дээрх хууль, тогтоомжуудын хүрээнд Монгол Улсын Засгийн газар түүхий эд бэлтгэл, хүнсний үйлдвэрлэл, тээвэрлэлт, хадгалалт, худалдаа, хэрэглээний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг хэрэгжүүлсээр ирлээ.
Монгол Улсын хүнсний хэрэгцээ, хэрэглээ, хангамжийн өнөөгийн байдлын талаар зарим цөөн тоон мэдээллийг авч үзье.
Гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний хангамжийн түвшинг2016 оны эхний 11 сарын статистик мэдээнд тулгуурлан тооцон үзэхэд мах, махан бүтээгдэхүүн, гурил, шингэн сүү, төмсний хангамжийн түвшин 100-аас дээш хувьтай, хүнсний ногооны хангамж 84 , будаа, өндөг, жимс, жимсгэний хувьд 23-45 хувьтай байна.
2016 оны урьдчилсан дүнгээр дотоодын бэлтгэн нийлүүлэгчид, хүнсний үйлдвэрүүд 398.1 мян.тн мах, махан бүтээгдэхүүн, 474.2 мян.тн шингэн сүү, 118.7 мян.тн сүүн бүтээгдэхүүн, 60.0 мян.тн гурил, 55.1 мян.тн гурилан бүтээгдэхүүн, 163.8 мян.тн төмс, 72,3 мян.тн хүнсний ногоо үйлдвэрлэжээ.
Хүнсний бүтээгдэхүүний дотоодын үйлдвэрлэлийг өмнөх онтой харьцуулахад мах, махан бүтээгдэхүүн 4.5, гурилан бүтээгдэхүүн 7, төмс 1,4, жимс, жимсгэнэ 42 хувиар тус тус нэмэгджээ.
2016 оны байдлаар хүн амын гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний хангамж, импортын хамаарлын түвшинг тооцож үзвэл элсэн чихэр, чихрийн зүйл 100 хувь, жимс, жимсгэний 94,5 хувь, хүнсний тосны 92,3 хувь нь импортоос хамааралтай байна.
2015 онд байгаль, цаг уурын гэнэтийн үзэгдэлийн улмаас ургац алдаж буудайны 69 хувь, хүнсний ногооны 52 хувь, төмсний 20 хувийг импортоор хангажээ. Харин 2016 оны ургацын балансаар авч үзвэл төмс, хүнсний ногоо, гурилыг дотоодоосоо бүрэн хангах боломжтой байна.
Хүнсний хангамжийн шалгуур үзүүлэлтийн дагуу 2016 оны байдлаар гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний 78%-ийг дотоодын үйлдвэрлэлээр хангаж байна.
Монгол Улсын стратегийн хүнсний хангамжийн 2017 оны төлөв хандлагыг танилцуулья.
Холбогдох мэргэжлийн байгууллагын судлаачдын хийсэн судалгааны дүнгээс авч үзвэл 2017 онд нийт 11,6 сая толгой мал буюу 290 орчим мянган тонн махыг бэлтгэх боломжтой гэсэн тооцоо байна. Хүн амын хүнсний хэрэгцээнээс илүү гарсан 107 мян.тн махыг экспортлох боломжтой, мөн 6,1 сая толгой малын махыг бэлтгэн гадаад зах зээлд экспортлох нөөц байна.
Үндэсний Статистикийн хорооны даргын тушаалаар баталсан “Хүнсний аюулгүй байдлын статистик үзүүлэлтийг тооцох аргачлал”-ын дагуу нэг хүний жилийн хэрэгцээт сүү 55 кг, сүүн бүтээгдэхүүн 73 кг гэж тооцож үзэхэд 2017 онд дунджаар 130,0 мянган тн сүү, 180,0 мянган тн сүүн бүтээгдэхүүн шаардагдахаар байна.
Сүүн бүтээгдэхүүний хувьд хангамжийн түвшин сүүлийн 5 жилийн дунджаар 72 хувьтай байгаа нь хүн амын сүүн бүтээгдэхүүний хоногийн хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй байна.
Сүү, сүүн бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээ жилээс жилд дунджаар 12 хувиар нэмэгдэж, өвөл, хаврын улиралд хот, суурин газрын хүн амын 90 хүртэл хувь нь үйлдвэрийн аргаар боловсруулсан хуурай сүүг хэрэглэж байна. Иймээс 2017 оны хүн амын сүүний хэрэгцээнд 4,4 мян.тн хуурай сүү импортлох шаардлагатай гэсэн тооцоо гарч байна.
Нэг хүний хоногт хэрэглэх гурил, гурилан бүтээгдэхүүний дундаж хэмжээг үндэслэн тооцоход жилд нэг хүнд өргөн хэрэглээний гурил 36.5 кг, гурилан бүтээгдэхүүнд 80.3 кг буюу гурилд шилжүүлэн тооцвол 59.4 кг, нэг хүний жилийн хэрэгцээнд 95.9 кг гурил шаардлагатай гэсэн тооцоо гарч байна.
2016 оны ургацын урьдчилсан балансаар нийтдээ 482.1 мянган тонн буудай хураан авсан нь ирэх намрын ургац хүртэл гурилын үйлдвэрлэл болон хүн амын гурилын хэрэгцээг дотоодоос бүрэн хангах боломжтой.
Хүнсний аюулгүй байдал нь Үндэсний аюулгүй байдлын чухал хэсэг бөгөөд төрөөс баталсан хүнсний салбарын бодлого, авч буй арга хэмжээ түүний хэрэгжилт, хүнсний сүлжээний бүх үе шат дахь хүнсний чиглэлийн үйл ажиллагаа, тэдгээрт тавих хяналт, шалгалт, түүнчлэн хэрэглэгчдийн сэтгэл ханамжаар илэрхийлэгддэг.
Монгол Улсын хүнсний аюулгүй байдлын эрх зүйн орчин нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульболон холбогдох бусад хууль, тогтоомж, дүрэм, журам, хүнсний чиглэлийн үйл ажиллагаа, салбарын харилцааг зохицуулж буй эрх зүйн актаас бүрдэж байна.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албатай хамтран хүнсний аюулгүй байдлын хууль, эрх зүйн орчны нөхцөл байдал, хяналтын тогтолцоонд үнэлгээ хийх ажлыг энэ онд хэрэгжүүлсэн.
Засгийн газрын 2009 оны 32 дугаар тогтоолоор батлагдаж, 2011 оны 114 дүгээр тогтоолоор нэмэлт өөрчлөлт оруулсан “Хүнсний аюулгүй байдал үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн хугацаа өнгөрсөн 2016 онд дуусч байна. Хөтөлбөрийн хэрэгжилтийг урьдчилсан байдлаар дүгнэж үзэхэд 78 хувийн хэрэгжилттэй байна.
Хөтөлбөрт тусгагдсан зорилт, арга хэмжээг санхүүжүүлэхэд шаардах хөрөнгө оруулалт дутагдалтай байсан нь хэрэгжилтэд голчлон нөлөөлсөн. Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн” үндэсний хөтөлбөрийг шинээр боловсруулж, хүнсний аюулгүй байдлыг хангах зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Хүнсний аюулгүй байдлыг хангахад хүнсний стандарт, техникийн зохицуулалт, түүний хэрэгжилт чухал ач холбогдолтой байдаг. Хүнсний салбарт нийт 753 стандарт, үүнээс заавал мөрдөх 379, зөвлөмжийн шинжтэй 374 стандарт мөрдөгдөж байна.
Монгол Улсын хэмжээнд хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны стандарт нэвтрүүлсэн 4 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. Хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэхэд цаг хугацаа, зардал ихээр шаарддаг тул манай дотоодын аж ахуйн нэгжүүд өргөнөөр хамрагдаж чадахгүй байна.
Хүнсний бүтээгдэхүүнд сорилт, шинжилгээ хийх эрх бүхий итгэмжлэгдсэн 65 лаборатори үйл ажиллагаа явуулж байгаа. Эдгээр лабораториудын нэгдсэн сүлжээг зохион байгуулах, чадавхийг нь дээшлүүлэх, лабораторийн хүний нөөцийг сургаж бэлтгэх тал дээр анхаарч ажиллаж байна.
Хүнсний аюулгүй байдлыг хангах асуудлын хүрээнд Мэргэжлийн хяналтын байгууллагын хийсэн хяналт, шалгалтын дүнгээс товч танилцуулья.
Хүнсний үйлдвэр, цехүүдийн төлөвлөгөөт хяналт, шалгалтад хамрагдсан 468 аж ахуйн нэгжийн 11 хувь нь эрсдэл ихтэй, 57 хувь нь дунд, 32 хувь нь бага эрсдэлтэй гэж үнэлэгдсэн байна.
Хүнс худалдаалах үйл ажиллагаанд хийсэн шалгалтад хамрагдсан нийт 1100 хүнсний худалдааны газрын 41 хувь нь бага эрсдэлтэй, 52 хувь нь дунд эрсдэлтэй, 7 хувь нь их эрсдэлтэй гэж үнэлэгдсэн байна.
Мэргэжлийн хяналтын байгууллагаас 2016 онд хүнс, хөдөө аж ахуйн хяналтын чиглэлээр 2671 объектод төлөвлөгөөт хяналт шалгалт, 370 объектод төлөвлөгөөт бус хяналт шалгалт, 932 объектод гүйцэтгэлийн шалгалтыг хийж гүйцэтгэсэн.
Шалгалтаар үр дүнд давхардсан тоогоор нийт 36,6 мянган зөрчил илрүүлж, газар дээр нь 74.3 хувийг арилгуулж, зөрчлийг арилгуулах талаар 4013 албан шаардлага, 402 акт, 379 дүгнэлт үйлдсэн ба зөрчлийг арилгах хүртэл 18 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоожээ.
Эрсдэлтэй объектод төлөвлөгөөт хяналт шалгалт хийхээс гадна 2016 онд их, дунд эрсдэлтэй үнэлэгдсэн 1,5 мянган объектод зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, эрсдэлийг тогтоон, илэрсэн зөрчлийг арилгах, дахин гаргахгүй байх талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, сургалт, сурталчилгааг зохион байгуулсан.
Хяналт шалгалтын явцад эрсдэлтэй объектийн тоо буурсан. Үүнд: 2015 онд их эрсдэлтэй объект 15.9 хувь байсан бол 2016 онд 14.7 хувь болж буурч байгаа хэдий ч дунд эрсдэлтэй объект 70.0 хувийг эзэлсээр байна.
Хүнсний аюулгүй байдлыг хангах асуудал нь салбарын төрийн болон төрийн бус байгууллагууд хоорондын ажлын уялдаа, хувийн хэвшлийн идэвхтэй оролцоог шаардсан салбар дундын зохицуулалтын шинжтэй, бүх нийтийг хамарсан чухал ач холбогдолтой. Иймд хүн амын хүнсний аюулгүй байдлын талаарх мэдлэг, хэрэглэгчийн боловсролыг дээшлүүлэх шаардлага тулгарч байна.
Хүнсний тухай хуульд зааснаар хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хүнсний сүлжээнд зохистой дадлыг нэвтрүүлэх талаар сургалт зохион байгуулах чиг үүрэгтэй. Цаашид төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд дээрх чиг үүргийг салбарын төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодод шилжүүлэх, тэдгээрийг чадавхжуулж бэхжүүлэх, дэмжих бодлогыг хэрэгжүүлж ажиллана.
Хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар Монгол Улсын Засгийн газраас дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөн, ажиллаж байна.
1. Хүнсний болон хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай, Органик хүнсний тухай хуулиудын хэрэгжилтийг хангах зорилгоор бүртгэл мэдээллийн нэгдсэн сан үүсгэж, ашиглах;
2. Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль, тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах;
3. Баяжуулсан хүнсний тухай, Зохицуулах үйлчилгээтэй хүнсний тухай хуулийн төслүүдийг УИХ-д өргөн барих;
4. Хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах зорилгоор “Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн” үндэсний хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх;
5. Хүн амын мах, сүүний хэрэгцээг эрүүл хүнсээр, бүхий л улиралд тогтвортой хангах зорилгоор “Мах, сүүний анхдугаар аян”-ыг зохион байгуулах;
6. Хүнс боловсруулах үйлдвэрт эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн зохистой дадлыг хэвшүүлэх, холбогдох зааврыг батлуулах;
7. Органик хүнсний тухай хуулийг хэрэгжүүлэх, органик бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааг дэмжих;
8. Хүн амын хүнсний аюулгүй байдлын талаарх хэрэглэгчдийн мэдлэг ойлголтыг дээшлүүлэх арга хэмжээ авах;
9. Хүнсний түргэн гэмтэх, эмзэг бүтээгдэхүүнийг технологийн дагуу хадгалах, тээвэрлэх, зориулалтын агуулах, байр, тээврийн хэрэгсэлтэй болгох асуудлыг шийдвэрлүүлэх зэрэг болно.
Хүнсний хангамж, хүрэлцээ, хүнсний аюулгүй байдлыг хангах асуудал Засгийн газрын байнгын анхаарлын төвд байсаар ирсэн. Цаашид ч энэ асуудалд Засгийн газар улам их анхаарал тавьж, хүнсний аюулгүй байдлыг бүрэн хангах, эрүүл, аюулгүй хүнсээр хүн амын хэрэгцээг хангахыг зорьж ажиллах болно