Зорилт, төлөвлөгөөгөө хууль эрх зүйн шинэчлэлүүдтэй уялдуулахыг санууллаа
2017.01.04

Зорилт, төлөвлөгөөгөө хууль эрх зүйн шинэчлэлүүдтэй уялдуулахыг санууллаа

Өнөөдөр шинэ оны ажлын анхны өдөр Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал нийт бие бүрэлдэхүүнд хандан үүрэг чиглэл өглөө.

Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага өнгөрсөн оны ажлаа дүгнэж, үйл ажиллагааны тайлангийн хурлаа өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан. Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлагуудаас Онцгой байдлын ерөнхий газар хамгийн өндөр буюу 97 оноогоор “A” үнэлгээгээтэйгээр дүгнэгдсэнд нийт албан хаагчиддаа баяр хүргэж, ажлын амжилт хүслээ.

Албаны хэмжээнд ирэх оны зорилтоо тодорхойлох, төлөвлөгөөгөө хэлэлцэж буй энэ үед нийт бие бүрэлдэхүүн ойрын хугацаанд хийж хэрэгжүүлэх ажил, чиглэлийн талаар албан хаагчдад мэдээлэл өглөө.

Өнгөрсөн 2016 оны хувьд Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын хувьд салбартаа хууль эрхзүйн олон шинэчлэлүүдийг хэрэгжүүлэн ажилласан. Батлан хамгаалахын багц хуулиуд батлагдаж Онцгой байдлын байгууллага нь цэргийн байгууллагын бүрэлдэхүүн хэсэг болсоноор албаны болон албан хаагчдын эрх зүйн байдалтай холбоотой нилээдгүй шинэчлэлүүд энэ онд үргэлжлэн хийгдэнэ.

Тухайлбал, Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулга, Онцгой байдлын албаны тухай анхдагч хуулийн төслийг боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, улмаар УИХ-д өргөн бариад байгаа. Мөн оны өмнөхөн Монгол Улсын Ерөнхийлөгч “Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратеги-2030” баталсан байна.

ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал хэлсэн үгэндээ, “дээрхи хуулиуд, стратегитай холбогдуулан 2017 онд албаны хэмжээнд 20 гаруй дүрэм, журам, төлөвлөгөө, удирдамж шинээр боловсруулагдана. Эдгээр дүрэм, журмыг боловсруулж батлуулахад удирдлага, мэргэжилтэн бүрийн оролцоо, санал санаачлага, хувь нэмэр ихээхэн үүрэг гүйцэтгэнэ. 2017 онд албаны хэмжээнд хууль эрхзүйн бүх шинэчлэлүүд хийгдэж дууссан байх ёстой. Онцгой байдлын ерөнхий газрын дэргэд Япон, Австри, Беларус улсаас хэд хэдэн төсөл, хөтөлбөрүүд хэрэгжинэ.

Газар, хэлтэс, анги, салбар, нэгж, мэргэжилтэн бүр шинэ оны зорилт, төлөвлөгөөгөө дээрхи хууль, дүрэм, төсөл хөтөлбөртэй уялдуулах, хэрэгжүүлэх ажилдаа тусгах ёстой”-г анхааруулан хэлж байлаа.

Мөн, Онцгой байдлын албаны Сургалтын жилийн нээлтийг 2017 оны 01 дүгээр сарын 13-нд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Албаны хэмжээнд зохион байгуулах Сургалтын календарчилсан төлөвлөгөө удахгүй батлагдана. Төв, орон нутгийн Онцгой байдлын анги, байгууллагын хувьд ч уг төлөвлөгөөний дагуу ажлаа төлөвлөдөг, албан хаагчаа сургадаг байх ёстой.

Эхний улиралд багтаан албаны хэмжээнд бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтүүд хийгдэнэ. Алба бүхэлдээ бүтэц, зохион байгуулалтын хувьд өргөжин тэлж, цар хүрээ улам бүр нэмэгдэж байгааг онцоллоо.

Түүнчлэн 2018 оны 07 дугаар сард Монгол Улсад Азийн сайд нарын 2 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангах, ажлын хэсгүүд томилох, төлөвлөгөө гаргах гээд энэ онд Онцгой байдлын албаны хувьд Та бидний өмнө нөр их ажил, хариуцлага хүлээж байна. Албан хаагчид, хувь хүний хөгжил, гадаад хэлний мэдлэг, хууль эрхзүйн мэдлэг, боловсролоо дээшлүүлэхэд онцгой анхаарах ёстойг ч санууллаа.