Эдийн засгийн байнгын хороо хуралдлаа
Тогтоолын төслийг хэлэлцлээ
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2016.12.14/ хуралдаан 10 цаг 20 минутад гишүүдийн 57.9 хувийн ирцтэйгээр эхэллээ.
Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Ж.Ганбаатар нар УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэх, төсөл хэлэлцэхийг хойшлуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжсэн юм.
Үүний дараа “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Байнгын хорооны хуралдаанд Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт, ажлын хэсгийн хамт оролцсон юм.
Засгийн газраас 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн уг тогтоолын төсөлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Ж.Ганбаатар, З.Нарантуяа нар асуулт асуув. Гишүүдийн хувьд Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийн жагсаалтад 260 гаруй хууль багтааж, нэмэлт, өөрчлөлт, шинэчилсэн найруулга хийхээр болсон нь хууль эрх зүйн орчны тогтвортой байдлыг алдагдуулж байна. Үүний цаад хүндрэл нь бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагч нарт хэрхэн тусахыг судалсан эсэх, хууль санаачлах босгыг өндөрсгөсөн нь УИХ-ын гишүүдийн эрхэд халдаж байгаа талаар илүүтэй тодруулж байлаа.
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт, Аливаа парламент ирэх дөрвөн жилд дэвшүүлж байгаа бодлого зорилтоо тодорхой болгож, үүнтэй холбогдуулж шаардлагатай хууль тогтоомжийг шинэчлэх, нэмэл өөрчлөлт оруулахаар үндсэн чиглэлийг батлуулдаг. 2000 оны парламентаас эхлээд дөрвөн жилд нэг удаа Монгол Улсын хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэлийг батласаар ирсэн. Уг тогтоолын төслийг боловсруулахдаа Хууль зүй, дотоод хэргийн яам төрийн байгууллага, яам тамгын газар нийт 43 байгууллагаас төсөлд тусгах санал авсан.
Нийт 436 хуульд нэмэл, өөрчлөлт, шинэчилсэн найруулга хийх санал ирснээс бид судалж үзээд 260 болгосон. Шаардлагатай гэж үзвэл УИХ-ын гишүүд уг тогтоолын төсөлд багтсан хуулиудаас хасах эрх нь бий. Мөн хууль эрх зүйн орчинг тогтвортой байлгах үүднээс Хууль тогтоомжийн тухай хуульд хууль санаачлах эрхийн босгыг өндөрсгөсөн байгаа.
Түүнчлэн нийт 1400 гаруй тусгай зөвшөөрлийн тоог хязгаарлах гэж байна. Өмнө нь зөвшөөрснөөс бусдыг хориглодог байсан бол бид хориглосноос бусдыг зөвшөөрөх чиглэл барьж, тусгай зөвшөөрлийг цэгцлэх асуудлыг боловсруулаад Засгийн газарт оруулаад байгаа. Ингэснээр иргэн, аж ахуй нэгжид ирдэг төрийн дарамтыг багасгана хэмээн хариулсан юм.
Үүний дараа үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн талаар байнгын хорооны гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй долоон саналаар санал хураалт явуулсан юм. Хуралдаанд оролцсон гишүүд зарчмын зөрүүтэй саналыг дэмжсэн бөгөөд байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар Хууль зүйн байнгын хороонд хүргүүлэхээр болов.