Анхаар! Сунгаа эхэллээ
Ардчилсан намын шинэчлэгдэх эхний алхам намын даргыг сунгаагаар тодруулах. Тэгвэл сунгааны цаг явж эхлэхэд хамгийн түрүүнд УИХ-ын гишүүн Ж.Батзандан нэрээ бүртгүүлжээ. Түүний араас УИХ-ын гишүүн Л.Болд нэр дэвшихээ илэрхийлж бүртгүүлсэн байна. Одоогоор тов тодорхой болсон дөрвөн өрсөлдөгчийн нэр гарч ирээд байгаа юм.
АН-ын VI Их хурлаас 21 аймаг, есөн дүүргийн тус бүр нэг төлөөллийг багтаасан 30 хүний бүрэлдэхүүнтэй дотоод сонгуулийн хороо байгуулж, даргын сонгуулийг зохион байгуулахаар болсон. Сонирхлоо илэрхийлж, бүртгүүлэхээр очсон зарим нь АН-ын даргын сонгуулийн төсвийг хараад цочирдолд орж эхлэв. Хэдэн төгрөгөөр сонгууль зохион байгуулахаар болсныг зарлаагүй ч төсөв мөнгө зарцуулахгүй хийнэ гэж байхгүй. Чухам хэдэн төгрөгийн өртөгтэй сонгууль зохиох вэ гэдгээс сунгааны анхны шоу эхэлж байна.
Юуны өмнө бид дотоод сонгуулийн хороог ахалж буй Ж.Оюунбаатартай холбогдож дэнчингийн талаар тодрууллаа. Тэрээр “Дотоод сонгуулийн хорооны хурал дээр дэнчингийн тухай яригдаж байгаа. Эцэслэн шийдвэр гаргаагүй байгаа. Зарим хүн шийдвэр гараагүй байхад хэвлэлийн хурал хийлгээд яриад явна” гэдэг тайлбар өгсөн юм. Тэгэхээр УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн хэлсэн шиг 2,5-2,8 тэрбум төгрөг босгох гэж нэр дэвшигчдээс дэнчин авах тухай шийдвэр гараагүй байгаа аж. Сураг төдий мэдээллээр анхаарал татах сурталчилгаагаар хамгийн түрүүнд Ж.Батзандан гэрэлд гарч ирлээ.
АН-ын даргын сонгуульд нийтдээ 2,5-2,8 тэрбум төгрөг болно хэмээн тооцож төсөв бүрдүүлэхээр болсон гэж тэрээр мэдээлэл өгсөн. Үүнийх нь 10 хувь болох 250 сая төгрөгийг нэр дэвшигчээс гаргуулах гэнэ. Тэр нь 500 сая төгрөг болтлоо өсөх магадлалтайг хэлэв. Энэ үгээрээ АН-ын даргад дөрвөн хүн өрсөлдөх тухай мессэж хаяатахлаа.
Туршлага хэрэгтэй юу
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга С.Эрдэнэ намын даргын сунгаанд өрсөлдөхөө илэрхийлсэн ч хараахан бүртгүүлээгүй байгаа гэнэ. Тийм ч болохоор тэрээр дэнчингийн сураг гарахтай зэрэгцэн мэдэгдэл хийж, бодлоо ил гаргаагүй яваа. Харин дэнчинтэй байхыг дэмжсэн хүмүүс АН-д цөөнгүй байна.
Жишээ нь, УИХ-ын гишүүн асан М.Зоригт “Намаа шинэчлэх хөтөлбөр, бодлого нь таалагдвал нэр дэвшигчид намын даргын сонгуулийн сунгаанд нь 50 сая төгрөг хандивлана” хэмээн твиттер хуудастаа бичсэн байлаа. АН-ын VI Их хурал зохион байгуулахад Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүдээс хоёр сая төгрөгийн татвар авсан туршлага бий.
Их хурал сонгуулийн зардлаа өөрсдөө босгох шийдвэр гаргасан. С.Эрдэнэ УИХ-ын сонгууль төдийгүй, орон нутгийн сонгуульд удирдаж оролцсон дүүрэг, баг нь ялсан. Магадгүй энэ нь түүний давуу тал болж мэдэх юм. Сөрөг хүчний намын дарга ямар ч тохиолдолд УИХ-ын гишүүн байх ёстойг АН-ын гишүүд хэлж байгаа. Түүний дээр сонгуульд оролцсон баг С.Эрдэнэд бэлэн бий. Гэхдээ сонгуулийг таахын аргагүй.
С.Эрдэнэ эрхзүйч, улс төр судлаач мэргэжилтэй, Улаанбаатарт төрсөн, 53 настай. 1984 онд Цэргийн нэгдсэн сургууль, 1995-1997 онд Отгонтэнгэр их сургууль, 1998-2000 онд Удирдлагын академийг төгссөн бол ХБНГУ, АНУ-д нийгмийн даатгалын дээд курст тус тус суралцаж байж. Ардчилалд анхнаас нь зүтгэсэн хүмүүсийн нэг.
Тэрээр 1989-1990 онд Багануур дүүргийн Монголын Ардчилсан намын хорооны дарга, 1991-1995 онд Монголын Үндэсний ардчилсан намын ерөнхий зөвлөлийн гишүүн, 1995-2000 онд Нийслэлийн МҮАН-ын хорооны дарга, МҮАН-ын ерөнхий зөвлөлийн гишүүн, 1996-2000 онд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын цөөнхийн бүлгийн ахлагч, 2000 оноос хойш Баянгол дүүргийн Ардчилсан намын даргаар ажиллаж байгаа.
Ардчиллын төлөөх таван нам нэгдэхэд Монголын Ардчилсан намын дарга байсан. 2002-2005 онд Монголын Ардчилсан холбооны дарга, 2005-2011 он хүртэл Нийслэлийн Ардчилсан намын даргын алба хашиж байсан юм. 1996-2000 онд Баянгол дүүргийн Засаг дарга, 2004-2008 онд Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргаар ажилласан. 2009-2012 он, 2012-2016 онд УИХ-ын гишүүнээр ажилласан. 2016 онд УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга болсон. Өмнөх дөрвөн жилд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын алба хашсан.
Г.Батхүү ба Л.Болд
Сунгаанд өрсөлдөхөд төлөх дэнчингийн талаар УИХ-ын гишүүн Л.Болд байр сууриа илэрхийлээгүй байгаа. МоАН санаачилга гэж байгуулалцсан Г.Батхүүгийн нэр өрсөлдөөнд дуулдаж байсан ч эцэстээ Л.Болдыг марафонд гүйлгэхээр шийджээ. Товчхондоо Г.Батхүүгийн байр суурь бол Л.Болдын бодолтой ижил гэж ойлгож болно. “АН-ын үе үеийн марафон дэнчингүй явагддаг, бодлогын өрсөлдөөний талбар байсан.
Энэ уламжлал эвдэгдсэнд харамсч байна. Зөв уламжлалаа авч үлдэх” гэж Г.Батхүү твиттер хуудсандаа бичиж, түүнийг Л.Болд дагаж жиргэх буюу ритвийт хийжээ. Тэд бол том бизнесмэнүүд. 250 сая битгий хэл 500 сая төгрөг дэчинд өгөхөд хотойхооргүй хүмүүс. Ямартай л АН-ын VI Их хурлын үеэр 1210 төлөөлөгчид шоколадны цуглуулга, Гаваагийн Батхүү гэсэн бичигтэй тэмдэглэлийн дэвтэр, С.Цогтсайханы “Хонхны дуу” цомог, цэвэр ус, МоАН санаачилгын танилцуулга зэргийг гарын бэлэг болгож өгсөн байх юм. Намын дарга Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломжгүй дүрмийн өөрчлөлт орсон учир Л.Болдыгоо даргад сойж, өөрөө Ерөнхийлөгч болохоор бэлтгээд эхэлчихэж. Уяач УИХ-ын дарга байхад уяач Ерөнхийлөгч яагаад байж болохгүй тухай “бор шувуу” нисгэж ч байгаа.
Л.Болд 1983 онд ХБНГУ-ын Бернаугийн Үйлдвэрчний эвлэлийн хөдөлмөрийн дээд сургуулийг төгссөн, 55 настай. 1983-1989 он хүртэл Багануур дүүргийн Үйлдвэрчний эвлэлийн зөвлөлийн зааварлагч, Монголын Үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөлд зааварлагчаар ажиллаж байгаад ардчилсан хувьсгал өрнөж эхлэхэд Монголын оюутны холбооны орлогч дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга болжээ. АН-ын анхны гишүүдийн нэг. 1990-1992 онд Ардын Их хурлын депутат, Улсын бага хурлын гишүүн байсан. 1993-1996 онд “Бодь интернэшил” группийн ерөнхийлөгч, 2000-2005 онд Голомт банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, 2000-2005 онд Монголын банкны холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Монголын толгой баячуудын нэг. 1996-2000, 2008-2012, 2012-2016 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байгаад 2016 онд сонгуульд дахин ялсан. 2004-2008 онд Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын дарга, 2008-2012 онд Батлан хамгаалахын сайд, 2012-2014 онд Гадаад харилцааны сайдын алба хашиж байсан юм.
Залуучуудын Л.Гантөмөр
Л.Гантөмөр “Ардчилсан намыг шинэчлэх ёстой гэдэг нь алхам тутамд л харагдаж байна даа. Юун 250 сая төгрөг вэ” хэмээн гайхан жиргэж байх юм. Гэхдээ түүнтэй нэг тал болох М.Батчимэг, Х.Тэмүүжин нар энэ талаар байр сууриа илэрхийлээгүй байна. П.Цагаан эсвэл Л.Гантөмөр гэсэн хувилбараар намын даргын сунгаанд оролцох мэдээлэл гарч байсан. Хамгийн магадлал өндөртэй нь Л.Гантөмөр болж таарав. Залуучуудын төлөөлөл болно гэж түүний хурцлагчид цөөнгүй. Гэхдээ орон даяар сунгаанд өрсөлдөнө гэдэг амаргүй. Энэ жил сонгуулиар УИХ-ын гишүүн болж чадаагүй хүнд АН-ын гишүүд итгэл үзүүлэх болов уу эсвэл залуучуудаа дэмжих болов уу...
Л.Гантөмөр инженер мэргэжилтэй, Увс аймагт төрсөн, 43 настай. 1993-1996 онд Японы Сэндай Дэньфа коллежийг харилцаа холбооны инженер мэргэжлээр, 1996-1999 онд Японы Нагаокагийн Техник, технологийн их сургуулийг электроникийн инженер мэргэжлээр төгсчээ. 2000-2004 онд “Сэтгэшгүй трейд” ХХК-ийн дэд захирал, 1999-2000 онд “Шинэ-Үе” залуучуудын байгууллагын Сүхбаатар дүүргийн даргаар ажиллаж. Эндээс түүний улс төрийн идэвхтэй амьдрал эхэлсэн. Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан залуучуудын холбооны дэд ерөнхийлөгчөөр 2000-2007 онд ажиллаж байгаад 2010 он хүртэл тэргүүн буюу ерөнхийлөгч болсон байна. 2004-2008, 2008-2012, 2012-2016 онд УИХ-ын гишүүнээр ажилласан ч энэ жилийн сонгуулиар өвдөг шороодсон. Өнгөрсөн дөрвөн жилд Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдаар Л.Гантөмөр ажиллаж байв.
Түрүүлж дуугарсан “хөхөө”
УИХ-ын гишүүн Ж.Батзандан “АН-д элсээд таваас доошгүй жил болж байгаа бол даргын марафонд оролцох эрхтэй болж байна. Дэнчингийн мөнгийг 250-500 сая төгрөг болгож байгаа нь энэ намын дурын залуу гишүүнийг намын даргад өрсөлдөх эрхийг нь хааж байгаа хэлбэр. Ж.Батзандан шиг хүнийг АН-ын даргад нэр дэвшихийг нь хааж, Монгол орны өнцөг булан бүрт архи зардаг Г.Батхүү шиг хүнд боломж олгож байна.
Төрийн сонгуулиас өндөр өртөгтэй намын сонгууль байж болохгүй. Санал хураалтын аппликэйшн хийгээд санал хурааж болж байна. Дээрээс нь дэнчингийн мөнгөө багасгах шаардлага хүргүүлж байгаа. АН мөнгөтэй хуучин олигархиудаасаа салах ёстой. Надад бэлэн гаргаад өгчих 250 сая төгрөг байхгүй” гэж хамгийн түрүүнд дэнчингийн тухай ам нээв. Хэрэв АН-д мөнгөтэй хүмүүс байхгүй болчихвол яаж төрийн сонгуульд өрсөлдөх билээ гэдэг асуулт гарч ирнэ. Магадгүй энэ хэмжээний дэнчин төлөхөөр бол намын даргын өрсөлдөөнд Ж.Батзандан оролцож чадахгүй нь гэсэн үг.
Ж.Батзандан улс төр судлаач, эрхзүйч мэргэжилтэй, 42 настай. Сүхбаатар аймагт төрсөн. 1992-1993 онд МУИС-ийн Хуульзүйн сургуульд сурч байсан бол 1993-1999 онд Унгар улсын Будапештийн их сургуулийг улс төр судлаач, эрхзүйч мэргэжлээр төгсөөд 2001-2003 онд Мишкольцийн их сургуулийн Нийгмийн ухааны факультетэд докторын зэрэг хамгаалжээ. Унгарт судлаач багшаар хоёр жил ажилласан гэдэг.
Ингээд 2004-2006 онд Их засаг их сургуулийн багш, эрдмийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаад Иргэний хөдөлгөөн гэж 2006 онд байгуулан, гудамжинд гарч жагсч эхэлснээр улс төрд орсон. 2006-2010 он хүртэл Иргэний хөдөлгөөний намын дарга байсан гэж намтартаа бичсэн ч 2008 оны долдугаар сарын 1-ний үймээний хэргээр шалгагдаад есдүгээр сард нь Ардчилсан намд хадаг барьж элссэн байдаг. 2012, 2016 онд АН-аас сонгуульд нэр дэвшиж УИХ-ын гишүүн болсон.