Ц.Даваасүрэн:Бие даагаад нэр дэвших бололцоо бий
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн
2012.05.02

Ц.Даваасүрэн:Бие даагаад нэр дэвших бололцоо бий

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан, О.Чулуунбат нар МАН-аас гарч МАХН хэмээх уугуул намаа сэргээж, үйл ажиллагааг нь өргөжүүлэхээ мэдэгдлээ. Тэд МАХН-ын удирдлагыг гартаа аваад байгаа. Д.Тэрбишдагва дэд дарга, В.Удвал Ерөнхий нарийн бичгийн дарга, О.Чулуунбат, Ч.Улаан, Л.Цог нар нарийн бичгийн даргын албан тушаалтай. Тэд өнөөдрөөс ажилдаа ханцуй шамлах орох гэнэ. Нэгэнт шийдвэрээ гаргаж, эргэлзэж тээнэгэлзэх зүйлгүй болсон учир МАХН-ыг сар гаруй хугацааны дараа болох УИХ-ын сонгуулиар ялалтад хүргэхийн төлөө зүтгэх биз ээ.

Харин УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн МАН-ын бүлгээс гарснаа албан ёсоор мэдэгдэж, бичгээ өгсөн ч МАН-аас гараагүй байгаа. Түүнээс цаашид хэрхэхийг тодруулахад "Энэ талаар шийдвэр гаргаагүй байна. Улс төрийн амлалттай холбоотой асуудлыг бид удаа дараа тавьж байсан. Ерөнхий сайдад уул уурхайн асуудлаар тодорхой шийдвэр гаргахыг бүлгээр дамжуулж тавьсан. Гэтэл энэ бүгд огт хэрэгжээгүй. Та бүхэн мэдэж байгаа. Хэвлэлийн Бага хурал хийгээд стратегийн ордуудыг зохицуулсан бодлого гарга, төлөвлөлтөө хий гэсэн шаардлагыг тавьсан.Бас л хэрэгжүүлээгүй. Чоно борооноор гэгчээр далимдуулан захаасаа газар нутгийг зарж эхэллээ.

Ийм асуудлыг зохицуулах ёстой гол УИХ-дахь бүтэц нь намын бүлэг. Намын бүлгээр дамжуулж асуудлаа тавьж яваа. Гэтэл энэ мэт олон асуудлыг хэрэгжүүлэхгүй байна. Иргэн бүрт 1 сая төгрөг өгөх нь эргэлзээтэй болчихлоо. Ард түмний төлөөлөл болж сонгогдсон гишүүн асуудал тавихад улс төрийн дэмжлэг үзүүлж шийдэхгүй байгаа учраас миний хувьд МАН-ын бүлэгт орж ажилласны үр дүн гарахгүй байна" гэсэн юм.Түүнээс ирэх сонгуулиар ямар намаас нэр дэвшихийг сонирхоход "Бие даагаад нэр дэвших бололцоо бий шүү дээ" гэсэн хариулт өгч байлаа.