С.Чинзориг: Улстөрч хүний үг, үйлдэл зөрдөггүй байх ёстой
УИХ-ын гишүүн С.Чинзориг
2016.12.08

С.Чинзориг: Улстөрч хүний үг, үйлдэл зөрдөггүй байх ёстой

УИХ-ын идэвхтэй гишүүдийн нэг С.Чинзоригийг зочноор урилаа. Тэрбээр одоогоор “Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай”, “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” гэсэн хоёр ч хуулийн төслийг санаачлан боловсруулснаа нэр бүхий гишүүдтэй хамтран УИХ-д өргөн барьж, хэлэлцүүлж байна.

Эдгээр хуулийн төсөл батлагдвал малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, эхчүүд нийгмийн даатгалын санд шимтгэлээ тасралтгүй төлж, нийгмийн баталгаа нь сайжирна хэмээн үзэж буй юм. Тодруулбал, ч, эхчүүд шимтгэл төлсөн нийт хугацаан дээрээ төрүүлж, өсгөсөн хүүхэд бүрийн тоогоор 1,5 жил нэмж тооцуулах, даатгуулсан хэлбэрээс үл хамааран адил хувиар жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах, малчид хөнгөлөлттэй нөхцлөөр өндөр насны тэтгэврээ тогтоолгох боломж бүрдэнэ.  

-Та өмнөх  Засгийн газарт Хөдөлмөрийн сайдаар ажиллаж байсан.  УИХ-ын гишүүн байх, сайдаар ажиллах хоёрт ялгаа байна уу?

-Сайдаар ажиллаж байхдаа УИХ-аар салбарын хууль, бодлогоо хэлэлцүүлж, батлуулдаг байсан. Гэхдээ  өөрийн бодож, төлөвлөж, хэрэгжүүлэхийг зорьж байсан хууль, тогтоомжийн төслөө УИХ-д өргөн барьж, батлуулж чадахгүй үе гарна. Харин УИХ-ын гишүүнээр сонгогдсоноор хууль санаачлах, олон нийтийн дуу хоолой болж ажиллах боломж бүрдэж байна.  

Үндсэн дөрвөн чиглэлд түлхүү анхаарч ажиллахаар төлөвлөж байна.
-Таныг хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбараар мэргэшсэн хүн гэдэг. Тиймээс бүрэн эрхийнхээ хугацаанд энэ салбарт түлхүү анхаарч ажиллах уу?

-Нийгмийн хамгааллын салбарт 10 жил ажилласан. Энэ талаас нь намайг   хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын хүн гэж харах нь бий.  

Өнгөрсөн УИХ-ын сонгуулийн МАН-ын мөрийн хөтөлбөрийн нийгмийн бодлогыг боловсруулах ажлын хэсгийг ахалсны хувьд “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай”, “Малчин, хувиараа эрхлэгчдийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай” хуулийн төслүүдийг УИХ-д өргөн барьж, хэлэлцүүлгийн шатанд явж байна. Миний үндсэн мэргэжил төлөвлөгч эдийн засагч.

Тиймээс УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацаандаа нийгмийн бодлого, төсөв, санхүү, эдийн засаг, төрийн албаны хууль тогтоомжийг боловсронгуй  болгох, төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах, мөн орон нутгийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн удирдлагатай холбоотой эрх зүйн орчныг боловсронгуй болгох гэсэн үндсэн дөрвөн чиглэлд түлхүү анхаарч ажиллахаар төлөвлөж байна.

Би их сургууль төгсөөд 14 жил орон нутагт ажиллаж, мэргэжилтнээс эхлээд аймгийн ИТХ-ын дарга хүртэл алба хашсан. Дараа нь дэд сайдаар найман жил ажилласны хувьд төрийн алба болон орон нутгийн засаг захиргааны удирдлагыг боловсронгуй болгох чиглэлээр хуримтлуулсан мэдлэг, туршлага хангалттай бий.

-Та одоо ямар хуулийн төсөл дээр ажиллаж байна?

-Хэд хэдэн хуулийн төсөл дээр ажиллаж байна. Залуучууд,  тэр дундаа оюутнуудыг сурч, боловсрохынхоо хажуугаар өдөрт 4-өөс ихгүй цаг ажил, хөдөлмөр эрхэлдэг байх эрх зүйн орчин бий болгох талаар судалж байна. Оюутан, залуучууд цагийн ажил хийх, ажлынхаа хөлсийг тухай бүрт нь авах боломжийг нээж өгөх зорилготой юм.  

Орлого багатай иргэдийн гар дээр ирэх орлогыг нэмэх боломжтой.

Мөн эдийн засгийн хүндрэлийн шуурганд хамгийн их өртдөг, орлого багатай хэсгийг хамгаалахад чиглэсэн хуулийн төсөл боловсруулахаар ажиллаж байна. Тэр дундаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ холбоотой асуудлыг судалж байна. Шаардлагатай бол Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хууль, Хүн амын орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна.

Одоогийн мөрдөж буй хуулиар  хүн амын орлогоос 64 мянган төгрөгт нь татварын хөнгөлөлт эдэлж байгаа. Үүнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай. Ингэснээр  орлого багатай иргэдийн цалин, тэтгэврийг нэмж чадахгүй ч татварын хөнгөлөлт эдлүүлэх замаар гар дээр ирэх орлогыг нь нэмэх болно.

-Улстөрч, УИХ-ын гишүүн ямар байх ёстой гэж Та боддог вэ?

-Улстөрч хүний хамгийн түрүүнд баримтлах зарчим бол үг, үйлдэл хоёр зөрөхгүй байх. Хоёрдугаарт, эрх ашгийн эрэмбэ, дараагаа сайн мэддэг байх ёстой юм.

Хүн бүрт янз бүрийн хэрэгцээ бий. Гэхдээ ард түмнээс сонгогдсон хүн бол ард түмэн, олон нийтийн эрх ашгийг нэгдүгээрт тавьдаг байх хэрэгтэй гэж үздэг.  Гуравдугаарт, ёс зүйтэй, жудагтай байх ёстой гэж үздэг. Би өөрөө ч энэ зарчмуудыг баримталж ажилладаг.