Гадаад худалдаа, хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
Монголын бизнесийн зөвлөлийн ээлжит хурал даваа гарагт боллоо. Энэ удаагийн хурлаар гадаад худалдааны бодлого, хамтын ажиллагааг онцлов.
Тус хуралд Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил оролцож, Засгийн газрын бодлого, хэрэгжүүлэх арга хэмжээний хөтөлбөрөө танилцууллаа. Мөн гадаад худалдаа, хамтын ажиллагааны хүрээнд цөөнгүй ажлыг шинээр хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагаа энэ үеэр дуулгасан юм.
Тэрбээр эдийн засгийн хүндрэлийн үед гадаад худалдааны бодлого чухал үүрэгтэйг тодотгоод, худалдаа тойрсон хамтын ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай байгааг тэмдэглэлээ.
Монголын бизнесийн зөвлөлийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Бямбасайхан “Гадаад худалдааг өргөжүүлж, хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргахад хувийн хэвшлийн үүрэг, оролцоо тэргүүлэх байр суурьтай байж ирсэн.
Гэхдээ төр, хувийн хэвшлийн хоорондын хамтын ажиллагаа, уялдаа холбоог илүү сайжруулах нь гадаад худалдааг идэвхжүүлэхэд голлох үүрэг гүйцэттэнэ” хэмээн онцолсон юм.
Эдийн засгийн амаргүй нөхцөлд үүсээд буй худалдаа тойрсон ээдрээг гадаад худалдааны бодлогоор засах, улмаар тогтвортой орчныг бий болгох нь эхний ээлжинд тулгарч буй сорилтын нэг болохыг хуралд оролцсон зарим төлөөлөгч хэлж байв.