УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2016.12.02

О.Баасанхүү: Монгол хүний амь үнэгүйдэх ёсгүй

Өнөөдөр үдээс хойших Улсын Их Хурлын нэгдсэн чуулганы хуралдаанаар “Нийгмийн халамжийн салбарын өнөөгийн байдал,тулгамдаж байгаа асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ”-ний талаар Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат мэдээлэл хийлээ. 

Ерөнхий сайдын хийсэн мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү асуулт асуулсан юм.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү

Гадаад дотоод ажлын квотын үндсэн ойлголт нь гадаад хүний хийж байгааг Монгол хүнээр хийлгэе гэсэн санаа гэж ойлгож байгаа.

Гэтэл “Зөв боломж” гэж байгууллага Монголчуудын ажлын квот нэрээр хүмүүс цуглуулаад Дачин тамсагаас мөнгө авчихаад Хятад ажилчдын тоог нөхсөн хэдэн Монгол хүн тэнд хашигдаад ямар мэргэшиж хийсэн ажилгүй, ахиж дэвшсэн юмгүй байж байдаг юм шиг байна.

Эдгээр ноцтой асуудлууд тулгараад байхад анхаарал хандуулалгүй явсаар 4 хүний амьнд хүрчихлээ. Ийм аюул учраад байхад энэ асуудалд хамааруулж  ямар сайд, ямар төрийн албан хаагч, ямар байгууллага харуцлага үүрч байгаа вэ?

Хятад ажилчдын тоог бүрдүүлэх гэсэн зорилготой хэдэн Монголчуудыг хашаанд хашсан мал шиг байлгаж байгаа нь энэ жил ч яригдаж байгаа зүйл биш өмнө нь ч байсаар ирсэн хэрэг. Тэр морин толгойг манайхан хийж чадна шүү дээ. Монголчууд машин барьж чадна гэтэл тэнд заавал Хятад хүн ажиллуулах ямар шаардлагатай юм бэ?

Өмнөх Засгийн газрын үед ч би энэ байгууллагыг шалга гээд АТГ-д өгсөн ч эргэж ямар ч хариу мэдэгдэл хийгээгүй. Бүтээгдэхүүн хуваах гэрээг завшдаг тухай газрын тосны н.Амарсайхан гэдэг хүнийг АТГ шалгаж байх үеэр тэр хүн учир битүүлгээр нас барсан.

Энэ байгууллагын тухай ярих боломж нөхцөл байдлыг манай улс төрчид гаргахгүй байна л даа. Монгол хүний амь үнэгүйдэх ёсгүй. Тиймээс Засгийн газраас саяхан амиа алдсан 4 хүний амьнд хүрэх нөхцлийг бүрдүүлсэн байгууллага, хувь хүмүүст ямар хариуцлага хүлээлэгж байгаа талаараа тодорхой хариулт өгөөч гэж хүсч байна.

"Насны хишиг" гэж сайхан нэртэй тэтгэмжийн сард өгөх мөнгөний үнийн дүнг сар, улиралд яг хэдийг өгнө гэж тооцож байгаагаа хэлж өгөөч.

Мөн олон улсын гэрээгээр дамжуулж шар нунтагийг булшлах лобби явагдаж байгаа тухай иргэдээс санаа зовсон мэдээлэл ирээд байна. Энэ үнэн эсэхэд та бүхэн хариулт өгнө үү?

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат: 

Зарим иргэд, байгууллагын болгоомжгүй байдлаас болж олон хүний амь нас эрсэдсэнд манай Засгийн газраас харамсаж байгаа. Агуулахад байсан савтай зүйл авч уугаад амиа алдсан энэ хэрэгт холбогдуулан “Зөв боломж” гэх гэрээгээр үйлчилгээ үзүүлж байсан компани болон холбогдох газруудад манай хууль хяналтын байгууллагаас очиж шалгалт хийсэн байгаа. Энэ тухай Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Н.Цагаанхүү дэлгэрэнгүй хариулт өгчих байх.

Дараагийн асуулт болох “Насны хишиг”-тээ хэдэн төгрөг тусгасан бэ гэж байна. Энэ асуултад хариулахад сард дээд тал нь 50 орчим мянгыг багадаа 5-6 мянган төгрөг өгөх юм. Танай нам Засгийн газарт байхдаа өгч байсан сарын 10 мянган төгрөгөөс арай илүү өндөр тоо байгаа байх шүү.

О.Баасанхүү гишүүнээ та одоо битгий  хоёрын хооронд юм ярьж шоудаж байгаач. Хамар дор ам байна гэсэн шиг дандаа нэг худал үнэн юм ярьж байх юм.

Танай нам Засгийн эрх барилцах үедээ эдийн засгийг ийм хүнд байдалд оруулаагүй байсан бол өнөөдөр бид сар бүр ахмадуудад 50 мянган төгрөгөөс дээш мөнгө ч олгох боломж байсан юм шүү дээ. Харамсалтай нь та бүхэн эрх барьж байхдаа эдийн засгийг ийм хүнд нөхцөл байдалд оруулчихсан.

Тухайн үедээ та энэ үгээ хэлээд явж байсан бол Монголын ард түмэн ингэж ядуурахгүй. Ахмадууд сард 50 мянган төгрөгөө аваад явах байсан. Би таныг ийм зүйл ярих эрхгүй хүн гэж бодож байгаа. Тийм болохоор хэдэн талаасаа дэмжиж байгаад эдийн засгаа сэргээгээд дараа нь олсон мөнгөө ард түмэндээ яаж хувиарлах тухайгаа ярьж, хэлэлцээд шийдвэрлэх хэрэгтэй гэж би үзэж байна. Эдийн засгийн хүнд нөхцөл худлаа хэрүүл хийгээд яах бэ та.

МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү: Уг хэрэгт холбогдох Хятад, Монгол хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа

“Зөв боломж” гэж манай үндсэний компани бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас 2013 онд хөдөлмөр, жуулчлал болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, мэргэжлийн чиг баримжаа олгох чиглэлээр төрийн захиргаанаас зөвшөөрөл авсан байдаг.

2016 оны 10 дугаар сарын 9-нд МХЕГ-ын салбар, бүрийн хяналтын баг бүрэлдэхүүн “Петро дачин тамсаг” ХХкомпанийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажилласан. Ингэхдээ химийн хорт бодис болон бусад хог хаягдал, хүнсний агуулах, хоол хүнсэнд шаардагдах асуудлаар хэсэгчилэн түр зогсолтын горимд шилжүүлэх шаардлага хүргүүлсэн. Тус компаниас 12 дугаар сарын нэгэнд хариу мэдэгдэл ирүүлэх ёстой байсан ч уг зөрчлүүдээ арилгаагүй байсан.

Шалгалтын үеэр метилийн спиртийн хадгалалтын журам зөрчигдөж Хятад дарга нарт үйлчилдэг Хятад тогооч хүнсний агуулахадаа тухайн спиртийг хадгалаж байсан гэж уг хэргийг шалгасан цагдаагийн албан хаагчид нотлож байгаа. Тиймээс энэ хэрэгт холбогдох Хятад, Монгол хүмүүсийг Дорнодын цагдаагийн хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа.

Бусад холбогдох мэдээллийг УИХ-ын гишүүний хувьд та холбогдох хууль хяналтын байгууллагаас авч болох юм. Цаашид энэ компанийн үйл ажиллагааг таслан зогсоох талаар МХЕГ болон холбогдох яамд,  тамгын газраас ажлын хэсэг гаргаж газар дээр нь хяналт тавиж ажиллах юм. УИХ-ын гишүүний хувьд энэ асуудлаар санал гаргаж байгаа хүний хувьд ч таныг МХЕГ-тай хамтран ажиллаж болно гэдгийг хэлмээр байна.”

 УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд С.Бямбацогт: Ард түмнийг төөрөгдүүлсэн худлаа мэдээлэл өгөхгүй байхыг хүсье

“Сүүлийн үед УИХ болон байнгын хорооны хурал дээр ард түмнийг төөрөгдүүлж эргэлзэхэд хүргэсэн худал мэдээлэл гишүүд их хэлэх боллоо.

Өмнө нь ч байсан асуудал. Хилийн тухай хуулийг хэлэлцэх асуудалд О.Баасанхүү гишүүн бас л буруу зөрүү ойлголттой байна. Эхлээд хуулиа сайн уншчих хэрэгтэй. Тэгээд хуулийн мэдлэг дутмаг байж ард түмний санаа сэтгэлийг үймүүлсэн зүйл ярьж байхаа болих хэрэгтэй. Ард түмэн хэн үнэн худал ярьж байгааг ялгадаг гэдгийг санаж баймаар юм.

Хилийн тухай хуулийг сулруулах бодлого явуулж байна, уул уурхайч, малын хулгайчид боломж олгож байна ч гэх шиг хачин юм яриад байх юм. Та эхлээд наад хуулийн заалтуудаа сайн ойлгож, ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Хилийн тухай хуульдаа хил орчмын нутаг дэвсгэр, хилийн бүс, хилийн шугам, хилийн боомт гээд бүгд тус тусдаа ойлголтууд бий.

Энд эргэлзээд, худлаа хардаад байх зүйл огт байхгүй. Хилийн бүсэд, хил орчмын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулахыг Монгол Улсын Засгийн газар зөвшөөрөл олгодог.

Уул уурхайн чиглэлийн компаниудын захиалгад нийцүүлсэн заалт орууллаа, хилийн цагдаа болгох гэж байна гэж нэг хэсэг бужигнуулсан та. Ийм зүйл огт байхгүй. Тэгэхээр гишүүд маань УИХ дээр яригдаж байгаа асуудалдаа ядаж бодитоор хандаж байгаач гэж хүсэх байна.”