Арванхоёрдугаар сард “Аз жаргалтай гэр бүл” өдөрлөг болно
“Аз жаргалтай гэр бүл” өдөрлөг 2016 оны 12 дугаар сарын 02-нд 10 цагаас Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн их танхимд болох гэж байна.
Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас “Хүүхдэд ээлтэй Улаанбаатар” хөтөлбөрийн “Бид гэр бүлдээ хайртай” төслийн хүрээнд хүн бүрийн хүсэж мөрөөддөг аз жаргалтай гэр бүлийг хүүхдийн нүдээр төсөөлөн илэрхийлсэн зургийн үзэсгэлэн гаргах, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлж, хүн бүрт хүүхэд бүрийг хайрлах эерэг сайхан сэтгэлгээг төлөвшүүлэхэд чиглэсэн зөвлөгөө, мэдээллийг олон нийтэд хүргэх юм.
Мөн аз жаргалтай гэр бүлийг төсөөлөн илэрхийлсэн Монголын Хүүхдийн ордны драмын дугуйлангийн сурагчдын жүжигчилсэн тоглолт болно.
Уг арга хэмжээнд нийслэлийн удирдлагууд болон нийслэлийн шилдэг гэр бүлээр шалгарсан гэр бүлүүдийн төлөөлөл мөн хүүхдүүдийн төлөөлөл оролцох аж.
Та бүхэн энэхүү үйл ажиллагаанд оролцож хүүхдүүд аз жаргалтай гэр бүлийг хэрхэн төсөөлдөг вэ гэдэгт хариулт аваарай.
Дэлгэрэнгүй мэдээллийг 94839684 дугаарын утсаар авах боломжтой гэж Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас мэдээллээ.