Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг зөвлөлдөх уулзалт болжээ
2016.09.22

Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг зөвлөлдөх уулзалт болжээ

НҮБ-ын Ази Номхон Далайн Бүсийн "Хүүхдийн хөдөлмөр, албадан хөдөлмөр эрхлэлт, хүн худалдаалахын эсрэг сэдэвт зөвлөлдөх уулзалт" Тайланд улсын Бангкок хот дахь НҮБ-ын бүсийн байранд 9 дүгээр сарын 14-15-ны өдрүүдэд боллоо.

Тус хурлаар Ази Номхон Далайн бүсэд хамгийн их асуудал дагуулж буй хүүхдийн хөдөлмөр эрхлэлт, албадан хөдөлмөр эрхлэлт, хүн худалдаалах гэмт хэрэг зэрэг асуудлаар Бүсийн Засгийн газар, Үйлдвэрчний эвлэл, ажил олгогчдын төлөөлөл, төрийн бус байгууллагууд, сангууд, элчин сайдууд, Олон улсын байгууллагуудын асуудал хариуцсан байгууллагын төлөөллүүд бүхий нийт 150 гаруй төлөөлөгч оролцлоо.

НҮБ-аас дэлхий нийтээр зорилт болгон дэвшүүлж буй хөгжлийн зорилтод багтаж буй зохистой хөдөлмөр эрхлэлт, хүртээмжтэй эдийн засаг, тогтвортой хөгжлийн зорилтуудад багтаж буй дээрх асуудлуудыг анхааралдаа авч, энэ талаар авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ.

Тус хуралд МҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат, МАОЭНХ-ны гүйцэтгэх захирлын орлогч Ц.Эрдэнэбаатар, ХНХХЯ-ны ахлах мэргэжилтэн н.Мөнхтогтох нар оролцож, байр сууриа илэрхийллээ.

Хурлаар 2030 он гэхэд хүүхдийн хөдөлмөр, хүн худалдаалах, албадан хөдөлмөр эрхлэлтийг түүх болгон үлдээх зорилтыг дэвшүүллээ. Ингэхдээ улс орон, бүс нутаг, дэлхий даяараа оролцож, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний сүлжээнд хүүхдийн хөдөлмөр, албадан хөдөлмөр, хүн худалдаалах гэмт хэргийн талаар тусгах талаар ярилцлаа. 

Тус хуралд үндэстэн дамнасан корпорациуд чухал үүрэгтэй оролцсон бөгөөд Адидас, Майкрософт зэрэг компанийн төлөөлөгчид хамтран ажиллах талаар байр сууриа илэрхийллээ.