Хэн нь хэн бэ? /Парламентын од нь гийсэн эмэгтэй/
...Тэрбээр, өнгөрсөн парламентын үед тус яамны сайдаар богино хугацаанд ажилласан ч бодлогын оновчтой олон шийдвэрийг гаргаж, нүдээ олсон олон ажлыг хийж гүйцэтгэсэн. Аргагүй салбараа сайн мэддэг болохоор эхлүүлсэн ажлаа үргэлжлүүлэхээр ханиуй шамлан орсон. Ганга нуур ширгэсэн, Орхон гол бохирдсон, Туул гол руу аж ахуйн нэгжүүд бохироо цутгасан гээд л асуудлууд ундарчихсан түүнийг хүлээж байсан. Д.Оюунхорол сайд цалгардаж, назгайрч суусангүй...
Туршлагатай улстөрч
Д.Оюунхоролыг улстөрчийн хувьд од нь гийсэн эмэгтэй гэж тодотгож болно. Учир нь тэрбээр УИХ-ын гишүүнээр гурван удаа сонгогдож, бас ч гэж УИХ- ын гишүүний үндсэн үүрэг болох хууль боловсруулах, батлуулах ажлаа нэр төртэй хийж буй нэгэн. Үүнээс гадна Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдаар хоёронтоо томилогдон ажиллаж байгаа УИХ-ын гишүүн.
Ганц нэгхэн мөнгөний хуульд кнопоо худалдаж, эс бөгөөс том мөнгө, сандал суудлын томилгоо ярилцахаар хуралдаа суудаг улстөрчдөөс тэр эрс ялгардаг хүн. Намын бодлогоос гадна УИХ-аас оруулж ирсэн хуулийн төсөл нэг бүрийн ажлын хэсэгт багтаж, боловсруулах ажилд гар бие оролцож байсан туршлагатай. Тэр дундаа боловсрол, эрүүл мэнд, хүүхэд, эмэгтэйчүүд гээд нийгмийн бүх салбарт анхаарлаа хандуулж ажилладаг, энэ чиглэлийн хууль тогтоомж гаргах талаар тууштай ажиллаж буй улстөрч.
Ямартаа л өнгөрсөн парламентын үед УИХ-ын дарга “Эмэгтэй гишүүдэд наад хуулиа өг. Арай хурдтай, шуурхай, чанартай явах байх” гэж хуулийн төслийн ажлын хэсгийг бүсгүйчүүдэд хариуцуулж байх вэ дээ. Тиймээс ч түүнийг үндсэн ажлаа сайн хийж буй, аль хэдийнэ туршлага гээчийг бүрэн хуримтлуулсан хүн гэж онцлоод байгаа юм. Багш мэргэжилтэй энэ бүсгүй монгол төрийн босго ямар өндөр вэ гэдгийг олонд харуулж, тэр хэрээрээ нийгэмд үнэлүүлж чадсан.
Тиймээс МАН Сонгуулийн хуулиар зургаан мандаттай болсон Баянзүрх дүүргийн 49 дүгээр тойрогт түүнийг илгээсэн нь байгаа онож, сонгогчид түүнд итгэл хүлээлгэсэн. Мэргэжлийн Засгийн газар байгуулахад ч түүнийг БОАЖ- ын сайдаар томилохоор болоход хуралдаанд оролцсон 58 гишүүний 54 нь саналаа өгсөн нь түүнийг ямар хүн бэ гэдгийг бэлхэн харуулна. Үнэндээ Д.Оюунхоролд улстөрчийн зангараг хэдийнэ буй болсон. Тэр бол төр түшилцэх эрхмүүдийн дунд байх ёстой хүн мөнөөс мөн.
Нүдээ ОЛСОН ОЛОН ажил хийсэн
Ажил амьдралын баялаг түүхтэй, улстөрчийн хувьд жинхэнэ утгаараа мэдлэг, туршлага, хууль тогтоогчийн эр бяр нь тэгширсэн Д.Оюунхорол гишүүн өмнө нь УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороон даргаар ажиллаж байв. Энэ үедээ тэрбээр хөрөнгө санхүүжилтийг нь шийдүүлсэн. Үүнээс хамгийн дорвитой, томоохон нь одоогоор Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж байгаа хамгийн том төрөх эмнэлэг, “Амгалан-3” төрөхийн эхний санхүүжилтийг шийдүүлж, ажлыг нь эхлүүлсэн явдал байсан юм.
Харамсалтай нь анх дөрвөн тэрбум төгрөгийн санхүүжилтээр байгуулагдана гэж тооцоолж байсан “Амгалан-3 төрөх эмнэлэгийн барилгын ажлыг “Нийслэл өргөө” компани хоёр ч сонгуулийн хугацаа дамнуулсаар эцэстээ улсын төсвөөс 15 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт салгаж авснаар Баянзүрх дүүргийн III хороонд байрлах “Амгалан-Ш” төрөх эмнэлэг нь 9000 ам.метр талбайд 412 өрөө, 150 ортой үйл ажиллагаагаа явуулахаар Япон Улсын Засгийн газрын 1.5 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр орчин үеийн тоног төхөөрөмж, аппаратаар тоноглогдон 2015 оны аравдугаар сарын эхээр нээгдсэн түүхтэй.
Тус эмнэлэг ачаалал ихтэй үед орны тоогоо 100-аар нэмэх боломжтой нь мөн л анхнаасаа алсыг харж, зураг төслийг нь хийлгэсэн тухайн үеийн УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхоролтой салшгүй холбоотой.
Түүгээр ч барахгүй Д.Оюунхорол гишүүнд Байгаль, орчин, аялал жуулчлалын сайдын албыг хариуцуулсан нь чухам нүдээ олсон томилгоо байсныг эдүгээ хэн ч үгүйсгэдэггүй. Тэрбээр, өнгөрсөн парламентын үед тус яамны сайдаар богино хугацаанд ажилласан ч бодлогын оновчтой олон шийдвэрийг гаргаж, нүдээ олсон олон ажлыг хийж гүйцэтгэсэн. Аргагүй салбараа сайн мэддэг болохоор эхлүүлсэн ажлаа үргэлжлүүлэхээр ханцуй шамлан орсон.
Ганга нуур ширгэсэн, Орхон гол бохирдсон, Туул гол руу аж ахуйн нэгжүүд бохироо цутгасан гээд л асуудлууд ундарчихсан түүнийг хүлээж байсан. Д.Оюунхорол сайд цалгардаж, назгайрч суусангүй. Харин ч компанийн тусгай зөвшөөрөл бүхий талбай дээр хийгдэж буй ажил, газрын эвдрэл, гол усны бохирдолтын байдалтай газар дээр нь очиж танилцан нутгийн ард иргэдийн санал бодлыг сонсч, тухай бүрт нь шийдвэр гаргасан.
Түүнчлэн түүний өмнө нь хийсэн ажлуудыг тоочвол цаг, цаас хүрэлцэхгүй. Онцолвол, Зайсангийн уугуул иргэдэд газрыг нь өмчлүүлэх тухай асуудал Хан-Уул дүүргээс нэр дэвшдэг улстөрчдийн сонгуулийн шоу болж байсныг тэр л шийдэж, газрын гэрчилгээг гаргаж өгснөөс гадна нийгмийн асуудлыг нь ч мөн шийдвэрлэж чадсан.
Өчнөөн олон зуун тэрбумаар үнэлэгдэх хөрөнгийг зүгээр л хог гэсэн нүдээр харж ирсэн бидний сэтгэлгээг өөрчлөхөд анхаарч, хог хаягдлыг бууруулах, цуглуулах, ангилан ялгах, тээвэрлэх, хадгалах, дахин боловсруулах, улмаар хог хаягдал ашиглаж эрчим хүч дулаан үйлдвэрлэж буй аж ахуйн нэгжүүдийг урамшуулах системтэй болгож өгсөн нь түүний хийсэн бас нэгэн том ажил байсан.
Нийслэлийн хамгийн эмзэг асуудал болоод буй хөрсний бохирдлын асуудал ч эрхэм гишүүний сайд байх үед шийдлээ олж байжээ. Хөрсний бохирдлын асуудлыг ч анх удаа бодлогын хэмжээнд ярьж, улмаар мэдээллийн нэгдсэн сантай болох, үндэсний хөтөлбөртэй болох санаачилга ажил хэрэг болсон удаатай. Ой хамгаалах ажлыг тууштай эхлүүлж, улмаар урамшууллын системтэй болгосноор бүх нийтээр ойжуулах ажил эрчимтэй хийгдэж байсан, “Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хийж, эмх замбараагүй байсан аялал жуулчлалын салбар эмх цэгцээ олох эхлэл тавигдсан гээд түүний хийсэн ажлыг тоочоод барахгүй. Үргэлжлүүлээд Боловсролын тухай хууль, Хүүхэдтэй гэр бүл, өнчин хүүхэд залуусыг дэмжих тухай хуулийн төсөл, малчдын тэтгэврийн насыг таван жилээр наашлуулах зэрэг дандаа хүнд хэрэгтэй, хүнээ бодсон хуулийн төслүүдийг санаачилсан нь иргэдэд хүрсэн болохоор түүнийг “төр түшилц” хэмээн илгээсэн нь дамжиггүй.
Д.Оюунхорол гэж хэн бэ
Д.Оюунхорол 1963 онд Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн хүн. Эзэмшсэн боловсролын хувьд тэрбээр 1981 онд Төв аймгийн 10 жилийн дунд сургууль, 1986 онд Улсын Багшийн Дээд Сургуулийг математикийн багш мэргэжлээр, 2003 онд Монгол Улсын Их Сургуулийг Эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн. Дэд доктор, дэд профессор цолтой. Ажлын гараагаа нийслэлийн 10 жилийн 26 дунд сургуульд Математикийн багшаар эхэлж, 1987-1989 онд тус сургуулийн хичээлийн эрхлэгчээр ажиллаж байв. Мөн 1989-1990 онд Туул хорооны ХЗЭ- ийн хорооны нарийн бичгийн дарга, 1990-1991 онд нийслэлийн 10 жилийн 32 дугаар дунд сургуулийн хичээлийн эрхлэгч, 1991-2000 онд Отгонтэнгэр дээд
Сургуулийн захирлаар тус тус ажилласан туршлагатай. Олон жил боловсролын байгууллагад ажиллаж, ихээхэн туршлага хуримтлуулсан тэрбээр 2000 оноос Монголын улс төрд хөл тавьж, 2000-2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2004-2008 онд Отгонтэнгэр их сургуулийн Ерөнхийлөгчийн албыг хашиж байгаад 2008 онд УИХ-д дахин сонгогдож, 2008-2009 онд УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар ажиллаж байв.
Түүний хууль тогтоогчийн мэддэг чадвар, ялангуяа УИХ-ын хамгийн чухал байнгын хорооны нэг Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны даргаар ажиллаж байхдаа Монголын нийгэмд хүлээлт үүсгээд байсан төрөх эмнэлэг, сургууль, цэцэрлэг, дотуур байр гээд олон чухал асуудлыг шийдсэн бүтээлч, зоримог ажиллагааг ялангуяа Улаанбаатараас алслагдсан хөдөө, орон нутгийн иргэд өдөр бүр цэнхэр дэлгэцээрээ харж, төрийн түшээгийнхээ ажилд үнэлэлт дүгнэлт өгсөөр 2012 оны УИХ-ын зургаа дахь удаагийн сонгуулиар Монгол Улсын Их Хурлын гишүүнээр дахин сонгож, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар ажилласан. Завханчууд түүнийг төрийн түшээгийн ноён нуруу, хэлсэн үгэндээ эзэн болдог шударга зарчимч чанартай хүн хэмээн үнэлсэн байдаг. Түүнийг нь батлах мэт 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн Д.Оюунхоролыг баянзүрхчүүд дэмжиж, төлөөллөө болгосон. Д.Оюунхоролыг Дуламсүрэн, Бүжинлхам хэмээх ач буянтай аав, ээжийнх нь нэртэй залгаад “Отгонтэнгэр Их сургуулийн Оюунхорол”, “Завханы Оюунхорол” хэмээн монгол түмэн нэрлэж заншжээ.
Монгол төрийн итгэлтэй түшээ, Завхан нутагтайгаа сэтгэл зүрх, амин судсаараа холбоотой эрхэм гишүүн Монголын улс төрд хамгийн тогтвортой оршин буй, хамгийн олон сонгогдсон эмэгтэй төрийн түшээ болоод буй юм. Эмэгтэй хүн, эх хүний үүрэг хариуцлага нь төр засгийн аливаа үйл ажиллагааг тунгалагшуулах,гарч байгаа шийдвэрийг нийгэмд аль болох ойр, хүртээмжтэй байдлаар хүлээн авахад нөлөөлдөг бөгөөд энэ ч үүднээсээ нийгэм, ард иргэдийн харилцан ойлголцол, улс орны хөгжилд илүү нарийн торгон ухаанаар хандаж бэхжүүлэх чадвартай байдаг нь 12 жил төрийн түшээгээр ажилласан Д.Оюунхорол гишүүний туулаад ирсэн замналаас тодорхой харагдаж буй биз ээ.