Үзэл бодолдоо үнэнч Ж.Мөнхбат
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат
2016.09.01

Үзэл бодолдоо үнэнч Ж.Мөнхбат

“Хэн нь хэн бэ” булангийнхаа шинэ хуудсыг Ж.Эрдэнэбатын танхимын гишүүдээр үргэлжлүүлж байгаа билээ. Тэгвэл энэ удаад Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, МАН-ын ерөнхий  нарийн бичгийн дарга асан, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг онцолж байна.  

Хувь төөрөг нь ингэж л зурагджээ 

“...Бурхнаас заяасан хувь төөрөг минь ингэж зурагдсан  бололтой. Би тэр замаар явж байна.  Амьдралын их замд өгсч уруудах үе байдаг л юм билээ. Гагцхүү бүдэрч ойччихоод бусдаас хайр энэрэл, тусламж  хүсч явсан үеэ  мартаж болохгүй. Хожмын өдөр  гишгэсэн мөрөө эргээд харахад  тэр бүхэн чинь шалгуур  байсан байдаг” хэмээн арав гаруй жилийн өмнө ярилцаж суусан монгол төрийн их түшээгийн сэтгэлийн их уудлал яг энэ мөчид яагаад ч юм тархинд харван орж ирэх нь тэр.   Тэр эрхэм  Ж.Мөнхбат хоёрыг харьцуулахад насны хувьд,  туулсан цаг үе нь өөр ч гэлээ үзэл бодол, улс төрийн тавцнаа хийсэн  тэмцэл нь урд, хойд дүр мэт мэт санагдсан учраас ийн зүйрлэсэн хэрэг. Ж.Мөнхбатын хувьд Монголын ард түмэнд өөрийн бэлгэ авъяасаараа анх  танигдсан нэгэн.

Гэхдээ түүнийг аймгийн соёлын төвийн модон тайзнаа  хөвөнтэй дээлтэй зохиосон шүлгээ уншиж явсан сурагч хүү,  яруу найргийн “Болор цом” наадамд түрүүлэн хөөрцөглөж явсан  тэр үеэр нь төсөөлбөл эндүүрэл болно. Яруу найрагчийн хувьд ч, улстөрчийн хувьд ч Ж.Мөнхбат Монголын төрд өөрийн мөртэй  эрхэм болтлоо оюун бодлын хувьд өсч дэвжсэн. Ерөөсөө  дээр хэлсэнчлэн зураг төөрөг нь ингэж зурагдсан  мэт. Өөрийн  жимийг тод дурайхын үндсийг хичээл зүтгэл, улс төр дэх тэмцлээрээ тодоос тод гаргаж яваа нэгэн билээ.  

У.Хүрэлсүхийн цуглуулсан бацаануудын нэг  

 Түүний их улс төрд хөл тавьсан түүх  нь Шадар сайд У.Хүрэлсүхийнхтэй тун ижил шахуу.   Тэгээд ч түүнийг У.Хүрэлсүхийн цуглуулсан бацаануудын нэг, өрөөсөн дугуй нь гэдэг байв, нэгэн үе. Ах нь  хурц түргэн, шийдэмгий зантай бол Ж.Мөнхбатын хувьд  дайчин, цагаахан нэгэн харагддаг.

Хувь хүний зан төлвийн эл шинж нь  бичсэн шүлгүүдээс нь ч мэдрэгддэг.   Амьдарч буй нийгэмтэйгээ тэрсэлж, адарч яваа яруу найрагчийн шаналал  анзаарагддаг байсан юм, саяхныг болтол.  УИХ-ын ээлжит сонгуульд нам нь ялагдчихсан, хүн чанар муутайнууд нь нүүр буруулж,  биеийн амрыг хөөхөөр одсон тэр л он жилүүдэд Ж.Мөнхбат их улс төрд орж ирсэн.

МАН-д зүтгэх болсон тэр өдрөөс  сөрөг хүчнээс зохион байгуулсан  бүхий л жагсаал цуглаанд тэргүүлэн оролцож, элдвээр хэлүүлж, хэлэгдэх болсон. Одоогоос хоёр жилийн өмнө УИХ-ын хаврын чуулгантай зэрэгцэн МАН-ынхан “Давхар дээл”-ийг эсэргүүцэх жагсаалыг зохион байгуулж, Ж.Мөнхбат генсекийн удирдлагаар давхарлаж өмссөн дээлээ тайлан, газар шидэх нь шидэж байсныг түмэн мартаагүй. 

Тиймдээ ч жагсаал зохион байгуулж байсан хүний хувьд сая өөрөө “давхар дээл” өмсөхдөө хэсэгтээ л баалуулж байсан нь түүнд улстөрчийн хувьд сануулга болсон нь дамжиггүй. Ерөнхийдөө түүнийг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдоход нь МАН  боловсон хүчний хувьд яруу найрагч сонгох хэмжээнд хүртэл очжээ гэж хүртэл басуулж байлаа. Харин тэр энэ бүхэнд бөхийж, үзэл бодлын хувьд бууж өгөөгүй.  

Эдүгээгийн өндөрлөгөөс харахад  улс төрд эр хүн байхын мөн чанарыг,  амьдралд хат суулгахын ухаанд суралцсан аж. Ж.Мөнхбат өөрийн амьдралын зорилгыг “МУИС-ийг улс төр судлаачийн ангид элссэн тэр намар олж харсан” хэмээн нэгэнтээ дурссан байдаг. Гудамжинд жагсч явсан залуу улстөрчийг намынхан нь эхлээд бодлого боловсруулагчийн хувьд хэн болж төлөвшихийг нь харах гэж “ Монголын Үнэн” сонины эрхлэгчээр томилсон байх.    Ялагдсан намын хуучинсаг үзэл баримтлалтай сонины эрхлэгчээр  ажиллахаас   мань хүн  “ичээгүй”.

Харин ч өөд нь татаж,  ХХI зуунд зүүний үзэл баримтлал бүхий сонин  хөл нийлүүлэн алхах  ёстойг редакцийн хамт олонд хийгээд намынхандаа ухааруулж чадсан ерөнхий эрхлэгч.  Ж.Мөнхбат улс төрд өөрийн нөлөөллийг  бэхжүүлэхдээ ч  өдөр тутмын “Үнэн” сонинг  маш сайн ашигласан. Намын бодлого, чиг хандлагаа хэвлэлийн хуудсаар дамжуулан ард түмэндээ сурталчлах ажлыг гүйцэтгэж чадсан учраас түүний оюуны  бядыг  нам нь  үнэлэн МАН-ын  Удирдах зөвлөлийн дэргэдэх Улс төрийн бодлогын байнгын хорооны дэд даргаар томилсон нь дамжиггүй.  

Энэ бол залуу улстөрчийн хувьд  алдаж боломгүй амжилт, “жижиг амбийц” биш  байсан нь ойлгомжтой.  Ингэж  л тэрбээр намынхаа  дотоод  асуудал руу бүрэн өнгийх эрхээ авсан төдийгүй 2013 оны есдүгээр сараас залуу гишүүдийг нэгдэн шинэчлэх хөдөлгөөнд уриалан дуудаж, намын шинэчлэл, удирдлагуудаа солих, намын Бага  хурлыг хуралдуулж, Их хурлыг товлон зарлуулах “их аянд” мордсон  түүхтэй. Тэр чадсан, зорьсондоо ч хүрсэн. Тийм ч болохоор МАН-ын ерөнхий  нарийн бичгийн даргын  суудлын төлөөх тулаанд   нөлөө бүхий улстөрч гэгдэж явсан Ж.Сүхбаатартай өрсөлдөж ялсан  юм.  

Залуу гишүүд болоод  намын дарга нь  Ж.Мөнхбатыг  МАН-ын  гал тогоог барих  хэмжээний хичээл зүтгэлтэй, намаа төлөөлөн үг хэлэх чадвартай,  зоригтой, намын анхан болон дунд шатны байгууллагатайгаа нягт хамтран ажиллах чадвартай гэж үзэн итгэл хүлээлгэсэн хэрэг. Бага хурлын 269 гишүүнээс 148-ынх нь  санал авсан тухай баримт эдүгээ МАН-ын архивт түүх болон үдэгджээ. Тэгээд ч тус намын түүхэнд  тэр жилийнх  шиг  генсекээ сонгох гэж таван  өдрийн турш хуралдсан  тохиолдол байдаггүй гэнэ лээ.

Тэрбээр  МАН-ын нарийн бичгийн даргаас гадна Удирдах зөвлөлийн гишүүн, НАМЗХ-ны дэд ерөнхийлөгчийн албыг хашиж ирсэн.  УИХ-ын таван  сонгуульд дараалан ялагдсан  МАН-ыг 2016 оны  сонгуульд ялуулах эсэх нь түүнээс хамаарч байсан юм, үнэнийг хэлэхэд.   Ж.Мөнхбат генсек болсон эхнийхээ өдөр, “...Доромжлуулах тусам долоон бурхан од шиг гялалзана, гүтгүүлэх тусам гүн шөнийн одод шиг гэрэлтэнэ...” гээд л толгой холбон улс төрийн тоглолтоо  эхлүүлж байсан цаг саяхан.

Энэ хугацаанд уран бүтээлчийн хувьд ч тэр бүтэн нойртой хоносон нь цөөн байж мэднэ. “Долоон бурхан харвадаггүй” хэмээх түүхэн киноны зохиолыг бичиж,  ерөнхий продюссерээр нь ажиллан өвөг дээдсийн  нэгэн цагийн алдааг дэлгэцээр дамжуулан  хойч үеийнхэнд  мартах ёсгүйг сануулж үлдээсэн гавъяатай.  

Түүний  улс төр дэх эрин ингэж эхэлсэн төдийгүй  өрнөл нь  ч ямар байхыг харуулж чадсан генсек. УИХ-ын 2016 оны сонгуульд тэрбээр пропорциональ системийн жагсаалтаар намаасаа хоёрдугаарт бичигдэж байв. Энэ бол түүний нэр нөлөө МАН-д хэр их өсч дэвжсэний нотолгоо бус уу.

Энд  ЗГХЭГ-ын шинэ даргыг  бялууртал магтъя гэсэнгүй.  Харин асар богино хугацаанд буюу ердөө дөрөвхөн жилийн дотор  МАН-ыг шинэчилж  чадсан  гавъяаг  нь хүн бүхэн үнэлж байгаа учраас  ийн магтсан хэрэг. Тиймээс та бид Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга  Ж.Мөнхбатыг хүлээн зөвшөөрөхөөс өөр зам үгүй.   

Жамъянгийн хүү

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга улс төрд хүч үзсэн цагаасаа хойш яс махаараа мэдэрсэн, болгоомжилсон нэг зүйл нь ар гэр, ижий аавынхаа тухай мэдээллийг ард түмнээс нуух ёстой гэж үзсээр иржээ. Түүний намтрын хуудсыг эргүүлэх аваас  Архангай аймгийн Цэцэрлэг хотын хоёрдугаар амаржих газарт 1979 онд Жамъянгийн гэр бүлд мэндэлжээ гэснээс өөр  мэдээлэл  алга.  

Хэдэн хүүхэдтэй айлын хэд дэх хүү  болох, эдүгээ хэн хэнтэйгээ амьдардаг, гэрлэсэн эсэх  талаар хайгаад олдох зүйл ч алга. Залуу насны эрх чөлөөг ханатлаа эдэлсэн тэрбээр саяхан үрийн зулай үнэрлэсэн талаар нэгэн сэтгүүлийн хуудаснаа нийтлэгдсэн зургаас харахад  Ж.Мөнхбат маань гэрээ ч, төрөө ч засч  чадаж яваа юм байна гэх дүгнэлтийг хийхэд хүргэв.

Энэ бол улстөрчийн хувьд  сайн үзүүлэлт. Ямартай ч  тэрбээр Архангай аймгийн  Батцэнгэл сумын уугуул аж. Тэрбээр 1995 онд  аймгийнхаа  Тунгалагтамир хоршооллын найман жилийн хоёрдугаар дунд сургуулийг төгсч, 1997 онд аймгийн арван жилийн “Авъяас хөгжүүлэх тусгай сургалттай цогцолбор” сургуулийг  дүүргэн МУИС-ийн Улс төр судлалын ангид элсэн суралцаж, дээд боловсрол эзэмшсэн нэгэн юм. 

Намтар 

  • 1979 онд Архангай аймгийн Цэцэрлэг хотын хоёрдугаар төрөхөд төрсөн.  Батцэнгэл сумын уугуул.
  • 1995 онд Архангай аймгийн Тунгалагтамир хоршооллын найман жилийн хоёрдугаар дунд сургууль,
  • 1997 онд Архангай аймгийн арван жилийн “Авъяас хөгжүүлэх тусгай сургалттай цогцолбор” сургууль,
  • 2002 онд МУИС-ийн Улс төр судлалын анги төгссөн. Улс төр судлаач, нийгмийн ухааны багш мэргэжилтэй.
  • 2008 онд АНУ-ын Жоржтауны их сургуулийн англи хэлний бэлтгэл ангид суралцсан.
  • 2002-2003 онд УИХ-ын даргын Ажлын албанд зохион байгуулагч, 2003-2004 онд УИХ-ын даргын шадар туслах,
  • 2005 онд Ерөнхийлөгчийн Тамгын газарт референт,
  • 2005-2007 онд МАН-ын дэргэдэх Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбоо /МАСЗХ/-ны Ерөнхий нарийн бичгийн дарга,
  • 2008-2010 онд Монголын залуу үеийн хөгжлийн ассоциацийн ерөнхийлөгч,
  • 2010-2011 онд МАН-ын Удирдах зөвлөлийн дэргэдэх Улстөрийн бодлогын байнгын хорооны дэд дарга,
  • 2011 оны зургадугаар сараас Монгол Ардын Намын төв хэвлэл “Монголын Үнэн” сонины Ерөнхий эрхлэгч
  • 2012 оноос НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч, Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга
  • 2013 онд болсон МАН-ын 27 дугаар их хурлаар МАН-ын генсекээр сонгогдов
  • 2016 онд УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар томилогдов.