Казахстан улсын авто замын эрдэм шинжилгээ судалгааны институттэй хамтран ажиллана
Монголын Авто замчдын холбооны ерөнхийлөгч Т.Бямбаа 2016 оны 10 дугаар сарын 24-нд Алмата хотноо зочлон Казахстан улсын авто замын эрдэм шинжилгээ судалгааны институт /КаздорНИИ/-ын ерөнхийлөгч Телтаев Багдат Бурханбайулытай уулзлаа.
Уулзалтанд Казахстан улсын авто замын эрдэм шинжилгээ судалгааны институтын дэд ерөнхийлөгч Айтбаев Ербол Есенгалиевич, МАЗХ-ны гүйцэтгэх захирал А.Уранчимэг, “Жол” ХХК-ны захирал Б.Көксеген нар оролцлоо.
Уулзалтын үеэр ерөнхийлөгч Т.Бямбаа авто замын салбарт хамтарсан судалгааны ажил явуулах, технологийн ололт, амжилтыг үйлдвэрлэл практикт нэвтрүүлэх, шилдэг техник технологийг өөрийн оронд нутагшуулах, сургалт дадлагын ажил зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.
Уулзалтаар хоёр тал хамтарсан шинжилгээ, судалгааны ажил гүйцэтгэх, мэргэжилтэн бэлтгэх, шинэ техник технологийг үйлдвэрлэл практикт нэвтрүүлэх, сургалт, семинар зохион байгуулах талаар хамтран ажиллахаар тохиролцон санамж бичигт гарын үсэг зурлаа.
Мөн Казахстан улсын авто замын эрдэм шинжилгээ судалгааны институт /КаздорНИИ/-ын ерөнхийлөгчТелтаев Багдат Бурханбайулыг “Road Expo-2017” олон улсын үзэсгэлэн, бага хуралд хүрэлцэн ирж оролцохыг урьлаа.
Тус институтын дэд ерөнхийлөгч Айтбаев Ербол Есенгалиевич, Авто замын барилга, материалын хэлтсийн дарга Измаилова Галия Габдулбаровна нар байгууллагынхаа үйл ажиллагаа, лаборатори, туршилт судалгааны ажлаа танилцуулсан.
Тус институтад авто замын бүртгэл, паспортжуулалтын иж бүрдэл машинтай бөгөөд жилд 1500км замыг бүртгэж паспортжуулах хүчин чадалтай. Өөрийн улсаас гадна ОХУ болон бусад улсын захиалгаар бүртгэл паспортжуулах ажлыг гүйцэтгэдэг байна.
Казахстаны авто замын эрдэм шинжилгээ судалгааны институт /КаздорНИИ/ нь 1959 онд байгуулагдсан. 122 ажиллагсадтай бөгөөд Институт- 93 ажилтантай (Алмата хот), салбар оффис 29 ажилтантай (Астана хот) ажиллаж байна.
Тус хүрээлэнгийн үйл ажиллагааны үндсэн чиглэл нь :
Авто зам, гүүрийн техникийн түвшин, бат бөх чанарыг сайжруулахад чиглэсэн шинэ техникийн шийдлүүдийг боловсруулах;
Шинэлэг технологи, материал, тэдгээрийн өргөн хэрэглээг хангахын тулд техникийн баримт бичгийг боловсруулах, турших;
Шинжлэх ухаан, техникийн шинэлэг шийдлийг хэрэгжүүлэх, дэмжлэг үзүүлэх;
Авто зам, гүүр, замын удирдлагын систем, баталгаажуулалт;
Хурдны зам, засвар үйлчилгээ хийхэд санхүүжилтын журам, болон үнийн хэм хэмжээг батлах;
Шинэ техникийн шийдэл бүхий зам, гүүрийн барилга, сэргээн босголтын зураг төсөл, тооцоо баримт бичиг боловсруулах;
Зам барилгын материалын хяналт шалгалт,
Авто замын салбарын ажилтны сургалт,
Мэдээллээр хангах