УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн
2016.10.21

Ц.Даваасүрэн: Үл үзэгдэгч гар зохицуулна гээд валютын ханшийг хариуцах эзэнгүй орхих гэж байна уу?

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Төрөөс мөнгөний бодлогын талаар2017 онд баримтлах үндсэн чиглэлийг батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байх үеэр ипотекийн зээл, валютын ханш, валютын нөөцийн хомсдол гэсэн асуудлуудад ач холбогдол өгч, Монголбанкны ерөнхийлөгчөөс хэд хэдэн асуулт асуулаа. 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Валютын ханшаа чанга барих хэрэгтэй байна

Нэгд, хямралыг илааршуулах асуудал бол төв банктай их холбоотой. Энэ бол том хариуцлага. Одоо бол өнгөрснийг тайлбарлаад сууж болох боловч цаашид Монголбанкны Ерөнхийлөгчийн хариуцах ажил гэдэг нь улам тодорхой болно. Ханшийн бодлогын тухайд, чөлөөтэй байна, эдийн засгийн зарчмаар явна гэдэг. Монголбанкны гурван үндсэн чиглэлийн нэг нь валютын ханшийг тогтвортой барих шүү дээ. Импортын хэрэглээ өндөртэй манай улсын хувьд валютын ханшаа чанга барих хэрэгтэй. Төв банкнаас тийм л зорилт тавих хэрэгтэй. Ингэж байж л бодит үр дүнд хүрнэ. 2012 онд 1300-тай байсан төгрөгийн ам.доллартай харьцах ханш 2300-д хүрээд байна. Нэг ам.доллар тутамд 1000 төгрөгөөр өссөн байна.

Импортын бараа бүтээгдэхүүн бүр ам.доллар тутамд 1000 төгрөгөөр өсөхөөр өмнө нь байсан үнээсээ бараг 2 дахин нэмэгдсэн байна. Хүн амын худалдан авах чадвар, бүх эдийн засагт сөргөөр нөлөөлсөн зүйл бол валютын ханш. Энэ нөхцөлд Монголбанк валютын ханшийг тогтворжуулах үүднээс ямар бодлого оруулж ирэв? Зах зээлийн үл үзэгдэгч гар гээд хариуцах эзэнгүй оруулж ирэв үү?

Экспортын хэмжээ 2008, 2009 онтой харьцуулахад 2,6 дахин өссөн байна. Экспортын хэмжээ өссөн хэрнээ валютын нөөц нэмэгдээгүй байгааг юу гэж ойлгох вэ?

Хоёрт, ипотекийн зээлийг улс төрийн өнцгөөс тайлбарлаад байна. Ипотекийн зээлийг санхүүжүүлэх валютын нөөц байна уу? Хэрэв энэ байдлаар цааш явбал орж ирсэн мөнгөө барилгын салбарт угаагаад л байх болно. Тиймээс барилгын салбар, импортын бараа бүтээгдэхүүнд тодорхой хязгаарлалт тавих хэрэгтэй. 3 их наядын төгрөгийн ихэнх хэсгийг барилгын салбар руу хөрөнгө оруулсан. Ипотекийн зээлийн тухай ард түмэндээ үнэнийг хэлэх хэрэгтэй. Хадаасаа хүртэл гаднаас авч байгаагаа бодоод ипотекийн зээлд дэвшил гаргахгүй бол хямралаас гарахгүй. Энэ асуудалд Монголбанкны ерөнхийлөгч санхүүч хүний хувьд ямар байр суурьтай байна вэ?

Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан: Ипотекийн зээлийг зах зээлийн зарчмаар явуулна

Төв банкны тухай хуульд төгрөгийн тогтвортой байдлыг хадгалах ёстой гэж заасан. Төгрөгийн тогтвортой байдал гэдгийг цаана ханшийн тогтвортой байдал хамаарах учраас төгрөгийн ханшийн өөрчлөлт ямар байгаа нь Монголбанкинд ямар ч холбоогүй гэж өөрсдөөсөө ерөөсөө холдуулаагүй. Энэ бол Монголбанкны хариуцах ёстой гол ажлын нэг. Төгрөгийн тогтвортой байдлыг хангахын тулд урьд нь маш их хэмжээний интервенци хийсэн байна. Төсвийн сахилга бат өнгөрсөн 4 жилд хариуцлагагүй явж иржээ.

Монгол Улс маш олон төсөвтэй байсан. УИХ-аас баталдаг албан ёсны төсөв, Монголбанкнаас санхүүжүүлдэг Монголбанкны төсөв. Ц.Даваасүрэн гишүүн 3 их наяд төгрөг гээд байна. Монголбанкнаас гаргасан нийт санхүүжилтийн хэмжээ нь 7 их наяд төгрөг. Түүний 3 их наяд төгрөг нь зөвхөн барилгын салбарт бий. Хөгжлийн банкны төсөв саяхны шалгалтаар 6 их наяд төгрөгийн зээл гаргасан тогтоогдсон. Векслелиэр санхүүжүүлэх гэсэн нэрийн дор маш их төсөл, хөтөлбөр санхүүжүүлэхээр болсон. Тэр нь 2 их наяд төгрөгөөр хэмжигдэж байна. Концессийн гэрээ гэдэг бол замбараагаа алдсан. Энэ мэт төсвийн сахилга бат алдагдаж, эдийн засагт асар их хэмжээний мөнгө оруулсан. Тэр мөнгөө буцаж татахын тулд валютын нөөцөөрөө интервенци хийсний улмаас Монгол Улс валютын нөөцийн хомсдолд орчихоод байна. Тиймээс төсвийн сахилга батыг чангаруулах, төсөв, мөнгөний бодлогын уялдаа холбоог хангах явдал бол маш чухал зорилт болж байна.

Ипотекийн зээлийг санхүү талаас нь ойлгож, харж байгаа. 7 их наяд төгрөгийн 3 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн барилгын салбарыг дэмжинэ гэдэг бол санхүүгийн зөв бодлого биш байж. Өнөөдөр борлуулагдаагүй 30-40 мянган айлын орон сууц эзнээ хүлээгээд байж байна. Энэ нь бас санхүүгийн зөв зүйтэй бодлого явуулж чадаагүй уршиг ингэж гарч байна. Тийм учраас улс төрийн агуулга, санхүүгийн талын ач холбогдлыг ч Монголбанк харгалзан үзэж байна.

Ипотекийн хөтөлбөрийг зах зээлийн зарчимд шилжүүлэхийн тулд Дэлхийн банкнаас техникийн туслалцаа хүсч байна. Ингэж олон улсын нилээд том банк, санхүүгийн байгууллагын шинжээчдийн туслалцаатайгаар ипотекийн зээлийг зах зээлийн горимд оруулахаар ажиллаж байна.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

Ипотекийн зээлийн талаар зөв байр суурь баримтлах гэж байгаа юм байна. Хэлэлцүүлгийн явцад барилгын салбарт бид дотооддоо хэдэн хувийг үйлдвэрлэдэг болсон гэдгийг тодруулах хэрэгтэй байна.

Миний бодлоор арматур, цемент л тодорхой хувиар үйлдвэрлэж байгаа байх. Ипотекийн зээл гаргах хэрээр хичнээн валют гадагш урсаж байгааг тооцсоны үндсэн дээр мөнгөний бодлогоо хэлэлцмээр байна. Бодохгүйгээр кнопоо дараад суухаар валютын нөөцийн хомсдолд орж,  Хятадын барилгын салбарын түүхий эдэд валютаа зориулаад байна. Энэ байдлаа өөрчлөөгүй цагт бид хэзээ ч хямралаас гарахгүй.

Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан:

Барилгын салбарт импортын бүтээгдэхүүн 40 хувийг эзэлж байна.