Ж.Эрдэнэбат: Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийг байртай болгох асуудлыг төсөвт суулгана
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат албаны хүмүүсийн хамт Чин- гэлтэй дүүрэгт ажиллалаа. Тэрбээр тус дүүргийн 124 дүгээр цэцэрлэгийн нэмэлт бүлэгтэй танилцав.
Чингэлтэй дүүрэгт 50 гаруй төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэг, 30 орчим сургуульд 36 мянган хүүхэд хамрагддаг байна. Хамгийн бэрхшээлтэй зүйл нь хүүхдийн цэцэрлэгт хамрагдалт гэнэ. Тус дүүрэгт 16 мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдахаас өнөөдөр 10 гаруй мянга нь хамрагдаад байгаа аж.
Тиймээс нэмэлт бүлэг байгуулах, төрийн бус өмчийн цэцэрлэгийн хүчин чадлыг ашиглах, байгууллагуудын дэргэдэх цэцэрлэгийг дэмжиж ажиллаж байгаа талаар тус дүүргийн Засаг дарга танилцууллаа. Тухайлбал, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр тус дүүргийн 124 дүгээр цэцэрлэгийг түшиглэн дөрвөн анги бүхий нэмэлт бүлэг байгуулж, 100 гаруй хүүхдийг цэцэрлэгт хамруулж чадсан байна.
Үүний дараа Ерөнхий сайд Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцав. Тус дүүргийн нэгдсэн эмнэлэг 227 ортой, нийт 341 эмч, мэргэжилтэн иргэдэд үйлчилдэг байна. Дотор, мэдрэл, уламжлалт эмчилгээ, яаралтай тусламж, хүүхэд гэсэн чиглэлээр үйлчилдэг.
2016-2020 онд стандартад нийцсэн эрүүл мэндийн үйлчилгээтэй болох зорилт тавин ажиллаж байгаа аж. Тус эмнэлэг дүургийнхээ 19 хорооны 16 мянган хүнд өрхийн эмнэлгээр дамжуулан хоёрдугаар шатлалын үйлчилгээг үзүүлдэг байна.
Чингэлтэй дүүрэг эрүүл мэндийн төрөлжсөн болон эх, хүүхдийн эмнэлэггүй, зориулалтын бус байранд байдаг. Дээр нь хүн амын өсөлттэй холбоотой нарийн мэргэжлийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн хүрэлцээ дутагдалтай байгаа зэрэг асуудлыг тус эмнэлгийн дарга танилцуулсан.
Мөн дүүргийн эрүүл мэндийн төв байгуулагдснаасаа хойш амбулаторийн барилгууд нь салангид, иргэдээсээ хол, зориулалтын бус барилгад үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс уг асуудлыг шийдэж өгөхийг Ерөнхий сайдаас хүссэн юм.
Ийнхүү эмнэлгийн үйл ажиллагаатай танилцсаны дараа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат салбарын сайд болон бусад албаны хүмүүст чиглэл өглөө. Тэрбээр Чингэлтэй дүүргийн эрүүл мэнд боловсрол зэрэг иргэдэд тулж үйлчилдэг салбаруудын үйл ажиллагаа сайн бөгөөд стандартын дагуу ажиллах ёстой.
Тиймээс тус дүүргийн эрүүл мэндийн төвийг зориулалтын эмнэлгийн байртай болгох асуудлыг төсөвт тусгаж, хууль ёсны дагуу бодлогоо гаргаж ажиллана гэдгийг хэллээ.
Эрүүл мэнд, спортын сайд А.Цогцэцэг “Эрүүл мэндийн салбарын өнөөгийн нөхцөл байдал сайнгүй байгаа. Тэгэхээр Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн нэгдэл зориулалтын бус байранд үйл ажиллагаа явуулдаг.
Эрүүл мэндийн салбарын гол анхаарах сэдэв болж байгаа диализын аппаратын асуудал байна. Үүнийг Засгийн газар бүрэн шийдэж өгсөн. Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс диализд ордог хүмүүс төр хувийн хэвшлийн түншлэлээр хаана ч очсон үнэ төлбөргүй болж байгаа.
Өнөөдрийн Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн асуудал бол зориулалтын байртай Азийн хөгжлийн банкны манай улсад хэрэгжүүлж байгаа эрүүл мэндийн хөтөлбөр, төслийн хүрээнд Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийг барьж, загвар эмнэлэг болгохоор шийдвэрлэсэн” гэв. Үүний дараа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Чингэлтэй дүүргийн иргэд, хөдөлмөрчидтэй уулзаж санал бодлыг нь сонсов.