Д.Тэрбишдагва: Шулуун шударгаар ярьдаг, бодлого боловсруулж, санал гаргадаг улстөрч цөөрсөн
УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагватай ярилцлаа.
-Намрын чуулганаар хэлэлцэж буй эхний асуудал ирэх оны төсөв. Ямархуу төсөв орж ирсэн гэж бодож байна вэ?
Намрын ээлжит чуулган 2017 оны төсвийн асуудлыг хэлэлцэж эхлээд байна. Ирэх жилийн төсөв санхүүгийн бодлого үнэхээр амаргүй нөхцөлд хэрэгжихээр байгаа гэдэг нь хүн бүхэнд ойлгомжтой. Иймээс төсвийн бодлогыг маш сайн боловсруулж орж ирсэн байх ёстой л доо. Эдийн засаг хямралтай байгаа үед Засгийн газар байгуулагдаж хүнд үеийг хэрхэн даван туулах арга замын талаар хэлэлцэж үйлажиллагааныхаа хөтөлбөрийг батлаад байна.
УИХ байгуулагдсаны эхний жилийн төсөв амаргүй байдаг нь үнэн. Гэхдээ энэ жил яагаад ийм хүндрэлтэй байна вэ гэхээр эдийн засгийн агшилтаас төсвийн бүрдэл хязгаарлагдсан, орлого нь эрс хумигдсан ийм цаг үетэй давхцаад Засгийн газрын гадаад, дотоод зээллэгийн төлбөрийн өндөр ачаалал ирэх оны төсөвт нэмэлт дарамт үзүүлж байгаатай холбоотой.
Төсвийн орлого нь зарлагаасаа 2.5 их наядаар бага буюу зөрүүтэй байгаа. Төсвийн энэ алдагдал ДНБ-ий 9.9 хувьтай тэнцэхээр байна. Төсвийн чадал чансаа тун муу байгаагийн нэг тодорхой жишээ бол ирэх онд бидний өдөр тутмын хэрэгцээндээ зарцуулах нэгдсэн төсвийн урсгал зардлын хэмжээ ирэх онд нэгдсэн төсөвт орох нийт орлогоосоо 962.6 тэрбумаар илүү байна шүү дээ. Тэгэхээр төсвийн алдагдал 2.5 их наядыг хэрхэн багасгах, ирэх жилүүдэд төлөх зээлийн асуудлыг яаж шийдэх вэ зэрэг олон асуудал бий.
Ийм учраас Төсвийг их няхуур, чамбай, урьд өмнөхөөс өөрөөр төлөвлөж оруулж ирэх ёстой. Би УИХ- ын чуулган дээр хэлж байсан шүү дээ. Нэгдүгээрт, төсвийн хүрээний мэдэгдлээ хэлэлцэх ёстой. Хоёрдугаарт, төсөв хэлэлцэх үеэр хямралаас гарах төлөвлөгөөг зэрэгцүүлж оруулж ирээч гэж байр сууриа илэрхийлсэн.
Сангийн сайд чадах ядахаараа л хасаж, танаж оруулж ирсэн байлгүй дээ. Одоо харин орлогоо яаж нэмэгдүүлэх вэ гэдгийг нухацтай бодох шаардлагатай. Тухайлбал, Үндэсний аудитын газраас гаргасан санал, дүгнэлтэд дурдсанчлан 2015 оны Засгийн газрын Төв төрийн сангийн тайланд 2.9 их наядын авлагын арваас доошгүй хувийг нь улсын төсөвт суулгахад л. 300-гаад тэрбум төгрөг нэмэгдэнэ.
Гэх мэтчилэн орлого нэмэгдүүлэх ямар боломж байна вэ гэдгийг эрэлхийлэх хэрэгтэй байна. Мөн зарлагаа бууруулах тал дээр тооцоо, судалгааг дахин хийх, ер нь бүх бололцоог бүрэн дайчлах нь чухал байна. УИХ-ын түвшинд зөвхөн Төсөв, Эдийн засгийн байнгын хороогоор хязгаарлахгүйгээр бүх байнгын хороо төсвийн төслөөр ажлын хэсэг байгуулж, идэвхтэй ажилламаар л байна.
-Орлого нэмэгдүүлэх ямар боломжууд байна вэ?
Өргөн барьсан төсвийн төслөөс харахад орлогыг хоёр аргаар нэмэгдүүлэх боломжтой гэж үзжээ. Том мега төслүүдийг хэрэгжүүлэх, уул уурхайгаас олох орлогод нэлээд найдсан байна лээ. Мега төсөл хэрэгжүүлнэ гэдэг маш чухал л даа.
Гэхдээ хэрэгжиж эхэллээ гээд шууд ирэх жилийн орлогод нөлөөлөх үү гэдгийг бодож үзэх хэрэгтэй. Оюу толгойн хувьд 2021 онд далд уурхайн эхний ашгийг авна гэж тооцоолж байгаа юм билээ. Мега төсөл гэдэг ирээдүйд, тодорхой цаг хугацааны дараа үр өгөөжөө өгдөг болохоос биш ганцхан жил яриад болчихдог, ашгаа шууд хүртээчихдэггүй. Тиймээс бодитой тооцоолох хэрэгтэй байгаа юм.
-Эдийн засгийг богино хугацаанд сайжруулах тусгай хөтөлбөр гаргая гэсэн саналыг зарим гишүүн Ерөнхий сайдад тавьж байгаа юм билээ. Уг нь гишүүд энэ хөтөлбөрийг дэмжээд төсвийн хэлэлцүүлэгтэй зэрэг оруулж ирж болохгүй юу?
Яг л ийм байр суурьтай байгаа. ОУВС болон гадны байгууллагатай хэрхэн харилцах вэ, яаж мөнгө босгох вэ гэдэг арга замыг эрэлхийлээд байх шиг байна. Үүнд тулгуурлан эдийн засгийг хямралаас гаргах төлөвлөгөөгөө боловсруулахаар хүлээзнээд байгаа юм болов уу гэж сайн талаас нь харж байгаа. Засгийн газар төдийгүй УИХ-д сууж буй биднийг сонгохдоо ажил хий, улс орны нөхцөл байдлыг сайжруул, популист зүйл ярилгүй бодитой, ажил хэрэгч санал дэвшүүлж ажилла гэж сонгосон.
Тиймээс Засгийн газар ч, УИХ ч шалтаг тоочихоос илүүтэй хямрал, хүнд байдлаас гарах аргаа тодорхойлж идэвхитэй ажиллахаас өөр зам байхгүй. Уг нь эдийн засгийг богино хугацаанд сайжруулах төлөвлөгөөгөө гаргаж, хэр- хэн хэрэгжүүлэх арга замаа тодорхойлж байж хэр хэмжээний мөнгө босгох вэ, ямар эх үүсвэрийг ашиглах уу гэдгээ тооцоолмоор байгаа юм.
-Төсөв хэлэлцэж байгаа энэ үед Хөгжлийн банктай холбоотой асуудал сөхөгдөж байна. Эхнээс нь барьж, хорьж байгаа тухай ч ярих юм?
Хөгжлийн банк, Төрийн банк, Эрдэнэт үйлдвэртэй холбоотой янз бүрийн асуудлууд яриад байна л даа. Улсын төсөв хэлэлцэх үеэр Монгол Улсын макро эдийн засгийн өнөөдрийн байдал, нийт улс орны өмнө тулгарч буй асуудлуудыг иж бүрнээр нь хямралын төлөвлөгөөтэй оруулаад ирэх юм бол хямралд орсон шалтгаан, гарах арга замын тухай яригдана.
Ийм учраас улсын төсвийн бодит боломж, хямралаас гарах арга замыг тодорхой болгож орж ирэх хэрэгтэй. Тэгэхгүйгээс болоод нэг өдөр нь Эрдэнэт, маргааш нь Хөгжлийн банкны асуудлыг яриад байгаа юм. Аливаа нэг үндсэн гол гогцоо асуудлыг ярьж байхад хөндлөнгийн сэдэв оруулж ирээд хүч сулруулдаг даа.
Яг л тийм зүйл болоод байна. Миний хувьд Монгол Улсын өнөөдрийн язгуур эрх ашиг бол эдийн засгийн нөхцөл байдал. Үүнийгээ бид томоор нь хараад ард түмнийгээ яаж орлоготой болгох, яаж ажилтай болгох, тэтгэвэр тэтгэмжийг нь яаж нэмэгдүүлэх вэ гэдгийг шийдэх ёстой. Монголбанкнаас, Сангийн яамнаас, Эдийн засгийн байнгын хороонд харьяалагддаг яамдаас мэдээлэл авсан.
Энэ мэдээллээр Монгол Улсынхаа эдийн засгийн зураглалыг иж бүрнээр нь харахад хямралтай, амаргүй байгаа нь харагдаж байгаа. Байдал нэгэнт ийм байхад ард түмэндээ ил тодоор байдлыг хэлэх хэрэгтэй. Ард иргэдтэй уулзаад явахад “Манай дүүрэгт ийм төсөл хэрэгжүүлнэ гэсэн. Яагаад эхлэхгүй байна” гэдэг.
Уулзсан бүхэн төсвийн зарлагыг нэмэгдүүлэх зүйл нэхэж, шаардаж байна. Гэтэл зарлагыг бууруулах, орлого нэмэх чиглэлээр хэн ч, юу ч ярихгүй байна. Хүнд үед үнэхээр тэвчиж болох зардал бий шүү дээ. Тэвчиж болох зардлыг ард түмэндээ хэлж ойлгуулаад хасаад явахаас өөр аргагүй. Ерөнхийдөө орлого нэмэгдуулэх боломж бий гэсэн дүр зураг харагдаж байгаа. Орлого нэмэгдүүлэхийн тулд ажлын байраа нэмэгдүүлэх хэрэгтэй. Ажлын байрыг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэхэд л цалингийн орлогоор хичнээн гэр бүлийг тэжээх билээ гэдгийг бодмоор байна л даа.
-Ажлын байр нэмэгдүүлэх боломж байгаа юм уу. Нэмэгдүүлсэн ч ихэнх залуус эх орондоо ажиллах ямар ч хүсэл, сонирхолгүй болчихсон юм шиг байна?
Хамгийн түрүүнд монгол хүмүүсийг яаж ажилтай, ажилсаг болгох вэ. Монголчууд залхуу биш. Хөдөлмөрийн хөлсийг нь ахиу өгч чадвал хүн бүр сайн ажиллаж чадна. Гадаадад очихоороо ур чадвар, ачаалал даах чадвараараа сайшаагддаг. Эх орондоо бид залхуу нэрийг авч болохгүй.
Хамгийн гол нь ажиллах орчин, нөхцөлийг бий болгож өгөх ёстой. Сүүлийн 20 гаруй жил бодит байдлыг шулуун шударгаар ярьдаг, бодлого боловсруулж, санал гаргадаг улстөрч цөөрсөн. Голдуу ард түмэнд таалагдах гэж популизм ярьж байна. Зах зээлд шилжих үед гадаад, дотоодод их, дээд сургууль төгссөн өндөр чадвартай, ажилсаг, хөдөлмөрч боловсон хүчнээ гудамжинд гаргаснаас хойш Монголын ядуурал эхэлсэн.
Жинхэнэ бодит бүтээгдэхүүн үйлдвэрлэж байх ёстой хүмүүс ажилгүйчүүдийн “армид” шилжсэн шүү дээ. Хөдөлмөрч, ажилсаг монголчуудыг янз бүрийн нийгмийн халамжид дуртай, бэлэнчлэх сэтгэлгээтэй болгоод байна. Улстөрчид өөрсдөө иргэдийг залхуу болгох зүйлд уриалан дуудаад байна. Одоо нөхцөл байдлыг өөрчлөх цаг болсон.
Хамтдаа бүтээе, улс орноо бүтээлчээр хөгжүүлье гэж ярих ёстой. Хятад болон бусад орнуудад өнөөдөр ам.долларын олон зуун саятан олноор бий болж байна. Тэд их, дээд сургууль заавал төгсөнө гэхээсээ илүү залуугаасаа хөдөлмөрлөөд, бүтээгдэхүүн үйлдвэрлээд саятан болоод байна. Гэтэл өнөөдөр БНСУ-д ажиллаж буй нэгийгээ боолын хөдөлмөр эрхэлж байна гэдэг.
Орчин үеийн нийгэмд боолын хөдөлмөр гэж зүйл байхаа больсон. Тэнд хөдөлмөр эрхлээд, хатуу нөхцөлд сахилгатай ажиллаад сурсан хүн хувиараа юм уу аль нэг компани, байгууллагад ажиллахдаа амжилт гаргаж чадаж байна. Тэгэхээр иргэдээ хөдөлмөрч, ажилсаг болгох бодлого явуулах хэрэгтэй болчихож.
Ажиллахдаа ажилласан шиг ажиллаад, үр шимийг нь хүртсэн шиг хүртээд амьдарсан шиг амьдардаг болъё. Хүн бүр ажилтай болчихвол татвараа төлнө, аж ахуйн нэгж, албан байгууллага ашигтай ажиллаж чадна. Тэгвэл улсын төсөв ч нэмэгдэнэ. Төсөв нэмэгдэх тусам боловсрол, эрүүл мэндийн чиглэлд зарцуулах хөрөнгө оруулалт өснө.
-Ганцхан уул уурхайгаар урагшлахгүй гэдгийг хүн бүр л ярьж байна. Тэгсэн мөртлөө бусад салбараа олигтой дэмжихгүй юм. Ер нь уул уурхайгаас үл хамааралтайгаар ажиллах ямар боломж байна вэ?
Монгол Улс уул уурхайн циклээр явдаг эдийн засагтай болчихоод байгаа. Уг нь ашигт малтмалын үнэ өндөр, уул уурхайн салбар ашигтай байх үед нь тусдаа сан байгуулчих хэрэгтэй. Энэ санд хуримтлуулсан хөрөнгөө өсгөхөөс гадна үйлдвэрлэл, ажлын байрыг нэмэгдүүлэхэд ашигладаг болчихвол эрсдэлээс хамгаалах хамгаалалт болно. Бас эдийн засгаа олон тулгууртай болгомоор байгаа юм.
Уул уурхайн салбар хямарч байгаа үед хөдөө аж ахуй сэргэж байж болно. Эсрэгээрээ хөдөө аж ахуй хямрахад уул уурхайдаа түшиглээд явна. Нэг ёсондоо олон тулгуурт бодлого явуулахгүй, олсон зүйлээ хуримтлуулж, бусад салбараа өөд татаж хөгжүүлэхгүй цацаад байвал өнөөдрийнх шиг байдал давтагдсаар, мухардалд орсоор л байна.
-Эдийн засгийн хямралаас гарахын тулд “Стэнд бай” хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байх шиг байна. ОУВС-гаас ямар шаардлага тавихыг хүлээж байгаа. Энэ хөтөлбөрийг авах нь зөв үү?
ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрийг манай улсад хэрэгжүүлэхийг эхний үед нэлээд шүүмжилж эсэргүүцдэг байлаа. Түүхийг нь харахад алдаа дутагдалтай олон зүйл хийж байсан болохоор шүүмжилж байсан. Гэхдээ ОУВС-гийнхантай уулзсаны дараа бодлого нь нэлээн өөрчлөгдсөн гэдгийг мэдэж авлаа.
Бид өөрсдөө хөтөлбөрөө боловсруулаад ОУВС-тай ярилцаж болно. Эсхүл өөрсдөөр нь хөтөлбөр боловсруулуулаад дэмжлэг авч болно. Уг нь бид хоорондоо хэрэлдэж муудалцахын оронд эдийн засгийн хүнд байдлаас яавал богино хугацаанд гарах вэ гэдгээ хэлэлцэх ёстой.
Монгол Улс өөрсдийнхөө хөтөлбөрийг гаргаад ОУВС-д танилцуулах юм бол хамгийн сайн үр дүн өгнө. Хэрэв тэд хөтөлбөрөө боловсруулбал ерөнхий байдлаар хандана. Шууд тэдний нөхцөлийг хүлээж авах хэрэггүй. Мэдээж хэрэг олон улсад үр дүнгээ өгсөн жишээ олон бий. Яг өнөөдрийн манай нөхцөл байдалд ОУВС-тай хамтарч ажиллах шаардлагатай болж байх шиг байна.
Энэ сарын 20- доор ОУВС-гийн экспертүүд манай улсад ирнэ. Тэрнээс өмнө бид хямралаас гарах төлөвлөгөө гаргаж санал болгох хэрэгтэй байна. Гэхдээ энэ бол түр зуурын арга хэмжээ. Монгол Улс цаашид урт хугацааны бодлогын арга хэмжээгээ тодорхойлох хэрэгтэй.
-Энэ удаад “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдчихлаа гэхэд цаашид ямар бодлогоор урагшлах ёстойюм бэ?
Монгол Улсыг ажилсаг иргэд нь урагшлуулж, хөгжүүлнэ. “Ажилсаг монгол” хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлмээр байгаа юм. Үүний хүрээнд олон талт ажлыг хийх хэрэгтэй. Жижиг, дунд үйлдвэр дэмжих хөтөлбөрийг далайцтай, хүртээмжтэй өрнүүлбэл бизнес эрхлэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүмүүс нэмэгдэж, зарим нь эвлэлдэн нэгдэн нийлж, эсвэл гэр бүлээрээ зүтгээд эхэлнэ.
Тэд жижиг, дунд үйлдвэрлэлээ алдахгүйн тулд ажиллана. Жижиг, дунд бизнес эрхлээд ахуй амьдралаа өөд нь тататлаа хөдөлмөрлөж чадсан хүн хэзээ ч зальдъя, хулгай хийе гэж боддоггүй. Өөрөө хөдөлмөрлөдөг, ажилдаа дурласан хүн Монгол Улсыг хөгжүүлнэ. Тэгэхгүй бол бид гадныхнаас хэтэрхий их хамааралтай болчихоод байна.
Өмнө нь бид бүх зүйлээ үйлдвэрлэж чаддаг байлаа. Одоо бүхнийг гаднаас худалдан авч байна. Ийм байхад улс орон хөгжихгүй. Дотооддоо хийж болох зүйлийг нь дэмжээд өгөх хэрэгтэй. Нэг ёсондоо ажилсаг, хөдөлмөрч монгол хүнийг бий болгож, жижиг, дунд үйлдвэрлэгч эздийг бэлдмээр байна.
Өнөөдөр их, дээд сургууль төгссөн хүмүүс ажилгүйчүүдийн эгнээнд шилжиж байгаа. Эцэг, эх нь хүүхдийнхээ сургуулийн төлбөрийг төлөх гэж байгаа хэдэн малаа бүгдийг нь худалдаж байна. Аргаа ядаад улсаас оюутны сургалтын зээл нэхэж эхэллээ. Хэрвээ үйлдвэрлэл нь хөгжөөд хүмүүс ажилтай, орлоготой байвал улсаас янз бүрийн халамж нэхэхгүй.
-Та “Ажилсаг монгол” хөтөлбөр боловсруулж байгаа юм уу?
Ажлын хэсэг байгуулаад бодлогын хэмжээний баримт бичиг боловсруулж ажиллая гэж төлөвлөж байгаа. Монгол Улс 20-30 мянган залуугаа төрийн бодлогоор гадаад хэлтэй болгоод гадагшаа явуулъя. Үйлдвэрлэл, менежмэнтийн онол хосолсон 1-2 жилийн сургалтад хамруулсан тохиолдолд онол, практикийг зэрэг сураад жижиг, дунд үйлдвэр байгуулах, удирдах эзэд болоод ирнэ.
Нэг ёсондоо загас идэх биш барих аргад суралцуулснаар тухайн хүн ажилгүй суухгүй, сурсан мэдсэнээ улам баяжуулж хөгжүүлэхийг зорино. Японд, Германд очсон хүн “Эд яаж амьдраад, бид яаж амьдраад байгаа юм бэ” гэж ярьдаг. Үйлдвэр хэрхэн ажиллуулдгийг харсан, өөрөө ажилласан, удирдлагын ухаанд нь суралцсан хүн эх орондоо буцаж ирээд яг л тийм орчин нөхцөл бүрдүүлэх, бий болгох, хөдөлмөрлөхийг хичээнэ.
Аж ахуй байгууллаа гэхэд өөрөө удирдаад явчихна. Ажилсаг хүний дэргэд байгаа хүн ажил сурдаг. Залуучууд маань эх орондоо ирээд бизнес эрхэлнэ, тэгснээр орлого нэмэгдэнэ, ажлын байр бий болно, орлоготой монголчууд олширно, энэ хэрээр төсөвт төвлөрөх хөрөнгө нэмэгдэнэ, цаашлаад улс маань хөгжинө шүү дээ.
-Та концепци боловсруулж байгаа гэсэн. Юун тухай юм бэ?
Ажилсаг хүн хариуцлагатай болно. Хариуцлага, сахилгатай хүн шударга байдаг. Би 2007 онд “Хүнс хөдөө аж ахуй-Монгол Улсын хөгжлийн гарц” гэж ном бичсэн. Энэнээс хойш Монгол Улсын хөгжлийн гарц юу байх вэ гэж их бодож, толгойгоо гашилгаж байна. Хөгжлийн гарцыг хүмүүс янз бүрээр л тайлбарладаг.
Уул уурхай, хөдөө аж ахуй гээд янз бүрээр л ярьж байна. Гадны туршлага жишээ судлаад, ном бүтээл уншихаар юу бодогдож байна вэ гэхээр ерөөсөө л бас нөгөө сахилга хариуцлага. Шадар сайдаар ажиллаж байхдаа “Дэгтэй монгол-Дэлхийд манлайлна” сэдвээр хоёр удаа илтгэл тавьж ард түмний дунд хэлэлцүүлсэн. Дэгтэй гэдэг үг дэглэмийн тухай асуудал биш шүү дээ. Сахилгыг хэлж байгаа юм.
Чингис хааны хэлсэн үгэн дунд “Гэр орноо дэгтэй байлгасан хүн улс орноо дэгтэй байлгаж чадна” гэсэн үг хүртэл бий. Тийм учраас сахилга хариуцлага монгол хүнд ус агаар шиг хэрэгтэй. Яавал дэгтэй болох тухай ярихгүй байна. Миний тавьсан илтгэл дээр сахилга бат, хариуцлагагүйгээс болоод хэчнээн хүн бусдын амь насыг хохироож байгаа вэ.
Төрөлхийн биш олдмол байдлаар хөгжлийн бэрхшээлтэй болсон иргэн хэд байгаа вэ. Нэг хүн гал түймэр тавьснаас болоод хэчнээн мянган га газар шатаж байгаа вэ. Ингээд бодохоор сахилга хариуцлага, дэг журамтай байвал хэчнээн их зүйл хэмнэх вэ. Сахилга хариуцлага, дэг журамтай хүн ажил дээрээ ҮР дүн гаргадаг.
Үр дүн гарвал улс орон хөгжинө. Тиймээс сахилга хариуцлага, дэг журмыг үндэсний баялаг гээд байгаа юм. Алт бол үндэсний баялаг биш шүү дээ. Монгол Улсын үндэсний баялаг бол сахилгатай, хариуцлагатай, ажилсаг монгол хүн. Хөдөлмөр баяр баясал, аз жаргал байх ёстой. Тэгэхгүйгээр хөдөлмөрийг Ядаргаа болгож болохгүй. Иймэрхүү зүйлд тулгуурлан концепци боловсруулж байна.
-Эдийн засаг үнэхээр тэгтлээ хэцүүдчихсэн байгаа юм уу. Хэрвээ Ардчилсан нам өнгөрсөн сонгуульд ялалт байгуулаад эрх барьсан бол яах байсан юм бэ. Хямралын буруутан нь АН юм шиг сэтгэгдэл төрүүлээд байх юм?
2000 оны Засгийн газрын үед би дэд сайдаар ажиллаж байсан. Ямар нөхцөл байдалд ажил хүлээж авсан тухайгаа үе үе боддог юм. Тэр үед нөхцөл байдал маш хүнд байлаа. Энэ байдлаас гарах ёстой л гэж бодож байсан. Харин өнөөдөр зөвхөн өнгөрсөн дөрвөн жилийн тухай биш, сүүлийн найман жилийн асуудлыг яримаар байгаа юм.
Улс төрийн тогтолцоо тогтворгүй байхаар олон зүйл замбараагаа алддаг. Гадныхан юу гэж ярьдаг вэ гэхээр Монголд хоёр дахь удаагаа очихоор бүх дарга нь солигдчихсон байдаг. Өмнөх ажлаа огт мэддэггүй гэдэг. Дотооддоо ч ийм байгаа шүү дээ. Нэг намын фракц хоорондын болон намуудын зөрчил, харилцан бие биенийгээ намнадаг, тогтолцооны тогтвортой биш байдал олон асуудлыг булингартуулж байгаа. Өнгөрсөн дөрвөн жилийн тухайд гэвэл хоёр жил орчим хугацаанд Шадар сайдаар ажилласан.
Өдөрт 14-16 цаг ажиллана, жилд хоёроос илүү удаа гадаад явахгүй, долоо хоногийн зургаан өдөр ажиллана гэж гарын үсэг зураад ажилдаа орцгоосон. Эхний хоёр жил бол нэлээн зүтгэсэн шүү. Алдаа дутагдал ч гарч байлаа. 1.5 тэрбум ам.долларын санхүүжилттэй Чингис бонд босгохыг дэмжиж байсан.
Гэхдээ бэлэн төсөл хөтөлбөр байгаагүй. Үүнд шүүмжлэлтэй хандаж байсан. Мэдээж хэрэг зам тавих буруу зүйл биш. Мөнгөнийхөө хэдэн хувиар зам тавиад, хэдэн хувиар үйлдвэр бариад, хэдэн хувиар худалдаа явуулах вэ гэдгээ төлөвлөж чадаагүй. Бага хүүтэй зээл олдсон ч зарим нь оновчгүй байгааг Засгийн газрын гишүүн байхдаа ярьж л байлаа.
-Хөгжлийн банкнаас л гэхэд 1.3 их наяд төгрөгийнзөрчил илэрсэн гэсэн?
Хөгжлийн банкны шалгалтын дүнтэй хараахан танилцаагүй байна. Эдийн засгийн байнгын хороон дээр хэлэлцэх байх гэж бодож байна. Мэдээлэл авч, албан ёсоор танилцахаараа байр сууриа илэрхийлье.
-Засгийн газар ямархуу хэмжээнд ажиллаж байна вэ. Та Засгийн газраас явуулж буй ямар бодлогыг дэмжээд, юуг нь дэмжихгүй байгаа вэ?
Засгийн газрыг ямархуу түвшинд ажиллаж байгааг дүгнэхэд эрт байна. Эхнээс нь муу ажиллаж байна гэж балбаад баймааргүй байна. Сайн ажиллуулахын тулд шахаж шаардах хэрэгтэй. Эдийн засгийн нөхцөл байдал хүнд байхад хүчээ дайчилж, хурдтай ажиллах шаардлагатай.
-“Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой асуудалд та ямар байр суурьтай байгаа вэ. Монгол Улсын мэдэлд бүрэн шилжиж байгаа ч гэлээ хувийн компани 49 хувийг эзэмших болсон нь буруу юм уу?
УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог байгуулагдангуут л “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой асуудлаар Засгийн газарт албан бичигявуулсан. Засгийн газар “Эрдэнэт”-ийн асуудлыг гайгүй шалгасан болов уу гэж бодож байгаа. Хэдэн он жилээр Монголыг тэжээж, тээж ирсэн орчин үеийн техник технологи мэргэшсэн ажилтнуудаараа олон улсад өрсөлдөх чадвар бүхий дэлхийн хэмжээний томоохон үйлдвэрийн асуудлыг сулстөр, эдийн засаг, түүх уламжлалын талаас нь аваад үзсэн ч дан ганц Засгийн газрын хаалттай, нууц шийдвэрээр хувь заяаг нь шийдэх өрөөсгөл гэдэг нь монгол хүн бүрт тодорхой харагдаж байгаа.
Энэ асуудлыг сонгуулийн өмнөх өдөр Засгийн газар хаалттай хуралдан дангаараа шийдвэрлэж, Сангийн сайд нь нууц тушаал гаргасан, Гадаад хэргийн,сайд нь асуудалд хуулийн хүрээнд хандаагүй зэрэг нь парламентын засаглалтай оронд мөрдөгдөж буй хууль тогтоомжид үл нийцсэн, шоглож хэлбэл “Чоно борооноор", “Бушуу туулай борвиндоо” гэгч болсон гэж үзэж байна.
1.6 жилийн хугацаанд эзэмшиж байгаа 49 хувиа бүхлээр нь болон хэсэгчлэн худалдахгүй байх үүрэг хүлээсэн тал байх шиг байна. Гэхдээ энэ хангалттай биш юм. Авсан хувиа тохирсон энэ богино хугацаа өнгөрмөгц үнийг хэд дахин нугалан гадаад, дотоодын бусад этгээдэд худалдахгүй гэсэн баталгаа ерөөсөө харагдахгүй байгаа.
Монгол Улс, ОХУ хооронд "Эрдэнэт"-ийн асуудлаар хийгдсэн хэлэлцээрүүдийг бүгдийг Монгол Улсын Их Хурал соёрхон баталсан. Гэтэл эдгээр хэлэлцээрүүд нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр хэвээр буюу УИХ-аас хүчингүй болгоогүй. Эндээс юу хэлэх гээд байна вэ гэхээр "Эрдэнэт"-ийн 49 хувийг авахтай холбоотой асуудлыг хэсэг бүлэг хүмүүс эртнээс нарийн төлөвлөж нууцаар маш богино хугацаанд хийсэн боловч олон улсын болоод, дотоодын хууль эрх зүйн процессын том алдаатайгаар асуудлыг шийдвэрлэсэн.
"Эрдэнэт”-ийн 49 хувьд Монгол Улсын Засгийн газар давуу эрхтэй. Энэхүү давуу байдлаа ашиглаж Оросын талын санал болгосон үнээр авч олон улсын бирж дээр нээлттэй худалдаа зохион байгуулж худалдсан бол илүү их үнэ хүрэх нь дамжиггүй юм.
-Та яагаад МАХН-аас гарсан юм бэ?
МАХН, МАН хоёр бол угсаа гарал нэгтэй. Энэ хоёр намыг хэзээ ч салгаж болохгүй түүх бий. Харамсалтай нь 2012 оны дөрөвдүгээр сарын 12, 13-ныг хүмүүс санаж байгаа байх. Тэр үед МАХН- ыг байгуулсан, хуучны МАХН- ын дарга, төрийн гурван өндөрлөгт ажиллаж байсан Н.Энхбаяр даргыг бусармаг аргаар баривчилсан.
Монголд дарангуйлагч нийгэм тогтоож болохгүй. Хоёр залуу өөд өөдөөсөө буу гаргаж, цонхыг нь хагалж, баривчилж байгаа бүхнийг харах амар байгаагүй. Ямар нийгэмд амьдраад байна вэ гэж бодсон. Зөвхөн Н.Энхбаяр гэлтгүйгээр ер нь юу болоод байна вэ гэж нийгэм тэр чигтээ түгшсэн.
Тэр хүнийг өмгөөлж хамгаалах хүн байхгүй, шорон руу ачаад явчихсан, нам нь хэцүүхэн нөхцөлд үлдсэн. Тэгээд ч хоёр намын хооронд тодорхой хэмжээнд зөрчилтэй зүйл үүссэн үед МАН-аас гарч МАХН-д очсон нь үнэн. Гэхдээ МАН-ынхаа хэнтэй ч ямар нэгэн байдлаар муудалцаагүй. Хэн нэгэн нь намайг яв гэж хөөгөөгүй.
-Эргээд намын гишүүнчлэлээ яагаад сэргээсэн юм бэ?
Миний хувьд МА'Н, МАХН гэсэн хоёр нам байх шаардлагагүй гэж үздэг. Хэдийгээр тийм сонголт хийсэн ч гэлээ 2012 оноос хойш хоёр намыг нэгтгэх, МАН, МАХН хоёр бол үсэрсэн цус, тасарсан мах шүү гэдгийг олон удаа хэлсээр ирсэн. Зөвхөн яриад суух биш хамтрах эхлэлийг тавих гэж зүтгэснийг ч хүмүүс мэдэж байгаа байх.
МАХН-ын дарга Н.Энхбаяр шорон оронд ороод, дараа нь Солонгост байх хугацаанд МАХН-ыг гурван жил гаруйн хугацаанд удирдалцаж явсан хүний нэг нь би. МАН, МАХН хамтарч ажиллах талаар багагүй хугацаа зарцуулсан. 2015 оны арваннэгдүгээр сарын 26-нд Тусгаар тогтнолын өдрийг хамтарч тэмдэглэх, цагаан сарын золголтыг нийлж зохион байгуулах талаар ярилцсан ч ахиц гараагүй.
Гэвч бүтэхгүй гээд орхиогүй юм. Цаашид нэгдэж ажиллах гарцыг хайсаар 2016 оны гуравдугаар сарын 1-нд намын баярыг хамтдаа тэмдэглэж, Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Чингис хааны өлмийд мэхийн хүндэтгэл үзүүлж, Соёлын төв өргөөнд баярын арга хэмжээгээ хамтран зохион байгуулсан.
Дараа нь сонгуулиар хамтарч ажиллах ажлын хэсэг байгуулагдан хэлэлцээр хийж, санамж бичигт гарын үсэг зурцгаасан. Үүнд УИХ-ын сонгуулийн 76 мандатын 51-ийг МАН-д, 25- ыг нь МАХН-д өгөх, хамтарсан эвслийн удирдах зөвлөлийг 50:50 хувийн харьцаатай байгуулах, тэргүүнээр нь МАХН-ын дарга Н.Энхбаярыг ажиллуулах, Ерөнхий сайд, УИХ-ын даргыг сөөлжүүлэн томилох зэрэг тодорхой хэд хэдэн саналыг тохиролцсон байлаа.
Ингээд зогсохгүй аливаа хэлмэгдүүлэлтийн эсрэг хамтран тэмцэхээр санал нэгдэж ажлын хэсгийн ахлагчид санамж бичигт гарын үсэг зурсныг МАН, МАХН-ын гишүүд, дэмжигчид баяртайгаар хүлээж авсан эцсийн шийдлийг гаргах болоход дэмжээгүй. Монгол Улсын нийтлэг эрх ашгийг хүндэтгэж МАН-ын гишүүнчлэлээ сэргээсэн нь эв нэгдлийн бэлгэдэл төдийгүй цаашид/нэгдлийн үүдийг нээсэн гэж боддог.
-Таныг намаа сольсон урвагч гэж янз бүрээр л цоллосон доо?
Сүүлийн хэдэн жил янз бүрээр дуудууллаа. Төрд зүтгэх тангараг өргөж, төрийн далбаандаа мөргөсөн хүн хувийнхаа, бүлэглэлийнхээ, намынхаа эрх ашигт уягдан, явцуу хүрээнд баригдаж болохгүй гэсэн бат итгэл үнэмшилтэй. Тийм учраас Монгол гэсэн ганцхан фракцын төлөө ажилладаг.
Аливаа шийдвэрийг гаргахдаа хамгийн түрүүнд улс орон, ард түмний эрх ашигт хэрхэн нөлөөлөх, хор гэм учруулах уу гэдгийг ямагт бодолцож үздэг. Намын гишүүнчлэлээ сэргээх шийдвэрийг хувиа бодож, довоо шарлуулах гэж гаргасан юм биш ээ. Манай улс оронд засаглалын хямрал нүүрлэж, эдийн засгийн хямрал гүнзгийрч, улс төрийн намуудын хямрал гаарч байна.
Ийм үед монголчууд задрал бутралаар, тэмцэл, мөргөлдөөнөөр асуудлыг шийдэх ёсгүй. Нэгэнт л нам гэсэн бүтцээр дамжиж төрийн эрх барих үйл явцад оролцож байгаа бол улс төрийн хүчнүүд төлөвших, хүчээ зузаатгах, хэт улстөржилтөө хазаарлах, боловсон хүчний бодлогодоо томоохон өөрчлөлт хийх цаг болсон гэж боддог.
Тиймээс Монголын улс төрийн намууд үзэл баримтлал ойролцоогоороо нэгдэж, улс төрийн намуудын тухай хуульд шинэчлэл хийж, намын хатуу гишүүнчлэлгүй болгож, улстөржихөөсөө илүүтэйгээр бодлого, үйл ажиллагаагаараа өрсөлддөг болмоор байна.
Цөөхөн монголчууд бид хорь, гучин намд хуваагдаж, “оюунлаг толгойнууд’’-аа өмчилж, манайх, танайх гэж талцаж суугаад улс орноо хөгжүүлэхгүй нь ээ. 26 жил хэрэлдлээ, 26 жил улстөржлөө, 26 жил намчирхлаа, 26 жил талцлаа. Бид үүнээс юу хожив. Ижил гараанаас гарсан улс орнууд өнөөдөр хаана хүрэв. Эргэцүүлж, харьцуулж харвал бид хөгжлийн өөд дэндүү удаан мацаж байна шүү дээ.
Махатма Ганди намаа дөрвөн удаа, Черчиль намаа гурван удаа сольж байсан. Улс орныхоо эрх ашгийн төлөө л тийм зүйл хийж байсан. Би өөрийгөө манлай улстөрч гэх гээд байгаа юм биш ээ. Монголын ард түмэн намайг энэ удаагийн УИХ-ын сонгуулиар сонгохдоо эв нэгдэл, улс орны язгуур эрх ашгийн төлөө эрсдэлтэй бөгөөд зоримог, зөв алхам хийлээ гэж байсан.
Улаанбаатар хотод нэг тойргоос дөрвөн удаа сонгогдсон хүн надаас өөр хэд байдгийг мэдэхгүй юм. Монголын том эв нэгдлийн төлөө байсныг минь үнэлж надад өгсөн том шагнал, урам. Намайг ард түмэн ингэж зоригжуулж байгаа болохоор улс эх орныхоо төлөө чөмгөө дундартал ажилладаг.
-Н.Энхбаяр даргын хажууд байсан хүн бүр л зугтаах юм. Уг нь түүнийг Солонгост байх үед намынх нь ч, өөрийнх нь ч нэр хүнд өндөр байсан. Гэтэл өөрөө ирээд бүхнийг самарчихсан мэт харагдах юм?
Энэ тухай яриад яахав дээ.
-Баривчлагдах үеийн тэр шөнийг ард түмэн зурагтаар хараад л өнгөрсөн. Чухам бодит байдалд юу болж байсан юм бэ?
Эдийн засгийн хямралын үеэр дахиад дээрээс нь хар бараан зүйл яримааргүй байна. Гэхдээ асуусан учраас товчхон хариулъя. Нэг хүнийг барихын тулд цонхыг нь хагалж байгааг зурагтаар хараад Ч.Улаан гишүүн, талийгаач О.Чулуунбат хоёртой утсаар холбогдоод очихоор болсон. Өглеө хүртэл хамт байсан. Арай ч баривчлахгүй байх гэж бодож байлаа.
Маргааш нь цагдаа, хуулийнхан ирээд учир зүйг нь олох байх гэж бодож байтал өглөөний зургаан цаг өнгөрч байхад хаалга үүд хэмхэлж орж ирсэн. Бид бүгдийг босгоод гар хөлөө өргө гэж хашгирч байсан. Ч.Улаан гишүүн буйданд дарагдаад, талийгаачийн тархи хөдөлж, миний хацар хавдаад үлдсэн. Тэр бол айхтар харгис, догшин үйл ажиллагаа болсон. Дахиж хэзээ ч бүү давтагдаасай. Хуулийн дагуу баривчилж болно. Тийм сүртэй байх хэрэггүй л санагддаг.
Кинон дээр гарч байгаа юм шиг зүйл болдог юм билээ. Хаалга үүд нүдээд байхад Н.Энхбаяр дарга зурагтаар маш тайван ярилцлага өгч байсан. Өөр хүн бол сандраад буруу зөрүү үг хэлнэ дээ. Сүүлд би ярилцлагыг нь үзсэн. Ямар ч алдаагүй, яг л ярих зүйлээ ярьсан байна лээ. Н.Энхбаяр даргаас сурах зүйл их бий.
Бидний хооронд хувь хүний талаасаа ямар ч асуудал байхгүй. Улс төрийн шийдвэр гаргаад явж байгаа. Анх МАХН-д орох шийдвэрийг би өөрөө л гаргасан. Буцаад МАН-д орох шийдвэрийг бас л өөрөө гаргасан. Намайг юу ч гэж хэлж, ярьж болно. Гэхдээ миний Монголоо гэсэн сэтгэлийг юу ч өөрчилж чадахгүй ээ.